Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
Аргын тооллын есдүгээр сарын 29. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 4. Бархасвадь гараг. Хонгорцог одтой, нэг цагаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр.
Өдрийн наран 6 цаг 48 минутад мандан, 18 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, монрь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна хэмээжээ.
Өнөөдөр
Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс скүүтэр, мопедыг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлэх зохицуулалт хийхээ мэдэгдсэн билээ.
Тэгвэл дахин сурронтой холбоотой уриалгыг гаргалаа.
Учир нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд өнгөрсөн 2025 онд суррон ангиллын тээврийн хэрэгсэлтэй зам, тээврийн осолд 2820 хүн холбогдсоноос 1953 нь эрэгтэй, 867 нь эмэгтэй байна.
Харин амиа алдсан 5 тохиолдол бүртгэгдсэнээс 4 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй байна.
Дээрх ослын ихэнх хувь Улаанбаатар хотод бүртгэгдээд байна.
Иймд НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдээ суррон унуулахгүй, худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа.
Ингэснээр эцэг, эхчүүд үр хүүхдээ зам тээврийн ослоос хамгаалаад зогсохгүй осол аваар гаргаж бусдад гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлж чадна гэдгийг онцоллоо гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Өнөөдөр
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2026 оны гуравдугаар сарын 6-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 10-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарах боловч 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: Гуравдугаар сарын 09, 10-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд Халх голын сав газар, Алтайн уулархаг нутгаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 12-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 13-нд тал, хээрийн нутгаар, 14-нд Алтайн уулархаг нутгаар, 15-нд нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна.
Агаарын температур: Гуравдугаар сарын 06-10-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-15-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Гуравдугаар сарын 12-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 12-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Гуравдугаар сарын 6-11-ний хооронд өдөртөө дулаарч, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-24 хэм, бусад хэсгээр 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 12-15-нд хүйтэрч, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-32 хэм, бусад хэсгээр 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Өнөөдөр
Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүүлэлтийг тодорхойллоо
Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэлийн тогтоож, үр дүн, түүнд хүрэх арга замуудыг үндэсний болон салбарын хэмжээнд, мөн төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийн хүрээнд, төсөл хөтөлбөр тус бүрийн тухайд нэг бүрчлэн тодорхойлсон байна.
Таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх, ахиц дэвшлийг хянах, үр дүнг үнэлэх, түүнд чиглүүлэх зорилгоор шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшнийг тогтоож өгчээ.
Мөн төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний бодлого, тогтолцоонд дүн шинжилгээ хийж, боловсронгуй болгох талаар санал боловсруулж, танилцуулахыг даалгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
