Дэлхий нийтээр..
Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах түр хорооны сонсголын тов тогтоож, гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг баталлаа
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, нотлох баримтыг шинжлэх нийтийн сонсголын товыг тогтоох, гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг батлах зэрэг таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хянан шалгах түр хороо нь УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу нотлох баримтыг холбогдох байгууллага, хувь хүн, хуулийн этгээдээс шаардан гаргуулахын зэрэгцээ хянан шалгагч, шинжээч томилж дүн шинжилгээ хийх, нийтийн сонсголоор шинжлэн судалж, үнэлэх, гэрчээр дуудаж мэдүүлэг авах, асуулт тавих бүрэн эрхтэй. Энэхүү эрхийнхээ хүрээнд түр хорооны сонсголыг 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд, хоёрдугаар сарын 6-10-нд, гуравдугаар сарын 13-17-нд буюу гурван үе шаттайгаар явуулахаар тогтлоо.
Товыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, сонсголыг улирал дамнуулахгүйгээр шуурхай зохион байгуулах боломж байгаа эсэх, улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн халхавчин дор Хөгжлийн банкнаас анхнаасаа буцааж төлөхгүй гэсэн бодолтойгоор зээл авсан хүмүүсийн өр зээлийг буцааж төлүүлэх талаар хэрхэн ажилласан талаар асуулаа. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, хяналт шалгалтын ажлын цар хүрээ асар өргөн байгааг тайлбарлаж, одоогоор 1.0 сая гаруй гүйлгээг шалгаад байна гэлээ. Цаана нь ч шалгах шаардлагатай гүйлгээ олон байгаа юм. Тийм учраас бүлэглэж, сонсголыг гурван үе шатанд хуваасан байна. Эхний үе шатанд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсоно.
Хоёр дахь үе шатанд тус банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож, банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын өгсөн дүгнэлт зөвлөмж, үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, холбогдох гэрчээс мэдүүлэг авах юм. Харин гурав дахь үе шатанд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнтэй танилцаж, шаардлагатай гэрчийн мэдүүлэг авахын зэрэгцээ тус банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээлэл сонсож, нээлттэй сонсголын үр дүнг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төслийг сонсоно. Үндсэндээ Хянан шалгах түр хорооны сонсголоор Хөгжлийн банкны бүхий л үйл ажиллагааг тэгээс нь эхлээд адаг хүртэл нь ярих боломж гарна гэж Б.Энхбаяр дарга тайлбарлалаа. Ийм хэмжээний хянан шалгалт урьд өмнө Хөгжлийн банканд огт хийгдэж байгаагүй. Тодруулбал, тус банкны зээл, гүйлгээ бүрийг шалгаж, тухайн хөрөнгө зориулалтын дагуу зарцуулагдсан эсэхийг нэг бүрчлэн шалгаж буй юм хэмээн тэрбээр ярив.
Хянан шалгах түр хорооны сонсголын товыг тогтоохтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Доржханд, Д.Ганбат, Ж.Батсуурь нар санал хэллээ. Өнөөдрийн байдлаар, УИХ-ын гурван хянан шалгах түр хороо байгуулагдаад байгаа бөгөөд анхных нь Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах түр хороо юм. Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу нотлох баримтыг шинжлэх нийтийн сонсголыг холбогдох гэрчүүдийн бүрэн ирцтэйгээр, ард түмний итгэлийг алдахгүй амжилттай зохион байгуулж, бусаддаа жишиг болж ажиллахыг үг хэлсэн гишүүд онцлон анхааруулж байлаа.
Дараа нь, нотлох баримтыг шинжлэн судлах Хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудах хүн, албан тушаалтны нэрсийг баталж тогтоол гаргав. Тогтоолоор, ҮАБЗ-ийн шийдвэрээр 2012 онд байгуулагдсан Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, улс төрд нөлөө бүхий хүмүүс, Хөгжлийн банкны удирдлага, албан тушаалтнууд, зээлдэгчид, эцсийн өмчлөгч нар, хамаарал бүхий этгээдүүд зэрэг нийт 166 гэрчийг дуудаж асуухаар боллоо.
УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуульд зааснаар гэрчийг гурваас доошгүй хоногийн өмнө дуудах ёстой бөгөөд мэдэгдлийг цаг, минуттай нь тодорхой дурдаж дуудах учиртай гэж хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр онцлоод, эдгээр гэрчийг сонсголд ирж, асуултад хариулахдаа бэлтгэх цаг хугацаа гаргаж өгөх үүднээс бид 1-3 сарын өмнө зарлаж байна гэсэн юм.
Нийтийн сонсголд гэрчээр дуудна гэдэг бол тэр хүмүүсийг буруутгаж байгаа хэрэг биш юм, харин ч өөрийгөө өмгөөлөх, буруугүйгээ нотлох боломж олгож байгаа юм гэж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тодотгов. Тэрбээр, нэрсийн жагсаалтыг хэрхэн тогтоосон болон хэрхэн гурван удаагийн сонсголд хуваарилан зохион байгуулах талаар асуухад хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, одоогоор хийгдээд байгаа хяналт шалгалтын хүрээнд нэрсийн жагсаалтыг гаргасан бөгөөд өдөрт 10-аас доошгүй гэрч дуудаж мэдүүлэг авна гэсэн хариулт өглөө. Гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийн жагсаалтад УИХ-ын гишүүн Т.Доржханд санал гаргаж зарим хүнийг нэмсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ял эдэлж байгаа хүнийг хасуулав.
