Дэлхий нийтээр..
Нийслэлийн Засаг дарга Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзлаа.
Уулзалтад Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяши Мотоо тэргүүтэй Японы парламентын төлөөлөгчид, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироки нарын хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм.
Харин Монголын талаас УИХ-ын гишүүн П.Анужин, Ерөнхий сайдын зөвлөх Б.Баярсайхан, Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр нарын төлөөлөгчид байлцлаа.

Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяши Мотоо:
-Миний бие Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай хэдийнээс сайхан харилцаатай байж ирсэн. Хоёр улсын хувьд 50 жилийн түүх бүхий найрсаг харилцаатай. Өнгөрсөн 50 жилийн үндэс суурийг нь бэхжүүлсэн хамтын ажиллагаа, найрсаг харилцаагаа дараагийн 50 жилд хэрхэн улам бэхжүүлж, өргөн хүрээнд хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлсон чухал ач холбогдолтой уулзалт байлаа хэмээсэн юм.

Мөн Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Шимомүра Хакүбүн:
-Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа тухай сонслоо. Японд Үндсэн хуулиар Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь Парламентын гишүүн байхыг зөвшөөрдөг. Харин Монгол Улсад Засгийн газрын 17 гишүүнтэй байлаа гэж бодоход түүний дөрөв нь УИХ-ын гишүүн байхыг зөвшөөрдөг юм байна. Ийм бага харьцаатай байхаар Засгийн газар болон УИХ хоорондын харилцан ойлголцол жаахан түвэгтэй болж, бодлогын уялдаа холбоонд бэрхшээл үүсэхийг үгүйсгэхгүй. Манай улсын хувьд Засгийн газрын бүх гишүүн давхар Парламентын гишүүн байдаг. Япон улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаагүй. Харин Монгол Улсын хувьд Үндсэн хуульдаа хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Япон улсын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтөд танай улсаас сурах зүйл байна хэмээн тодотголоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын 30 орчим жилийн түүхэнд Япон улсын хөрөнгө оруулалтаар буй болсон бүтээн байгуулалтууд нь өнгө үзэмж, чанар чансааны хувьд дээд зэрэглэлийнх төдийгүй япон стандарт хэчнээн гайхалтай байдгийг бид бүхэнд бэлхнээ харуулсан. Хамгийн сүүлд өргөн далайцтай өрнөсөн бүтээн байгуулалтад Чингис хаан олон улсын нисэх буудлыг дурдаж болох юм. Манай хотын нүүр царайг чимж, хүч чадлыг илэрхийлсэн олон бүтээн байгуулалт бий. Цаашдаа дэд бүтэц, санхүү, цахим хөгжлийн салбарт тус улсын хөрөнгө оруулалтыг татах, томоохон төсөл хөтөлбөрт хамтран оролцох талаар ярилцаж байна.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Японы парламентын 12 гишүүн, 86 удирдах албан тушаалтан багтсан өргөн бүрэлдэхүүнтэй баг манай улсад хүрэлцэн ирлээ. Цаашид манай хоёр улсын харилцаа улам нягтарч, бид Японы хөгжилд хүрэхийн төлөө ажиллах ёстой гэдгийг харуулж байна. Энэ удаагийн уулзалт нь хоёр хотын төдийгүй хоёр улсын эрх барих дээд байгууллагын дараагийн 50 жилийн хамтын ажиллагааны эхлэл боллоо” хэмээн өгүүлсэн юм.
Уулзалтын үеэр Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарыг одоогоос хэдэн жилийн өмнө УИХ дахь Монгол Японы парламентын бүлгийн даргаар амжилттай сайн ажилласныг дурсан өгүүлж байлаа.



Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Хэн юу хэлэв...2022/04/14
УИХ-ын дарга Г.Занданшатар үнэ бууруулах асуудлаар үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид...
-
Үйл явдал2023/10/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Эрч хүч ихсэнэ
-
Дэлхий нийтээр..2022/04/08
Явган хүний зам хааж татсан шугам хоолойг авч, зөрчлийг арилгуулжээ
-
Дэлхий нийтээр..2023/01/18
Зөвлөлдөх санал асуулгын асуултыг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж...
