Хэн юу хэлэв...
Тенор
Сайн, сайхан мэдээ гэдэгт УДБЭТ-ын гоцлол дуучин, тенор хоолойт Д.Эрдэнэ-Очир уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж буй тухай зарыг хамруулж буй юм. Монгол хүн, тэр дундаа дуурийн дуучин мэргэжил эзэмшсэн залуус дуулах ур чадвар гэж юу байдгийг дэлхийн хүмүүст харуулж байх болсон энэ цаг үед Монгол минь дуучдаар баян, дуучин бүр өөр, өөрийн онцлогтой, эрдэм чадалтай гэдгийг нотлон цангинуулдаг тенор буюу эр цээл хоолойтнуудын төлөөлөл болсон эрхэм хүндэт уран бүтээлч бол Д.ЭРДЭНЭ-ОЧИР билээ.Тэрбээр даруу нэгэн. “Уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Хөтөлбөртөө ямар, ямар номер багтааж байна вэ. Хозегийн ари дуулна биз дээ” гэж асуухад “Энэ удаа Хозе байхгүй” гэв. Дуурийн театрын тайзнаа арваад жил гоцолж дуулсан тэрбээр магадгүй үзэгчид Хозегоос залхсан байх гэж бодсон байж болох юм. “Каварадосси байгаа юу” гэхэд “Байгаа” гэв. Мөн “Нэссон Дорма дуулна” гэлээ. Тийм ээ, тенор хоолойтнуудын дуулах ур чадварыг суут Ж.Пуччинийн гайхамшигт дууриудын алдартай аринуудгүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Дэлхийн дуунуудын тухай дэлхийн дуучинтай цухасхан ярьсан минь энэ. Тийм ээ, тенор Д.Эрдэнэ-Очирыг дэлхийн дуучин л гэнэ. Яагаад гэвэл тэрбээр дэлхийн дуунуудыг монгол үзэгчдэдээ дуулж өгдөг, монгол дуунуудаа гадаадын хүмүүст ч мөн дуулж өгдөг. Хил хязгаар гэж үгүй хөгжмийн, дууны хэлээр хаанахын хэнтэй ч ярьж, сэтгэлээ нээж, учир начир ярилцдаг уран бүтээлчдийн нэг.
Цухас ярилцах зуур тэрбээр “Тоглолтоо нэг их хүндрүүлэхгүй. Хөнгөхөөн явуулна” гэсэн юм. Тоглолт нь дэлхийн сонгодог бүтээлүүд, монгол дуунууд, итали дуунууд гэсэн гурван хэсгээс бүрдэж буй. Монгол дуунуудтай хэсэгтээ театрынхаа шилдэг сопрануудын нэг Ш.Наранчимэгтэй хамтрах бол итали дуунуудтай хэсэгтээ гоцлол дуучин Г.Энхнарантай хамжих аж. “Анир” поп оркестр хөгжимдөнө.
Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн шүлэг, нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын хөгжим “Орчлонд би азтай төржээ”, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын шүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөрийн хөгжим “Миний нутгийн бараа”, яруу найрагч Ц.Зоригтсайхан, Ж.Оюунцэцэг нарын үг, хөгжмийн зохиолч Л.Насанбатын хөгжим “Орчлонгийн сайхан хүүхнүүд” зэрэг дуунуудыг үзэгч, сонсогч олондоо тэрбээр зориулаахаар зэхжээ.

Мөн “La danza”, “O sole mio”, “Santa lucia”, “La spagnola” зэрэг итали дуунуудыг сонгосон байна. Тэрбээр “Хүндрүүлэхгүй ээ” гээд байсан нь учиртай аж. Уран бүтээлийн анхны бие даасан тоглолт тул нас, насны үзэгчид ирнэ хэмээн тооцоолсон ч байх. Үнэхээр л сайтар бодож хөтөлбөрөө гаргажээ гэлтэй.
Түүний "ERDENE-OCHIR Tenor" тоглолт ирэх сарын 01-ний үдэш 19.00 цагаас УДБЭТ-ын тайзнаа эхэлнэ. Их урлагийн эрхэм хүндэт үзэгчид, дуурийн урлагт дурлагсад, сайхан дуунд дуртай, сонсож жаргадаг үзэгч олонд ийм нэгэн онцгой сайхан дуучны тоглолтын талаарх мэдээллийг хүргэлээ.

УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, энэ онд Хөдөлмөрийн хүндэт медиалаар шагнуулсан тенор Д.Эрдэнэ-Очирын намтар, уран бүтээлийн амжилтаас танилцуулъя.
Тэрбээр:
2003 онд Төв аймгийн Бүрэн сумын Ж.Самбуугийн нэрэмжит 8 жилийн дунд сургууль
2005 онд Төв аймгийн Зуун мод хотын Ж.Намсрайн нэрэмжит 10 жилийн дунд сургууль
2010 онд Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан Д.Баясгалан багшийн удирдлага дор бакалавр
2013 онд МУСУИС-ийн дуурийн ухааны магистр
2014 онд ОХУ-ын Эрхүү хотод мэргэжил дээшлүүлсэн.
2012 оноос УДБЭТеатрт гоцлол дуучнаар ажиллаж байна.
Ж.Пуччини “Тоска” дуурийн Каварадосси
Ж.Бизе “Кармен” дуурийн Хозе
Ж.Верди “Аида” дуурийн Радамс
Р.Леонкавалло “Паяцы” дуурийн Канио
Г.Доницетти “Лучия ди Ламмермур” дуурийн Артур
Д.Нацагдорж “Гүнгэрийн гүнж” дуурийн Цао Цао
Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурийн Намнан, ахмад банди
Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн оточ Найдан
Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Замын тосуул, Ард өвгөн
Л.Мөрдорж Хөхөө Намжил” дуурийн Дуганч
П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн Залуу тариачин зэрэг дэлхийн болон Монголын сонгодог, сор болсон дуурийн бүтээлийн гол ба туслах дүрүүдийг амжилттайгаар бүтээж байна.
Амжилт:
2017 онд Ким Базарсадаевын 80 насны ойд зориулсан дуурийн залуу дуулаачдын олон улсын V уралдааны I байр
2017 онд Л.Л.Линховойны нэрэмжит олон улсын уралдаанд Засаг даргын нэрэмжит Гран при шагнал
2019 онд III Байкальский олон улсын уралдааны Тусгай байр
2019 онд Итали улсад Франческо Паоло Неглиагийн нэрэмжит олон улсын тэмцээний 33 дах уралдааны 3-р байр
2019 онд Итали улсын Orvietto хотод зохион байгуулагдсан Дуурийн дуулаачдын олон улсын XXIV уралдааны Тусгай байр шагнал хүртсэн.
Дахин дуулгая, тоглолт 12 дугаар сарын 1-ний үдэш болно.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
-
Үйл явдал2022/04/18
Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
-
Тод зураг2020/04/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2022/08/05
Боловсролын салбар дахь авлигын асуудлаар гомдол, мэдээллээ 110 тусгай дугаарын ...
-
Дэлхий нийтээр..2022/02/23
Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, үнэ тариф