УИХ-ын ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС
/2012 онд байгуулагдсан Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, тухайн үеийн албан тушаалаар/
№ |
Албан тушаал |
Овог нэр |
|
| 1 | Дарга | Монгол Улсын Ерөнхий сайд | Н.Алтанхуяг |
| 2 | Орлогч дарга | Эдийн засгийн хөгжлийн сайд | Н.Батбаяр |
| 3 | Зөвлөлийн гишүүн | Сангийн сайд | Ч.Улаан |
| 4 | Зөвлөлийн гишүүн | Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга | Ч.Сайханбилэг |
| 5 | Зөвлөлийн гишүүн | Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд | Х.Баттулга |
| 6 | Зөвлөлийн гишүүн | Уул уурхайн сайд | Д.Ганхуяг |
| 7 | Зөвлөлийн гишүүн | Барилга, хот байгуулалтын сайд | Ц.Баярсайхан |
| 8 | Зөвлөлийн гишүүн | Эрчим хүчний сайд | М.Сономпил |
| 9 | Зөвлөлийн гишүүн | Зам, тээврийн сайд | А.Гансүх |
| 10 | Зөвлөлийн гишүүн | УИХ-ын ЭЗБХ-ны дарга /зөвшилцснөөр/ | Б.Гарамгайбаатар |
| 11 | Зөвлөлийн гишүүн | УИХ-ын ТБХ-ны дарга /зөвшилцснөөр/ | Ц.Даваасүрэн |
| 12 | Зөвлөлийн гишүүн | Монголбанкны ерөнхийлөгч /зөвшилцснөөр/ | Н.Золжаргал |
| 13 | Зөвлөлийн гишүүн | Санхүүгийн зохицуулах хорооны дарга /зөвшилцснөөр/ | Д.Баярсайхан |
| 14 | Зөвлөлийн гишүүн | Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга /зөвшилцснөөр/ | П.Цагаан |
| 15 | Зөвлөлийн гишүүн | УИХ-ын даргын ахлах зөвлөх | Д.Одхүү |
| 16 | Зөвлөлийн гишүүн | Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч | Э.Бат-Үүл |
| 17 | Нарийн бичгийн дарга | Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч | Б.Шинэбаатар |
УИХ-ын ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС
/Улс төрд нөлөө бүхий этгээд/
№ |
Овог нэр |
Албан тушаал |
| 1 | Ц.Элбэгдорж | Монгол Улсын Ерөнхийлөгч асан |
| 2 | Х.Баттулга | Монгол Улсын Ерөнхийлөгч асан |
| 3 | Ч.Хүрэлбаатар | УИХ-ын гишүүн, сайд |
| 4 | С.Бямбацогт | УИХ-ын гишүүн, сайд |
| 5 | Б.Чойжилсүрэн | УИХ-ын гишүүн, сайд |
| 6 | Ш.Адьшаа | УИХ-ын гишүүн |
| 7 | Г.Амартүвшин | УИХ-ын гишүүн |
| 8 | Ц.Анандбазар | УИХ-ын гишүүн |
| 9 | Ё.Баатарбилэг | УИХ-ын гишүүн |
| 10 | Г.Дамдинням | УИХ-ын гишүүн |
| 11 | Х.Ганхуяг | УИХ-ын гишүүн |
| 12 | Ч.Ундрам | УИХ-ын гишүүн |
| 13 | О.Цогтгэрэл | УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга |
| 14 | Ч.Сайханбилэг | Монгол Улсын Ерөнхий сайд асан |
| 15 | Ж.Эрдэнэбат | Монгол Улсын Ерөнхий сайд асан |
| 16 | С.Баярцогт | УИХ-ын гишүүн асан |
| 17 | Ц.Гарамжав | УИХ-ын гишүүн асан |
| 18 | А.Сүхбат | УИХ-ын гишүүн асан |
| 19 | Д.Энхтайван | УИХ-ын гишүүн асан |
| 20 | Б.Ундармаа | УИХ-ын гишүүн асан |
| 21 | Д.Хүрэлбаатар | Монгол Улсын ерөнхий аудитор асан |
| 22 | Б.Болор | Сангийн сайд асан |
| 23 | Д.Цогтбаатар | Барилга, хот байгууллатын сайд асан |
| 24 | З.Баянсэлэнгэ | Барилга, хот байгууллатын сайд асан |
| 25 | Г.Мөнхбаяр | Барилга, хот байгууллатын сайд асан |
| 26 | М.Баярмагнай | ЗГХЭГ-ын дэд дарга асан, Эрчим хүчний дэд сайд |
| 27 | Ж.Бат-Эрдэнэ | Зам, тээврийн хөгжлийн дэд сайд |
| 28 | Ш.Лхамсүрэн | МАН-ын Бага хурлын гишүүн |
| 29 | Ш.Үнэнбат | МАН-ын Бага хурлын гишүүн |
| 30 | Ж.Батзандан | УИХ-ын гишүүн асан |
УИХ-ын ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС
/Хөгжлийн банкны албан тушаалтнууд/
№ |
Овог нэр |
Албан тушаал |
Холбогдох зээл |
| 1 | Д.Дэлгэрсайхан | Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга асан | Комплант ХХК, НВЦ ХХК, Модун ХХК, Инжир ХХК, Мон дулаан трейд ХХК, Бэрэн групп ХХК, Пирамид орд ХХК, Болор шүр ХХК, Баруун баян транс ХХК |
| 2 | Л.Мягмаржав | Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан | Газ-Импорт ХХК, Модун ХХК, Сэлэнгийн герефорд ХХК |
| 3 | Д.Цогтбаатар | Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан | Газ-Импорт ХХК, Мондулаан трейд ХХК, Модун ХХК, |
