Тод мэдээ
Туул, Сэлбэ гол орчмыг тохижуулахад БНСУ-ын туршлагыг судлан, хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр БНСУ-ын Инженерийн барилга байгууламж, технологийн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн Сэмхи Ли, Усны чиглэлийн инженер, Гачон их сургуулийн профессор Чой Жон Гуан болон Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн хариуцагч Б.Цэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн талаар хэлэлцэж, Сөүл хотод хэрэгжсэн ижил төстэй төслүүд болон БНСУ-ын туршлагын талаар мэдээлэл солилцсон юм.

Хотын дарга “Монгол Улсын эрс тэс уур амьсгалд тохирсон төлөвлөлт, бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Туул, Сэлбэ голыг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулж, урсцыг сайжруулснаар Улаанбаатар хотын уур амьсгалыг зөөллөх, чийгшлийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээлээ.

Тус төсөлд БНСУ-ын мэргэжилтнүүд хамтран ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, тус улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд хамтран ажиллана гэдгээ онцлов. Мөн нийслэлийн зүгээс бүх талаар дэмжинэ гэдгээ Хотын дарга илэрхийлсэн юм.

Тод мэдээ
Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Завхан аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 6.0 сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоо гарсан бөгөөд 3 аймгийн 12 сумын нутагт 30 өрхийн 13.4 мянган мал оторлож байна. Аймгийн аюулгүй нөөцөд бүдүүн тэжээл 648 тн, хүчит тэжээл 367 тн тус тус бүрдүүлж, Улиастай, Шилүүстэй, Завханмандал, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс сумдад байршуулсан.
“Адапт” төслийн санхүүжилтээр Отгон, Алдархаан, Асгат, Нөмрөг, Сонгино зэрэг сумдад өвс тэжээлийн бага оврын агуулах, саравчийг барьж стандартын дагуу өвс, тэжээлийн нөөцийг хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Нийт нутгийн 97 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 2-13 см байгаа бөгөөд зудын урьдчилсан төлөвөөр 2 хувьд нэн их, 17 хувьд их буюу өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн.
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 9 бүлэг 34 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулж, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээнд нийт 468.0 сая төгрөгийг төлөвлөн, зарцуулсан байна. Энэ хүрээнд хамгийн их эрсдэлтэй Улиастай суманд тохиолдож болзошгүй обьектын гал түймэр, үер, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн хэмээн УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.
Хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх үед сум, орон нутгийн хэмжээнд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, оновчтой зохион байгуулах, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, бүсийн хэмжээннд өвс, тэжээлээр хязгаарлахгүйгээр шаардлагатай стратегийн нөөцийг бүрдүүлэх зэргээр холбогдох арга хэмжээг тухай авч хэрэгжүүлэхийг даалгалаа.
Тод мэдээ
Уртасгасан цагаар ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүд
Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа. Иймээс нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс эхлэн уртасгасан цагаар ажиллах эхэлж байгаа.
Найман дүүргийн дараах эмнэлгүүд ажлын өдөр 08:30-20:00, амралтын өдөр 11:00-18:00, бүх нийтийн амралтын өдөр 11:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай байна.

Тод мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахих үүрэг өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр 12 дугаар сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчин дэгдэлт “Өндөр эрсдэлтэй” түвшинд хүрэхээр байгааг ЭМЯ-наас танилцууллаа.
Тиймээс бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх саналыг гаргасан. Харин Боловсролын яамнаас ЭМЯ-ны гаргасан саналыг шууд хүлээн авах боломжгүй гэв.
П.Наранбаяр: 12 дугаар сарын нэгнээс сурагчдыг амрааж эхэлбэл ид хүйтний үед амралт дуусаж, хичээл цуглана. Тэр үед томуу, томуу төст өвчин дэгдвэл яах вэ? гэдэгт ЭМЯ баталгаа өгч чадахгүй байгаа юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар талуудын мэдээллийг сонсоод эхний ээлжид халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахих үүрэг өглөө. Энэ долоо хоногт урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатны байгууллага хариуцлагатай хийж, өвчлөл буурвал хичээлийг товлосон хугацаанд нь амраана. Хэрвээ буурахгүй, улам нэмэгдвэл ирэх 7 хоногоос цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо.
Хэрвээ хичээлийг цахимд шилжүүлэхээр болбол сургалтын үйл ажиллагааг тасалдалгүй, чанартай зохион байгуулахад онцгой анхаарч, үүрэн холбооны оператор компаниуд болон ЦХИХХЯ-тай хамтран ажиллахыг Боловсролын яаманд чиглэл болгов.
Г.Занданшатар, "Хамгийн чухал нь иргэдийг бухимдуулахгүй, зөв зохион байгуулалт хийж, эмнэлгийн ачааллыг яаралтай бууруулах хэрэгтэй. Цахимаар цаг авах, нээлттэй утас ажиллуулж зөвлөгөө өгөх зэргээр иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүл. Хүүхдээ үзүүлэх гэж олон цагаар дугаарлаж сууж буй асуудлыг шийдвэрлэж, үзлэгийн төв нээхийг ЭМЯ-нд онцгойлон сануулъя" гэв.
