Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна
Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээний нээлт 2022 оны 8 дугаар сарын 6-ны өдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид,
Хүндэт зочид оо,
Монгол үндэстний бахархал, дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Тэртээ 860 жилийн өмнө Эзэн Богд Чингис хаан хүмүүн заяаг олон мэндэлж, тархай бутархай овог аймгуудыг нэгэн тугийн доор нэгтгэн, нүүдэлчийн соёл иргэншлийг цогцлоож, дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг эзэнт гүрний нэгийг байгуулсан түүхтэй билээ.
Чингис хааны баримталж байсан үзэл санаа, өрнүүлж байсан үйл хэрэг нь хүн төрөлхтний хөгжлийг сааруулж байсан зөрчил тэмцэл, дайн тулааныг эцэслэж, өрнө дорныг төвшитгөн “Монголын их амар амгалан”-г тогтоож, дэлхийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан билээ.
Монгол судлалын үе үеийн эрдэмтэн судлаачид Та бүхний нөр их хөдөлмөр бүтээлийн үр дүнд, Эзэн Богд Чингис хаан болон түүний залгамжлагчид соёл иргэншлийг байгуулагчид, соён гэгээрлийг түгээгчид, амар амгаланг тогтоогчид, хөгжил дэвшлийг түүчээлэгчид байсан гэдэг нь улам бүр тодорхой болсоор байна.
Энэхүү үйл хэрэгт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн эрдэмтэн мэргэд Та бүхэн Монголын түүх, соёлыг тал бүрээс нь сурвалжлан судалж, дэлхий нийтэд үнэн бодитоор сурталчлан таниулж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.
Монгол төрийн бодлогын цөмд Монгол судлал чухал байр суурь эзэлж ирсэн билээ. Монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон Чингис хаан судлалыг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд, Монгол Улсын төрөөс Чингис хааны өв соёлын бие даасан судалгааны хүрээлэн байгуулсан бөгөөд Чингис хаан музей тун удахгүй үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг идэвхжүүлэн дэмжих, олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах, ном бүтээл хэвлэн нийтлүүлэх, Чингис хааны өв соёлыг сурталчлан таниулах үйл хэргийг дэмжин ажиллахаар тусгасан юм.
Ийм учраас энэхүү хурлаар Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулж, “Чингис хаан судлалын олон улсын хурал”-ыг гурван жил тутамд нэг удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахыг санал болгож байна.
Түүнчлэн, цаашид дэлхийн улс орнуудын номын сан, музей, архив, хувь хүмүүсийн цуглуулгад буй Чингис хаан болон түүний залгамжлагчдын түүхэнд холбогдох эд өлгийн болон оюуны соёлын зүйлсийг сурвалжлан цуглуулах, судлан шинжлэх, сурталчлан таниулах, хамтын бүтээл туурвих, чухал ном бүтээлийг орчуулах зэрэг ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж, Та бүхэнтэй нягт хамтран ажиллахаа илэрхийлж байна.
Чингис хаан бол дэлхийн түүхэнд монгол хүн, монгол үндэстнийг мөнхлөн дархалж, тусгаар Монгол Улсын оршихуйг тамгалсан гавьяатан билээ.
Бидний монголчууд, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчид Эзэн богд Чингис хааныхаа суу алдар, түүх намтар, үзэл санаа, үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлэх, монголчуудын төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх бодлогыг баримталж ирсний дагуу, сүүлийн жилүүдэд их хааны шүтээн Бурхан Халдун хайрхныг дэлхийн соёлын өвд бүртгүүлж, Төрийн ордон, төрийн болон орон нутгийн бүх шатны байгууллага, хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, сургалтын байгууллага, монгол хүн, айл өрх бүр Чингис хааны эш хөргийг дээдлэн залах Ерөнхийлөгчийн зарлиг гарч, хэрэгжиж эхэлсэн бөгөөд их хааны төрсөн нутагт аялал жуулчлалын томоохон төв байгуулахаар төлөвлөж байна.

Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд ээ,
Чингис хаан болон түүний үйл хэргийг хэдий чинээ олон улсын эрдэмтэн судлаачид сонирхон судална, төдий чинээ монголчууд бидний түүх дэлхий дахинаа танигдан тодрох учиртай.
Эзэн Богд Чингис хааны дэлхий дахинд үлдээсэн агуу их өв, олон зуун жил дамжин үргэлжилсэн түүхэн үйл хэргийн талаарх судалгааг нэгэн шатаар ахиулахад энэ удаагийн олон улсын хурал үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.
Чингис хааны суу алдрыг мөнхжүүлж, Монгол судлалыг дэлхий нийтэд хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Та бүхний эрдэм судлалын ажилд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!
Эрхэм хүндэт Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Эзэн Чингис хааны суу алдар, сүр хүч үеийн үед даян дэлхийд мандан дуурсагдах болтугай.”
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2022/02/28
“Эрдэнэт Медипас” эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ
-
Дэлхий нийтээр..2022/04/20
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Үйл явдал2021/12/09
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2022/12/26
“Харшийн сүлд модны наадам”-д 700 гаруй хүүхэд багачууд оролцлоо