| 4 | Ц.Билгүүн | Хөгжлийн банкны мэргэжилтэн асан | Комплант ХХК, Инжир ХХК, Мондулаан трейд ХХК, Сэлэнгийн герефорд ХХК |
| 5 | Б.Шинэбаатар | Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД, Хөгжлийн банкны ТУЗ-н дарга асан | Эрдэнэс Монгол ХХК, Бэрэн групп ХХК, Ньюяармаг ХХК |
| 6 | Н.Мөнхбат | Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан | Эрдэнэс Монгол ХХК, Бэрэн групп ХХК, Ньюяармаг ХХК |
| 7 | Б.Батбаяр | Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан | Газ-Импорт ХХК, Комплант ХХК, Ганхүдэр орд ХХК, Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Инжир ХХК, Модун ХХК, Мондулаан трейд ХХК, Чингисхаан банк, Монголдрай милк ХХК, Болоршүр ХХК, Сэлэнгийн герефорд ХХК, Баруун баян транс ХХК |
| 8 | С.Батзориг | Хөгжлийн банкны мэргэжилтэн асан | Бэрэн групп ХХК |
| 9 | М.Баярмагнай | ЗГ-н ХЭГ-н дэд дарга асан, Эрчим хүчний дэд сайд | Бэрэн групп ХХК, Мондулаан трейд ХХК |
| 10 | Ж.Оюунчимэг | Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК |
| 11 | Б.Бат-Очир | Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК |
| 12 | С.Магнайсүрэн | Барилга, хот байгуулалтын яамны ТНБД, ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК, Мондулаан трейд ХХК, |
| 13 | Г.Дөлгөөн | Эрсдэлийн газрын захирал асан, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч | Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Инжир ХХК, Ганхүдэр орд ХХК, Болоршүр ХХК, Газ-Импорт ХХК, Бэрэн групп ХХК, Баруун баян транс ХХК |
| 14 | Р.Батбаяр | Хөгжлийн банкны газрын дарга асан | Бэрэн групп ХХК |
| 15 | Г.Дашзэвгэ | Хөгжлийн банкны Хуулийн газрын захирал асан | Бэрэн групп ХХК |
| 16 | М.Золжаргал | Хөгжлийн банкны Хуулийн газрын захирал асан | Бэрэн групп ХХК |
| 17 | Г.Одонтуул | Хөгжлийн банкны Зээлийн газрын захирал асан | Бэрэн групп ХХК |
| 18 | М.Баянмөнх | ХХААЯ-ны газрын дарга асан, ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК |
| 19 | Б.Найдлаа | ТУЗ-н гишүүн, ХҮН намын гишүүн | Бэрэн групп ХХК |
| 20 | Ч.Отгончулуу | Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны газрын дарга асан, ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК |
| 21 | Б.Батзаяа | Зам, тээврийн яамны ТНБД асан, ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК |
| 22 | Ч.Нэргүй | Худалгаа аж үйлдвэрийн танхимын газрын дарга асан, ТУЗ-н гишүүн | Бэрэн групп ХХК |
| 23 | Б.Будхүү | Хөгжлийн банкны Хуулийн газрын дарга асан | Инжир ХХК, Газ-Импорт ХХК, Ганхүдэр орд ХХК, Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Модун ХХК, Сэлэнгийн герефорд ХХК, |
| 24 | Ч.Мөнхбаяр | Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Зээлийн газрын дарга асан | Газ-Импорт ХХК, НВЦ ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Болоршүр ХХК, Баруун баян транс ХХК |
| 25 | Л.Аззаяа | Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн | НЦВ ХХК |
| 26 | О.Батбаатар | Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын дарга асан | Вертекс майнинг партнер ХХК |
| 27 | Ц.Цоожсүрэн | Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга | Вертекс майнинг партнер ХХК |
| 28 | Б.Цолмон | Хөгжлийн банкны хэлтсийн захирал асан | Болор шүр ХХК |
| 29 | Б.Амгалан | Хөгжлийн банкны газрын дарга | Чингис хаан банк, Бэрэн групп ХХК |
| 30 | А.Хүчитбаатар | Хөгжлийн банкны хэлтсийн дарга | Чингис хаан банк |
| 31 | Н.Баярчимэг | Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүн асан | Мондулаан трейд ХХК, |
| 32 | Ч.Энхбат | Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан | ........................... Инжир ХХК, Модун ХХК, Мондулаан трейд ХХК, Сэлэнгийн герефорд ХХК, Баруун баян транс ХХК |
| 33 | Т.Мөнхтулга | Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан | Сэлэнгийн герефорд ХХК |
| 34 | С.Хүрэлбаатар | Хөгжлийн банкны газрын мэргэжилтэн | Сэлэнгийн герефорд ХХК |
