Тод мэдээ
С.Энхболд: ЭХЭМҮТ нь олон улсын жишигт нийцсэн төрөх тасагтай боллоо

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигтээ Эх хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах зорилтод амаржих газруудад их засвар, өргөтгөл хийж эх хүүхдэд тав тухтай орчин бүрдүүлэх тухай тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд 2021-2022 онуудад энэ салбарт хөрөнгө оруулалтууд хийгдээд байна.
Тэгвэл өнөөдөр ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ-д шинээр ашиглалтад орж буй олон улсын жишигт нийцсэн төрөх тасгийн засварын нөхцөл байдал, үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ гишүүн, НББХ-ны дарга П.Анужин, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг болон бусад албаныхан очиж танилцлаа.
ЭХЭМҮТ-д ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ “Энэхүү төрөх тасагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн засвар шинэчлэлт хийгдсэнээр Монгол Улсын хамгийн том эх хүүхдийн эмнэлэг олон улсын жишигт нийцсэн төрөх тасагтай болж байгаа юм. Ерөнхий сайд биечлэн энэхүү засварын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өгөхөд дэмжлэг үзүүлсэн. Уг тасгийн их засвар, шинэчлэлтийн ажил энэ оны 04 дүгээр сараас хийгдэж эхэлсэн. ЭХЭМҮТ баригдсанаас хойших 35 жилийн хугацаанд уг тасагт нэг ч засвар, үйлчилгээ ороогүй байсан бөгөөд агааржуулалтын систем, дулааны шугам, сангийн сүлжээнд иж бүрэн шинэчлэлт хийж бүх өрөөнд хүчил төрөгчийн шугам оруулж өгсөн. Ингэснээр эх хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар сайжирч, тав тухтай орчинг бүрдүүлж өгсөн. Байгуулагдсан цагаасаа хойш их засварын ажил хийгдэж байгаагүй ЭХЭМҮТ-ийн зарим тасаг нэгж болон Өргөө амаржих газарт 1.2 тэрбум төгрөгийн их засварын ажлууд хийгдэж дууссанаас гадна 23,4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалт хийгдээд байна. Түүнчлэн ЭХЭМҮТ-д таван тасгийн иж бүрэн засвар, барилга шинэчлэлтийн ажил ид дундаа явж байна. Үүний үр дүнд хүүхдийн мэс заслын иж бүрэн автомат, бүрэн тоноглогдсон, олон улсын жишигт нийцэх тасгуудтай болох юм. Энэ жилийн хувьд ЭМЯ-аас улсын хэмжээнд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төрөх тасаг болон хүүхдийн тасгуудын орыг бүрэн шинэчлэн сольж, хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт орыг суурилуулаад байна.” гэлээ.
Мөн энэ үеэр НББХ-ын дарга П.Анужин хэлэхдээ “Төрж буй эмэгтэй хүнд төрөх тасгийн тав тух хамгийн чухал байдаг. ЭМЯ, ЭХЭМҮТ-ээс маш том ажлыг амжуулжээ. Үнэхээр хэрэгтэй ажил болсон байна. ЭХЭМҮТ-д төрөх ээжүүд гэр бүлийнхэнтэйгээ нэг өрөөнд хамт байж болохоос гадна, өрөө бүхэн стандартын ор, аавын буйдан, хүчил төрөгчийн шугам, дотуур холбоо, ариун цэврийн өрөө, тусгай шүршүүртэй гээд төрөх ээжүүд, тэдний гэр бүлийнхэнд хамгийн тав тухтай орчинг бүрдүүлж чадсан байна. Удахгүй улсын хэмжээнд Эх барих салбарын том зөвлөгөөнийг хийхээр ЭМЯ-тай ярьж байгаа. Цаашид салбарын бодлого, зөв ажлуудыг маш сайн дэмжиж явна” хэмээлээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг энэ үеэр “2021 онд ЭХЭМҮТ-д шаардлагатай засвар, үйлчилгээ хийх хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ ба Засгийн газраас шийдвэрлэж байсан. Энэ хүрээнд өнөөдөр ЭХЭМҮТ-д олон улсын стандартад нийцсэн төрөх өрөөтэй болж байна. Шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг үргэлжлүүлэн хийхэд гишүүд дэмжлэг үзүүлнэ. Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яамны зүгээс таван төрөх эмнэлгүүдэд засвар, үйлчилгээний ажлыг эхлүүлээд явж байгаа бөгөөд ирэх жилээс эдгээр төрөх эмнэлгүүд олон улсын стандартад нийцсэн өрөөтэй болно” гэдгийг онцоллоо.
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа мөн энэ үеэр “ЭХЭМҮТ нь зургаан сарын хугацаанд засвар хийж, олон улсын жишигт нийцсэн төрөх өрөөтэй боллоо. Өмнө нь нэг өрөөнд 2-3 эх төрдөг, ар гэрээсээ тусгаарлагддаг байсан бол өнөөдөр нэг өрөөнд нэг эх төрөх зориулалтаар буюу 18 өрөөнд бүрэн засвар хийж ашиглалтад оруулахад бэлэн болсон. Өрөөний сантехник, холбоо, дохиолол, дулааны шугамнаас эхлээд бүх зүйлийг орчин үеийн техник, технологийн дагуу хийж гүйцэтгэсэн. Мөн VIP хоёр өрөөг гаргаж, эхчүүд хүсвэл гэр бүлийнхээ хүнтэйгээ төрөх үйл явцад хамт байх боломжтой болсон.
Ташрамд бидний ажлыг дэмжиж ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлье.” хэмээлээ.Эхний ээлжинд VIP өрөөний төлбөрийг 60 мянган төгрөг байх тооцоолол гарсан.

ЭМЯ-аас улсын хэмжээнд төрөх эмнэлгүүдийг оношилгооны тоног төхөөрөмж болох ургийн монитор, нярайн монитор, ЭХО аппаратаар, нярайн дулаацуулах ширээ, кесераво хагалгааны иж бүрдэл, ургийн доплер, тариурын автомат шахуурга, нярайн инкубатор, 30 ширхэг Нярайн сэхээн амьдруулах ширээ, 60 ширхэг Нярайн хяналтын монитороор хангаад байна.




Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.