Дэлхий нийтээр..
Тохижилтын ажил хойшилсны улмаас 200 сая орчим төгрөгийн алдагдалд оржээ
Дугуй цагаан орчмын тохижилтын ажлын явц, төсвийн талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат мэдээллээ.

Тэрбээр "Дугуй цагаан орчмын тохижилтыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа. Тохижилтын ажил аравдугаар сарын 15-нд бүрэн дуусах ёстой байсан. Гэсэн ч тус ажил бараг сарын хоцрогдолтой явж байна. Үүнээс шалтгаалан эдийн засаг, инфляцын өсөлттэй холбогдуулан урьдчилсан байдлаар 200 орчим сая төгрөгийн алдагдалд орж, энэ хэмжээгээр нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай боллоо. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, ажиллах хүчний асуудал зэрэг наад захын зардлууд өсөлттэй байна. Богино хугацаанд тохижилтын ажлыг дуусгаж, зохион байгуулалттай ажиллах үүргийг Хотын дарга өгсөн. Тус аж ахуйн нэгж машин, техник хэрэгсэл оруулахгүй байгаа. Энэ байдал үргэлжилбэл хот төсвийн алдагдалд орох, тохижилтын ажлын төсөв нэмэгдэх асуудал үүсээд байна. Тохижилт одоогийн байдлаар 90 хувьтай байгаа. Ариун цэврийн өрөө, тусгай харуул хамгаалалт, кофе шопын байгууламжийн ажил 70 хувьтай үргэлжилж байна. Хот тохижилтын газраас Дугуй цагаан, Бага тэнгэрийн ам, Богд хааны музейн урд талын тохижилтыг гүйцэтгэж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгасан. Гарааш буулгасан байршилд мөн тохижилтын ажлуудыг гүйцэтгэж байна. Түүнчлэн гэр хорооллын дундах бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа" гэлээ.
Тохижилтын ажлын гүйцэтгэгч “Цагаантолгойн нуур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батцэнгэл “Дугуй цагаан орчмын тохижилтын ажил наадмаас өмнө эхэлсэн. Хүйтрэхээс өмнө ажлаа 100 хувь дуусгах төлөвлөгөөтэй ажилласан боловч нэвтрэх хаалганд “Энигма” ХХК-ийн зүгээс машин техник оруулахгүй, ажил зогсонги байдалтай байна” хэмээв.

Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын замын тохижилтын ажлын хүрээнд нийт 2.7 га талбайд 4047 ам метр явган зам, 7950 ам метр ногоон байгууламж, 24 хогийн сав, 48 гэрэлтүүлэг, 17 хүүхдийн тоглоом суурилуулах ажил хийж гүйцэтгэж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