| 35 | Г.Гантогтох | Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч | Сэлэнгийн герефорд ХХК |
| 36 | Б.Чойжилжалбуу | Хөгжлийн банкны дэд захирал асан | Газ-Импорт ХХК, Ганхүдэр орд ХХК, Инжир ХХК, Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Модун ХХК, Мондулаан трейд ХХК, Чингис хаан банк, Болор шүр ХХК, Сэлэнгийн герефорд ХХК, Баруун баян транс ХХК |
| 37 | Д.Ринчиндорж | Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан | Газ-Импорт ХХК, Ганхүдэр орд ХХК, Пирамид орд ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Инжир ХХК |
| 38 | Д.Даажамба | ЗГХЭГ-ын дэд дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-н дарга | Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Пирамид орд ХХК, Бэрэн групп ХХК |
| 39 | Т.Пүрэвсүрэн | Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч | Бэрэн групп ХХК |
| 40 | Б.Чинзориг | Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн ахлах хуульч | Бэрэн групп ХХК |
| 41 | Я.Сод-Эрдэнэ | Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал |
УИХ-ын ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС
/Зээлдэгчдийн төлөөлөл/
№ |
Овог нэр |
Албан тушаал |
Холбогдох зээл |
| 1 | Ш.Төгсбат | Гүйцэтгэх захирал | Бармон ХХК |
| 2 | О.Баяр | Гүйцэтгэх захирал | Комплант ХХК |
| 3 | Р.Мөнхжаргал | Дэд захирал | КЬЮ ЭС СИ ХХК |
| 4 | Д.Эрдэнэбилэг | Хамаарал бүхий этгээд | КЬЮ ЭС СИ ХХК |
| 5 | С.Бямбасүрэн | Хувьцаа эзэмшигч | МБҮ ТРЕЙД ХХК |
| 6 | Д.Батбаяр | Хувьцаа эзэмшигч | МОДУН ХХК |
| 7 | Д.Лхагвадорж | Хувьцаа эзэмшигч | МОНГЕМА ХХК |
| 8 | Э.Эрдэнэбилэг | Эцсийн өмчлөгч | МОНГОЛ ДРАЙ МИЛК ХХК |
| 9 | Б.Даваасүрэн | Хувьцаа эзэмшигч | МОНГОЛ МАХ ЭКСПО ХХК |
| 10 | Ч.Баттогоо | Хувьцаа эзэмшигч | МОНГОЛ МИКРОН КАШМЕР ХХК |
| 11 | Г.Цолмон | Хувьцаа эзэмшигч | ПИРАМИД-ОРД ХХК |
| 12 | Г.Байгальмаа | Хамаарал бүхий этгээд | ПИРАМИД-ОРД ХХК |
| 13 | Ц.Баттогтох | Хувьцаа эзэмшигч | ПРОМОН ТРЕЙД ХХК |
| 14 | Л.Болдбаатар | Санхүү эрхэлсэн захирал | СОР КАШЕМИР ХХК |
| 15 | Г.Батдорж | Эцсийн өмчлөгч | СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД ХХК |
| 16 | Б.Амармэнд | Гүйцэтгэх захирал | ЦЭЦЭНС МАЙНИНГ ЭНД ЭНЕРЖИ ХХК |
| 17 | М.Баянмөнх | Гүйцэтгэх захирал | ЭЙЧ ЭНД ЭЙЧ РЕМИКОН ХХК |
| 18 | Ө.Болдсайхан | Эцсийн өмчлөгч | ЭНСАДА-ИСТЕРН ХХК |
| 19 | Д.Мөнхбаатар | Эцсийн өмчлөгч | ЭРД ХУЛ ХХК |
| 20 | Мягмардорж | Хувьцаа эзэмшигч | ГАЗ-ИМПОРТ |
| 21 | Т.Пүрэвдорж | Хувьцаа эзэмшигч | МОН ВАТТ |
| 22 | Н.Тавинбэх | ЭХЯ-ны ТНБД | Эрчим хүчний яам |
| 23 | Г.Тэнгэр | ТТЦС ХХК-ийн захирал | Эрчим хүчний яам |
| 24 | н.Баттулга | Эгийн голын УЦС ХХК-ийн захирал | Эгийн голын усан цахилгаан станц ТӨХХК |
| 25 | Я.Батсуурь | Гүйцэтгэх захирал | Эрдэнэс Тавантолгой ХК |
| 26 | Б.Энхбат | Санхүү эрхэлсэн дэд захирал | Эрдэнэс Тавантолгой ХК |
| 27 | Б.Бямбасайхан | Гүйцэтгэх захирал | Эрдэнэс Монгол ХХК |
| 28 | Ц.Түмэнцогт | Гүйцэтгэх захирал асан | Эрдэнэс Монгол ХХК |
| 29 | П.Ганхүү | Гүйцэтгэх захирал асан | Эрдэнэс Монгол ХХК |
| 30 | Д.Хаянхярваа | Гүйцэтгэх захирал асан | Эрдэнэс Монгол ХХК |
| 31 | О.Хулан | Гүйцэтгэх захирал /үүрэг гүйцэтгэгч/ | Эрдэнэс Монгол ХХК |
| 32 | А.Гантулга | Ерөнхий захирал асан | ТОСК ТӨҮГ |
| 33 | Л.Батжаргал | Гүйцэтгэх захирал | ТОСК ТӨҮГ |
| 34 | Д.Ганхуяг | Батлан хамгаалах яамны ТНБД | ТОСК хөдөлгөөнт цогцолбор |
| 35 | Ц.Эрдэмжаргал | Захирал | Зэст-Өндөр ХХК |
| 36 | Г.Ононтуул | Захирал | Заг инженеринг ХХК |
| 37 | Л.Чулуунбаатар | Захирал, үүсгэн байгуулагч | Болор шүр ХХК |
| 38 | Ц.Содхүү | Хувьцаа эзэмшигч | Болор шүр ХХК |
| 39 | Ц.Ууганбаяр | Гүйцэтгэх захирал | НЬЮ ЯАРМАГ ХАУСИНГ ПРОЖЕКТ ХХК |
| 40 | Б.Эрдэнэбат | Хувьцаа эзэмшигч | ЭРЭЛ ХХК |
| 41 | М.Билэгт | Хувьцаа эзэмшигч | АЧЛАЛ ТРЕЙД ХХК |
