Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан-ыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтын үр дүнд жилээс жилд өргөжин бэхжиж, нийгэм, эдийн засгийн олон чухал салбарыг хамран өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд хууль тогтоох дээд байгууллага болох парламентын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүслээ.
Тэрбээр, ирэх 2024 онд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохионо. Хоёр улсын улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурласан Монгол, Вьетнамын уламжлалт хамтын ажиллагааг цаашид эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан нэмэгдүүлэх, тээврийн нөхцөлийг сайжруулах болон бусад бүх салбарт өргөжүүлэх чиглэлээр хоёр тал цаашид хамтран ажиллах нь чухал байгааг тэмдэглэсэн юм.
БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ-гийн халуун дотно мэндчилгээг УИХ-ын даргад уламжлаад найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлсэн юм. Тэрбээр Вьетнам, Монголын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 18 дугаар хуралдааны талаар мэдээлж, цаашид хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлж, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, зам тээвэр, боловсрол, соёлын зэрэг нийгэм эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдаанаар манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахуйц зорилт дэвшүүлсэн шийдвэрүүд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Сайд Ле Минь Хоан-ы Монгол Улсад хийж буй ажлын айлчлалд амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлхий нийтээр..
ФИФА кибер халдлагад өртөж, мэдээлэл алдагджээ
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) кибер халдлагад өртөж, хувь хүний болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн болохыг арваннэгдүгээр сарын 26-нд мэдэгдлээ. Тус холбоо хууль сахиулах болон бусад эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.
Халдлага хэзээ болсон, хэдэн хүн, байгууллага өртсөн, яг ямар мэдээлэл алдагдсаныг ФИФА дэлгээгүй байна. Мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн эсэхийг ч тодруулаагүй.
Хэргийн талаар мэдээлэлтэй эх сурвалжийн хэлснээр халдлагад ФИФА-гийн хадгалж буй нийт өгөгдлийн 0.1 хүрэхгүй хувь өртжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг арга хэмжээг хариуцах нэгж байгуулж, хувь эзэмшлийг нь хувийн хөрөнгө оруулагчдад худалдах тухай зогсоосон төслийн баримтад халдагчид нэвтрээгүй гэж уг эх сурвалж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Өмнөд Солонгосын төв банк үнийн өсөлтийг сааруулахаар бодлогын хүүгээ нэмлээ
Өмнөд Солонгосын төв банк арваннэгдүгээр сарын 26-нд бодлогын хүүгээ 3 хувиас 3.25 хувь болгож нэмлээ. Тус улсад аравдугаар сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар өсөж, төв банкны 2 хувийн зорилтоос давжээ. Энэ нь тус банк долоодугаар сараас хойш бодлогын хүүгээ гурав дахь удаагаа нэмсэн шийдвэр юм.
Төв банк эдийн засгийн өсөлтийн төсөөллөө мөн дээшлүүлэв. Өмнөд Солонгосын эдийн засаг 2026 онд 3.9 хувь, 2027 онд 4.1 хувиар өснө гэж тооцжээ. Наймдугаар сард энэ хоёр үзүүлэлтийг 3.3 болон 2.9 хувь байхаар төсөөлж байсан юм. Хиймэл оюуны салбарт ашигладаг чипийн эрэлт нэмэгдэж, хагас дамжуулагчийн экспорт өссөн нь төсөөллөө нэмэх гол үндэслэл болжээ.
Экспорт өсөж байгаа ч эрчим хүчний өндөр үнэ инфляцыг зорилтот түвшнээс дээгүүр байлгах төлөвтэй байна. Төв банк 2027 оны инфляцын төсөөллөө 2.3 хувиас 2.4 хувь болгон нэмэгдүүлжээ. Мөн Сөүл болон нийслэл орчмын бүсэд орон сууцны үнэ өсөж байгаа нь өрхийн өрийг цааш нэмэгдүүлж болзошгүйг анхааруулсан байна.
Дэлхий нийтээр..
Йордан терроризмтой холбоотой гэмт хэргийн ялыг чангатгахаар хэлэлцэж байна
Йорданы парламентын доод танхим терроризмтой тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг арваннэгдүгээр сарын 25-нд Хууль зүйн байнгын хороонд шилжүүлжээ. Тус улсын өмнөд хэсгийн Карак мужид сүмд халдаж, есөн хүний амь хохирсны дараа уг төслийг хэлэлцэж байна.
Засгийн газрын дэмжсэн төслөөр терроризмтой холбоотой гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг 10 жил, зарим тохиолдолд 15 жил болгохоор тусгажээ. Хамгийн хүнд гэмт хэрэгт цаазаар авах ялыг хэвээр үлдээнэ. Байнгын хороо төслийг хянасны дараа доод танхим дахин хэлэлцэж, санал хураана. Дэмжвэл Сенатад шилжүүлж, Сенат баталсан тохиолдолд хаанаар батламжлуулах юм.
Аравдугаар сарын 23-нд Карак мужийн Хамуд тосгоны Грекийн үнэн алдартны сүмд оршуулгын ёслол болж байх үеэр халдлага гарчээ. Йорданы Улсын аюулгүй байдлын шүүх уг хэрэгт гурван хүнд цаазаар авах ял оноосон байна.
Доод танхимын тэргүүн дэд дарга Аятолла Фрейхат төслийн зарим заалтыг шүүмжилжээ. Тэрбээр "нийтийн хэв журам алдагдуулах", "нийтийн ашиг сонирхолд хохирол учруулах" гэх өргөн утгатай хэллэгийг терроризмын тодорхойлолтод ашиглавал үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй гэж үзсэн байна.
-
Дэлхий нийтээр..2023/09/28
УИХ-ын Тамгын газрын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
-
Хэн юу хэлэв...2024/05/10
Б.Ганбат: Технологийн дагуу өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бү...
-
Чөлөөт бүс2022/08/09
50 жилийн дараах “Зуурдын сэтгэл”
-
Үйл явдал2026/06/24
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
