Чөлөөт бүс
Наадамчдын зам дагуух тохижилт, ногоон байгууламжийн ажилтай танилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам дагуу хийгдэж байгаа ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажилтай газар дээр нь очиж танилцлаа.
“Наадамчдын замын урд хэсгийн 6.5 км замд энэ жил Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тохижилт, ногоон байгууламж, зүлэгжүүлэлтэд 90.000 ширхэг хайлаас, 4300 ширхэг гоёлын мод, бут тарьсан. Одоо 2 га газарт зүлэгжүүлэлтийн ажил хийгдэж байна. Энэ ажил зургаадугаар сарын 25 гэхэд дуусна. Ажлыг 11 аж ахуйн нэгж хариуцан гүйцэтгэж байгаа. Хийсэн тохижилт болон ногоон байгууламжийнхаа арчилгааг аж ахуйн нэгжүүд арваннэгдүгээр сар хүртэл хариуцаад хийнэ” гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм.
Наадамчдын замын урд талд тохижилт, ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажил явагдаж байхад замын ард талд дулааны шугам сүлжээ нэрээр газар ухсан, эргээд хучилтаа хийгээгүй, орчны ногоон байгууламжийн ажлыг сүйтгэсэн байв. Уг ажилтай танилцсан Хотын захирагчийн зүгээс ажлыг гүйцэтгэж буй холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэн, орчин тойрноо бохирдуулсан ийм зүй зохисгүй ажил хийж болохгүй, энэ асуудлыг холбогдох хууль дүрмийн дагуу шийдэх шаардлагатай гэдгийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт үүрэг болгосон юм. Мөн зам дагуух ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажлыг стандартын дагуу тохижуулах, тэр орчимд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд ногоон байгууламжийн ажилд саад учруулахгүй байх, хамтарч тохижилтын ажилд оролцох шаардлага хүргүүлэх, дүүрэг, нийслэлийн холбогдох байгууллагууд хамтраад энд хяналтаа тавиад явахыг холбогдох албаныханд үүрэг чиглэл болгов.
Хотын захирагч С.Амарсайхан “Хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хот хамтраад дэмжээд явна. Харин нийгмийн хариуцлагагүй үйлдэл гаргасан, тохижилтийн ажилд саад учруулсан асуудлыг хууль дүрмийнхэн дагуу шийдэх болно” гэдгээ онцолж хэлсэн юм.Чөлөөт бүс
МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ
МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.
Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.
МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо.

Чөлөөт бүс
Домгийн “Кракен” бодит амьтнаас санаа авсан байж магадгүй...
Одоогоос олон арван сая жилийн өмнө дэлхийн далай тэнгист үлэг гүрвэлийн үеийн аварга махчин амьтад ноёрхож байсан гэж үздэг. Харин шинэ судалгаагаар тухайн үеийн далайн экосистемд аварга наймаалж төст амьтад ч томоохон махчны байр суурь эзэлж байсан байж магадгүй гэж үзжээ.
Японы Хоккайдогийн их сургуулийн судлаачид Япон болон Канадын Ванкувер арлаас олдсон толгой хөлтөн амьтдын чулуужсан хошуу, эрүүний үлдэгдлийг шинжилсэн байна. Судалгаагаар Nanaimoteuthis төрөлд хамаарах хоёр зүйл Цэрдийн галавын үед амьдарч байсан бөгөөд зарим нь 19 метр хүртэл урт биетэй байсан байж болзошгүй гэж тооцоолжээ.
Эдгээр амьтад нь орчин үеийн наймаалж, далайн амьтдын адил зөөлөн биетэй байсан тул бүтэн биеэрээ чулуужиж үлдэх нь ховор. Тиймээс судлаачид хошуу, эрүүний хатуу хэсгийг ашиглан хэмжээ, идэш тэжээл, амьдралын хэв маягийг нь сэргээн тооцсон байна. Олдвор дээрх элэгдэл, гэмтлийн ул мөр нь тэд хатуу хуяг, яслаг бүтэцтэй олзыг бутлах чадвартай байсан байж болохыг харуулжээ.
Судлаачдын үзэж буйгаар эдгээр аварга толгой хөлтөн амьтад тухайн үеийн далайн мөлхөгчид болох мозазавр, плезиозавр зэрэг том махчидтай нэг экосистемд амьдарч, зарим тохиолдолд дээд түвшний махчны үүрэг гүйцэтгэж байсан байж магадгүй юм.
Гэхдээ эрдэмтэд үүнийг домгийн “Кракен” үнэхээр байсан гэсэн утгаар бус, харин түүнтэй зүйрлэмээр хэмжээтэй, хүчирхэг эртний толгой хөлтөн амьтад байсан байж болохыг харуулсан шинжлэх ухааны шинэ тайлбар гэж үзэж байна.
Чөлөөт бүс
Муур өндрөөс бүрэн аюулгүй унаж чаддаг уу?
Муур өндөр газраас унаад зүгээр босоод явчихдаг бичлэг, түүхүүдийг бид олонтаа хардаг. Тэгэхээр муур үнэхээр ямар ч өндрөөс унасан гэмтэхгүй гэсэн үг үү гэдэг асуулт гарч ирнэ.
Үнэндээ муур бусад амьтдаас илүү “унаж чаддаг” нь үнэн. Тэдэнд төрмөл нэг онцгой чадвар бий. Унах үедээ агаарт биеэ эргүүлж, дөрвөн хөл дээрээ буухыг хичээдэг. Үүнийг шинжлэх ухаанд Righting reflex гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, муур унаж байхдаа “өөрийгөө засаж” чаддаг гэсэн үг.
Мөн муурын биеийн бүтэц нь уналтыг даахад тусалдаг. Нуруу нь маш уян, хөл нь доргилтыг шингээх чадвартай. Унахдаа хөл, биеэ дэлгэж, агаарт хурд сааруулдаг нь нэг төрлийн “байгалийн шүхэр” мэт үйлчилдэг аж.
Сонирхолтой нь, унах өндөр хүртэл нөлөөтэй. Хэт нам өндрөөс унахад муур биеэ зөв эргүүлж амжихгүй байж болно. Харин арай өндөр зайд унах үедээ зөв байрлалаа олж амжих магадлал нэмэгддэг гэж судлаачид тайлбарладаг. Гэхдээ энэ нь “өндөр байх тусмаа аюулгүй” гэсэн үг огт биш.
Муур ямар ч тохиолдолд гэмтэх эрсдэлтэй хэвээр. Яс хугарах, дотор эрхтэн гэмтэх, хүнд тохиолдолд амь насанд аюул учрах ч боломжтой. Тиймээс “муур есөн амьтай” гэдэг нь бодит биш, харин зүйрлэл төдий ойлголт юм.
Эцэст нь хэлэхэд, муур унахдаа амьд үлдэх чадвар өндөр боловч бүрэн аюулгүй биш. Тиймээс гэрийн тэжээвэр муураа цонх, тагт зэрэг өндөр газраас хамгаалах нь эзний хамгийн чухал үүрэг хэвээр байна.
-
Дэлхий нийтээр..2024/10/08
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчи...
-
Үйл явдал2022/03/28
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Дэлхий нийтээр..2023/04/21
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн гишүүд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн ...
-
Чөлөөт бүс2019/08/27
Агаарын шоу үзүүлэх Су-30СМ сөнөөгч онгоцнууд газардлаа