| 42 | Э.Золзаяа | Хувьцаа эзэмшигч | ИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК |
| 43 | Д.Оюундэлгэр | Гүйцэтгэх захирал | ИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК |
| 44 | Г.Буяндэлгэр | Хувьцаа эзэмшигч | ТҮГЭЭМЭЛ ТҮМЭН ХИШИГ ХХК |
| 45 | Ш.Билэгтэй | Хувьцаа эзэмшигч | ШАНХ МАЙНИНГ ХХК |
| 46 | Б.Гантүлхүүр | Хувьцаа эзэмшигч | ПИ СИ ВАЙ ХХК |
| 47 | Ц.Отгонбаатар | Хувьцаа эзэмшигч | ПЕТРОЛЕУМ ПРОДАКШИН ХХК |
| 48 | Ц.Насанбат | Хувьцаа эзэмшигч | ДЭД БҮТЭЦ ИНЖЕНЕРИНГ ХХК |
| 49 | Б.Алтангадас | Гүйцэтгэх захирал | МОНПЕЛЛЕТС ХХК |
| 50 | Б.Болормаа | Хувьцаа эзэмшигч | МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК |
| 51 | Б.Мөнхтөр | Захирал | Бэрэн групп ХХК |
| 52 | М.Цэлмэг | Гүйцэтгэх захирал | Бэрэн групп ХХК |
| 53 | Т.Болдмаа | Нягтлан бодогч | Бэрэн групп ХХК |
| 54 | Н.Сүхболд | ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч | Бэрэн групп ХХК |
| 55 | Б.Батбаатар | Захирал | Инжир ХХК |
| 56 | Ч.Өлзий | Захирал | Инжир ХХК |
| 57 | Э.Эрдэнэ | Тагнуулын ерөнхий газрын газрын дарга асан | Инжир ХХК |
| 58 | Ш.Бүтэд | Мон дулаан трейд ХХК-ийн захирал | Чингис хаан банк |
| 59 | Г.Ганчимэг | Гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | МАВАНГҮЙ ХХК |
| 60 | Ж.Дашдэмбэрэл | Гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | ТИ ЖИ ВАЙ ХХК |
| 61 | Н.Амгалан | Гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | БИЙД МАЙНИНГ ХХК |
| 62 | В.Ганзориг | Гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | ХАМТЫН ЭХ БУЛАГ ХХК |
| 63 | Ц. Пүрэврэнчин | Гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | СОДМОНГОЛ ХХК |
| 64 | Б.Лхагвадорж | Гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч | ПИ АЙ ЭМ ЭМ ХХК |
| 65 | А.Ариунболд | Хамаарал бүхий этгээд | МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК |
| 66 | Ц.Баатарбилэг | Гүйцэтгэх захирал | НВЦ ХХК |
| 67 | Х.Энхсайхан | Гүйцэтгэх захирал | Монлаа ХХК |
| 68 | Ц.Баярсайхан | Хувьцаа эзэмшигч | Мондулаан трейд ХХК |
| 69 | Б.Чулуунбаатар | Хувьцаа эзэмшигч | Моннис майнинг ХХК |
| 70 | Ханагатын Асылбек | Хувьцаа эзэмшигч | Скайланд энержи ХХК |
| 71 | С.Дуламжав | Хувьцаа эзэмшигч | Сонгоулд ХХК |
| 72 | Б.Баярмаа | Хувьцаа эзэмшигч | Хатант интернэйшнл ХХК |
| 73 | Д.Мандахбаяр | Хувьцаа эзэмшигч | Ганхүдэр орд ХХК |
| 74 | М.Энхтайванбаатар | Хувьцаа эзэмшигч | Империал голд майнинг ХХК |
| 75 | Н.Батмагнай | Хувьцаа эзэмшигч | Империал голд майнинг ХХК |
| 76 | Г.Аюулгүй | Хамаарал бүхий этгээд | Азийн бамбар ХХК |
| 77 | У.Тулгаболд | Хувьцаа эзэмшигч | Нью хаппи ХХК |
| 78 | Н.Өлзийбаяр | Хувьцаа эзэмшигч | БНМС ХХК |
Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нийтийн сонсголд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг хэрхэн оролцуулах, дуудсан гэрчүүдийг заавал ирүүлэх талаар хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах эсэх талаар тодруулав. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, хуулийн хүрээнд сэтгүүлчдийн ажиглах, сурвалжлах бүрэн боломжийг нээж, сонсголыг нээлттэй явуулна. Харин гэрчүүдээс асуулт асуух, ярилцах эрх зөвхөн хянан шалгах түр хорооны гишүүдэд л бий гэлээ. Мөн тэрбээр, Улсын Их Хурал хуулийн байгууллага, шүүх, прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх эрхгүй тул хянан шалгах түр хорооноос дуудсан гэрчүүдийг сонсгол болтол хилийн хориг тогтоо гэх мэт үүрэг даалгавар өгөх боломжгүй юм. Гагцхүү, нийтийн сонсголын ирцийг бүрдүүлж, дуудсан гэрчүүдийг ирүүлэхэд тусалж ажиллахыг хууль хяналтын байгууллагуудад уриалж л чадна гэсэн юм.
Тогтоолын гуравдугаар заалтаар тодорхой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Түр хорооны сонсголд гэрчээр дуудах нэрсийн жагсаалтад нэмэлт оруулах, зохицуулалт хийхийг хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаярт зөвшөөрөв.
