Дэлхий нийтээр..
Агуулахад хадгалж буй болон үйлдвэрлэсэн шахмал түлшний чанарт тогтмол шинжилгээ хийж байна
Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсоор дөрөв дэх өвөлтэй золгох гэж байна.
Намрын сэрүүн орж, нийслэлчүүд галлаж эхлэхээс урьтан нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдрөөс сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг ажиллуулж эхэлсэн. Энэ жил нийслэлийн хэмжээнд шахмал түлш борлуулах 670 цэг ажиллуулахаас одоогийн байдлаар 400 нь борлуулалтаа эхлүүлээд байгаа юм.

Нийслэлийн тухайд сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/ асуудлыг хариуцдаг бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас түлшний чанарыг орхигдуулалгүй, долоо хоног тутамд хяналт тавьж ажиллаж байгааг тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Даваасүрэн тодотгож байлаа. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Манай мэргэжлийн хяналтын байгууллага “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй болон агуулахад хадгалж байгаа түлшний чанарт байнгын хяналт тавин ажиллаж байна. Нийт 32 агуулах болоод үйлдвэрүүдээс гарч буй бүтээгдэхүүний дээж авч шинжилсэн.
2022 оны 4-9 дүгээр саруудад үйлдвэрлэн хадгалж буй түлшнээс дээж авч шинжлээд байна. Стандартад дурдсанаар сайжруулсан шахмал түлшний чийглэг зургаан хувиас ихгүй, илчлэг 4800 ккал-аас өндөр, бат бөхийн чанар 80 хувиас дээш байх учиртай. Тэгвэл 4-7 дугаар сард баруун үйлдвэрт үйлдвэрлэж агуулахад шилжүүлсэн түлшний чийглэг 1.1-2 хувь, илчлэг 6000-6400 ккал, бат бөхийн чанар 93-98 хувьтай байгаа нь маш сайн үзүүлэлт юм. Баруун үйлдвэрийн нэгдүгээр үйлдвэрийн 1,2,3 дугаар шугамаас дээж авч шинжлэхэд нэгдүгээр шугамын чийглэг 3.4-6.8 хувьтай гарсан. Ийнхүү чийглэг өндөр байгаа нь утаа үүсэх эрсдэлтэйг сануулсан.
Зүүн үйлдвэрийн тухайд чийглэг 1.3-2 хувьтай, илчлэг 6200-6300 ккал, бат бэхийн чанар 92-98 хувьтай сайн чанарын түлш үйлдвэрлэж байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон. Зүүн үйлдвэрийн хоёрдугаар шугамаас гарч буй түлшийг байгалийн 60 цагийн хатаалгад оруулсан. Тэндээс авсан шинжилгээгээр чийглэг бага гарсан ч бат бэх чанар нь 85 хувьтай гарсан. Тиймээс байгалийн хатаалт тийм ч оновчтой биш гэж үзэж байна” гэсэн юм.

“Таван толгой түлш” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Г.Ундармаа:
-Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 71, Сүхбаатар дүүрэгт 44, Баянзүрх дүүрэгт 100, Сонгинохайрхан дүүрэгт 146, Хан-Уул дүүрэгт 41, Баянгол дүүрэгт 22, Налайх дүүрэгт 26 цэг нийт 450 цэг үйл ажиллагаагаа эхлээд байна. Нийтдээ цэгүүдэд 1676.7 тонн түлш нөөц бий. Өдөр тутамд түлшний захиалга авч байгаа. Өдрийн захиалга 1600 орчим тонн буюу одоохондоо бага хэмжээний захиалгатай байна. Баруун, зүүн үйлдвэр нийлээд өдөрт 1900 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Одоогоор нөөцөлсөн түлшний хэмжээ 110 553 тонн, мидлинг 227 681 тонн, барьцалдуулагч 2059 тонн, 1 204 691 ширхэг шуудай нөөцлөөд байна. Налайх дүүргийн 7000 гаруй өрхийн 4000 гаруйд нь хэрэглэгчийн карт тараагаад байна гэлээ.
Энэ жилээс агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг багтаасан. Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд Налайх дүүрэгт ажиллаж, айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл, заавар хүргэжээ. Түүнчлэн шахмал түлшний түүхий эд болох мидлинг, барьцалдуулагчид сар тутамд шинжилгээ хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар түлшний чанар стандарт хангагдаж байгааг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас онцолж байлаа.


Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2022/09/27
Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт ирэх сард бэлэн болно
-
Үйл явдал2023/11/24
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Дэлхий нийтээр..2021/12/21
Иргэдийн анхааралд!
-
Дэлхий нийтээр..2023/09/01
Үерийн эрсдэлтэй бүс дэх барилга байгууламжуудыг албадан буулгаж эхэллээ