Мөн Хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдаанаар хянан шалгагчийн ажлын хөлс болон шинжээчийн төлбөрийн хэмжээг баталлаа. Түүнчлэн өөрийн хүсэлтээр ажиллахаас татгалзсан Монголбанкны Хууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Батцэнгэлийн Мөнх-Оршихыг шинжээчийн бүрэлдэхүүнээс чөлөөлж, Чулууны Амарбаясгалан, Очирхуягийн Мөнхбат нарыг уг бүрэлдэхүүнд ажиллуулахаар томилов. Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчдийн үндсэн ажлын байрыг хадгалах, нийгмийн баталгааг алдагдуулахгүй байх, нэр хүндийг хамгаалахад анхаарч ажиллахыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ зөвлөлөө.
Хуралдааны төгсгөлд, Түр хорооны хяналт шалгалтын ажлын хүрээнд холбогдох материал, баримт сэлтийг цаг тухайд нь бүрэн гүйцэд гаргаж өгч ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд, Чингис хаан банкны Гүйцэтгэх захирал Э.Ганзориг нарт чиглэл болголоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлхий нийтээр..
АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа олон улсын болон олон талт байгууллагуудаас татгалзах бодлогоо эрчимжүүлж буй энэ үед АНУ-ын Европын зөвлөлийн авлигатай тэмцэх тэргүүлэх байгууллага болох Авлигатай тэмцэх улсуудын бүлэг (GRECO)-ээс гарчээ. АНУ-ын Төрийн департамент уг шийдвэрийг баталгаажуулж, GRECO-ийн гишүүнчлэлийг хадгалахын тулд жил бүр санхүүгийн хувь нэмэр оруулах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь “АНУ-ын үндэсний аюулгүй байдалд бодитой үр өгөөж үзүүлэхгүй” гэж мэдэгджээ.
2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр АНУ тус байгууллагаас гарах тухай шийдвэрийн талаар албан ёсоор мэдэгдсэн байна. Өмнө нь ОХУ, Беларусь улс гарч байсан түүхтэй. АНУ өмнө нь НҮБ-ын олон талт хэд хэдэн байгууллагаас, тухайлбал ДЭМБ болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарсан бөгөөд цаашид ижил төстэй арга хэмжээ авах эсэхийг мөн авч үзэж байна.
GRECO-ийн Европын зөвлөл 1999 онд авлигатай тэмцэх стандартын хэрэгжилтийг хянах зорилгоор байгуулагдсан. Байгууллагын гишүүнчлэл нь Европын холбооны гишүүн орнуудаар хязгаарлагддаггүй бөгөөд АНУ 2000 онд GRECO-д нэгдэж байжээ.
Дэлхий нийтээр..
АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээхийг уриалав
Крипто хөрөнгө холигч үйлчилгээ (crypto mixer буюу Convertible Virtual Currency mixing service) нь криптовалютын гүйлгээний эх үүсвэр, хүлээн авагч болон гүйлгээний дүнг нуун далдлахад ашиглагддаг үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг ransomware буюу барьцаалагч програм ашигладаг кибер гэмт хэргийн бүлэглэлүүд, олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийгчид, авлигад автсан албан тушаалтнууд болон мансууруулах бодисын хууль бус наймаачид өргөнөөр ашиглаж байна.
АНУ-ын хууль тогтоомжийн дагуу харилцагчийн хөрөнгийг хяналтдаа авч үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний алба (FinCEN)-нд бүртгүүлж, харилцагчийн мэдээллийг баталгаажуулах зэрэг үүрэг хүлээдэг. Эдгээр шаардлага нь гүйлгээний эх үүсвэр болон оролцогчдыг нуун далдлах зорилготой крипто хөрөнгө холигч үйлчилгээний үндсэн шинж чанартай шууд зөрчилддөг байна. Үүний улмаас АНУ-д ийм төрлийн үйлчилгээг нууцаар эрхэлсэн этгээдүүдийг мөнгө угаах болон холбооны бусад гэмт хэрэгт буруутган, эрүүгийн хариуцлагад татсаар иржээ.
Хэдийгээр олон улс орон крипто холигч үйлчилгээнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоож байгаа боловч эрх зүйн зохицуулалт нь дэлхий даяар ижил түвшинд байж чадахгүй байна. Үүний улмаас АНУ-ын иргэд гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг холигч үйлчилгээг ашиглан криптовалютын гүйлгээнийхээ эх үүсвэр, чиглэлийг нуун далдлах боломж нээлттэй хэвээр байна.
Байдены засаг захиргааны үед FinCEN-ээс хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг крипто хөрөнгө холигч үйлчилгээг ашигласан байж болзошгүй гүйлгээнд хяналт тавих дүрмийн төсөл боловсруулжээ. Уг төсөлд АНУ-ын санхүүгийн байгууллагууд гадаадын ийм үйлчилгээтэй холбоотой сэжигтэй гүйлгээг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор мэдээлэх үүрэг хүлээхээр тусгасан байв. Гэвч 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Трампын засаг захиргаа уг дүрмийн төслийг албан ёсоор татан авчээ. Үүний зэрэгцээ 2020 оноос хэлэлцэгдэж ирсэн, хэрэглэгч өөрөө хянадаг крипто хэтэвч (self-hosted wallet)-ээр хийгдэх гүйлгээг тайлагнаж, мэдээлэхтэй холбогдуулан өөр нэг дүрмийн төслийг мөн ийнхүү цуцалсан байна.
Үүнтэй холбогдуулан “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын АНУ дахь салбараас 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр FinCEN-д албан бичиг хүргүүлж, цуцлагдсан хоёр дүрмийн төслийг сэргээх, мөн дижитал хөрөнгийг хууль бус зорилгоор ашиглахтай тэмцэх аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авахыг уриалжээ.
Дэлхий нийтээр..
АВСТРАЛИ: Тэрбумтнуудын хөрөнгө ардчилсан улс төрийн тогтолцоог гажуудуулж байна
Австралид улс төрийн санхүүжилтийн шинэ хуулиар хандив болон сонгуулийн сурталчилгааны зардалд анх удаа дээд хязгаар тогтоохоор боллоо. Хэдий тийм боловч эдгээр хязгаарлалт нь хэт өндөр, журам нь нарийн төвөгтэй байгаагаас гадна хэрэгжих хугацааг хоёр жилээр хойшлуулсан нь томоохон намуудад давуу тал олгох магадлалтай байна.
Австралийн уул уурхайн салбарын тэрбумтан Жина Райнхарт болон түүний хамаарал бүхий этгээдүүд өнгөрсөн жилд “Нэг үндэстэн” (One Nation) намд 3 сая гаруй австрали долларын (ойролцоогоор 7.5 тэрбум гаруй төгрөг) хандив өгсөн гэх мэдээлэл байна. Тэд энэ дэмжлэгээ мөнгөн хэлбэрээр олгохоос гадна хувийн нисэх онгоц бэлэглэх замаар гүйцэтгэсэн гэж мэдээлжээ. Гэвч Австралийн сонгуулийн хуулийн дагуу эдгээр хандивыг 2027 оны 2 дугаар сар хүртэл олон нийтэд албан ёсоор тайлагнах үүрэггүй тул одоогоор мэдээлэл бүрэн ил тод болоогүй байна.
Бизнесмен Клайв Палмер сүүлийн гурван удаагийн холбооны сонгуулийн сурталчилгаандаа 260 сая австрали долларын (ойролцоогоор 655 тэрбум гаруй төгрөг) хөрөнгө зарцуулжээ. Энэ нь Австрали Улс өөрийгөө тэгш боломжийг эрхэмлэдэг орон хэмээн үздэг ч бодит байдал дээр баячуудын мөнгөөр далайлган улс төрийн үйл явцад үлэмж хэмжээний нөлөө үзүүлэх боломжтойг харуулж байна.
Гэвч тэрбумтнуудын хувийн санхүүжилтээс өмнө ч Австралийн улс төрд мөнгөний нөлөө хэт өндөр байсаар иржээ. Эрх барьж байсан Хөдөлмөрийн нам болон Либерал нам бизнесийн форум, сүлжээ нэрийн дор арга хэмжээ зохион байгуулж, гишүүнчлэлийн төлбөрт 100,000 австрали доллар (252 сая гаруй төгрөг) авдаг байна. Ингэснээр бизнесийн төлөөлөгчид засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай тогтмол уулзаж, лобби хийх боломж бүрддэг. Австралийн Сонгуулийн хороо эдгээр төлбөрийг “тодорхой үйлчилгээний хураамж” гэж үзэн, олон нийтэд мэдээлэх ёстой хандивын тайланд тооцоогүй нь шүүмжлэл дагуулсаар ирсэн. Гэтэл иргэдийн дийлэнх нь улстөрчидтэй мөнгө төлж уулзах энэхүү тогтолцоог ардчилсан үйл явцыг гажуудуулж байна гэж үздэг.
Одоогийн холбооны түвшний зохицуулалт олон улсын жишигтэй харьцуулахад сул хэвээр байна. Хандивын мэдээллийг ил тод болгох систем нь 1980-аад оны цаасан бүртгэлд суурилсан хуучирсан загвартай бөгөөд жилд 17,300 австрали доллар (43.6 сая төгрөг)-оос давсан хандивыг л тайлагнадаг журамтай байв. Муж, нутаг дэвсгэрийн ихэнх зохицуулалтаас ялгаатай нь холбооны түвшинд хандивын дээд хязгаар байхгүйн дээр гадаадын эх үүсвэрээс хандив авахыг хориглосон заалт саяхнаас хэрэгжиж эхэлсэн байна. Мөн холбооны сонгуулийн сурталчилгаанд зарцуулах хөрөнгийн дээд хязгаар байгаагүй юм.
Австралийн тэрбумтан Жина Райнхарт, Клайв Палмер болон улс төрийн намуудын бизнесийн сүлжээнүүд хуулийн цоорхойг ашиглан сонгуулийн санхүүжилтийг хууль ёсны хүрээнд босгосоор иржээ. Холбооны түвшний улс төрийн намууд улсаас санхүүжилт авдаг байсан ч энэхүү мөнгө нь хувийн хандив, зардлыг хязгаарлах хэрэгсэл болохын оронд намуудын орлогыг улам нэмэгдүүлдэг нэмэлт эх үүсвэр төдий байв. Харин энэ зохицуулалт ирэх жилүүдээс өөрчлөгдөхөөр байна. Шинэ хуулиар холбооны сонгуульд нэр дэвшигч улс төрийн намууд болон лобби бүлгүүдийн сонгуулийн сурталчилгааны зардалд дээд хязгаар тогтоож, хандивын хэмжээг хязгаарлахаар тусгажээ. Түүнчлэн хандивын мэдээллийг ил тод тайлагнах, босго дүнг бууруулж, бодит цаг хугацаанд мэдээлдэг болох зохицуулалт хэрэгжинэ.
Ойролцоогоор 250 хуудас бүхий шинэ зохицуулалтыг 2024 онд өрнөсөн урт хугацааны хэлэлцээний үр дүнд боловсруулж, 2025 оны эхээр эвслийн намуудын дэмжлэгтэйгээр баталжээ. Сонгуулийн тогтолцооны энэхүү шинэчлэлийг хоёр том нам хамтран дэмжсэн нь хандивын хязгаарлалт болон ил тод байдлын зарчмыг цаашид тууштай мөрдөхөд чухал ач холбогдолтой алхам болсныг нийтлэлд онцолсон байна.
Гэсэн хэдий ч шинэ зохицуулалт төгс биш юм. Ногоон нам шинэчлэлийн үндсэн үзэл баримтлалыг дэмжиж байгаа ч хандивын хязгаарыг хэт өндөр тогтоосныг шүүмжилжээ. Шинэ хуулиар нэг улс төрийн этгээдэд өгөх хандивын дээд хэмжээг 50,000 австрали доллар (125 сая төгрөг) байхаар тусгасан боловч донорууд үндэсний хэмжээний намын салбар нэгжүүд, хэд хэдэн нэр дэвшигч болон тухайн намыг дэмждэг лобби бүлгүүдэд тус тусад нь хандив өгөх боломжтой хэвээр байна. Үүний улмаас нэг донорын жилийн нийт хандивын хэмжээ бодит байдал дээр 1.6 сая австрали долларт (4 тэрбум төгрөг) хүрч болзошгүй байгаа юм.
Үүнээс гадна улс төрийн нэг намын сонгуулийн сурталчилгааны зардлын дээд хязгаарыг 90 сая австрали доллар (225 тэрбум төгрөг) байхаар тогтоосон нь тэрбумтан Клайв Палмерын өмнөх сонгуулиудад хувиараа зарцуулж байсан хөрөнгөтэй дүйцэж байна. Мөн намуудын зорилтот, өрсөлдөөн ширүүн сонгуулийн тойрог тус бүрд явуулах сурталчилгааны зардал 800,000 австрали доллар (2 тэрбум төгрөг) хэтрэхгүй байх хязгаарлалтыг тогтоожээ.
“Teals” хэмээн нэрлэгддэг бие даан нэр дэвшигчид шинэ хязгаарлалтуудыг дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж, уламжлалт намуудад давуу байдал олгож байгааг шүүмжилжээ. Учир нь намын нэр дэвшигчид тухайн намын үндэсний хэмжээний сурталчилгаанаас ашиг хүртдэг бол бие даан нэр дэвшигчдэд ийм боломж хязгаарлагдмал байдаг. Түүнчлэн улс төрийн намууд нэг донороос олон төрлийн сувгаар хандив авах боломжтой байхад бие даасан нэр дэвшигчдэд ийм давуу тал байхгүй. Ийм нөхцөлд шинэ зохицуулалт нь улс төрийн тогтсон намуудыг зохиомлоор хамгаалж, улс төрийн өрсөлдөөнийг хязгаарлах эрсдэлтэй байна.
Лобби бүлгүүдийн сонгуулийн сурталчилгааны зардалд 11.25 сая австрали долларын (ойролцоогоор 28.1 тэрбум төгрөг) дээд хязгаар тогтоохоор болжээ. Гэсэн хэдий ч “Teals” бүлгийг дэмжигч томоохон хандивлагчид шууд бус хэлбэрээр сурталчилгаа явуулах боломжтой хэвээр байна. Мөн ашиг сонирхлын бүлгүүд тодорхой бодлогын асуудлыг дэмжсэн кампанит ажил явуулахдаа улс төрийн нам, нэр дэвшигчийг шууд дэмжих, эсвэл эсэргүүцэхгүй байвал зардлын хязгааргүй үйл ажиллагаа явуулах боломжтой аж.
Зохиогч шинэ хуулийг төгс бус боловч өмнөх зохицуулалтаас дээр гэж үнэлжээ. Улс төрийн намууд санхүүжилтгүй болж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох нь зохистой үр дүн биш юм. Харин тэрбумтнууд өөрсдөө шууд сонгуулийн кампанит ажилд асар их хөрөнгө зарцуулахаас илүүтэй санхүүжилтийг улс төрийн намын тогтолцоогоор дамжуулах нь авлигын эрсдэлийг бууруулах боломжтой гэж үзсэн байна. Учир нь улс төрийн нам нь урт хугацааны нэр хүнд, олон нийтийн итгэлийг хадгалах сонирхолтой байдаг бол хувь улстөрчийг хувийн ашиг сонирхлын үүднээс нөлөөлөлд оруулах нь харьцангуй хялбар байж болно.
Шинэ зохицуулалтаар компани болон үйлдвэрчний эвлэлээс ирэх их хэмжээний хандивт тулгуурлах боломжийг хязгаарлахын зэрэгцээ төрийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ. Санал тутамд олгох төрийн санхүүжилтийг 5 австрали долларт (12,500 төгрөг) хүргэхээр төлөвлөсөн бөгөөд сонгогчид Төлөөлөгчдийн танхим болон Сенатын сонгуульд тус тус санал өгдөг тул нэг сонгогчид ногдох санхүүжилт нийт 10 австрали доллар (25,000 төгрөг)-тай тэнцэх боломжтой. Мөн холбооны парламентын гишүүдийн тоонд үндсэн улс төрийн намууд болон бие даасан гишүүдэд захиргааны үйл ажиллагааны нэмэлт санхүүжилт олгоно.
Гэвч шинэ хуулийн өөр нэг сул тал нь хэт нарийн төвөгтэй байдал юм. Улс төрийн санхүүжилтийн урсгалыг зохицуулах нь өөрөө төвөгтэй боловч шинэ хууль жижиг болон шинээр байгуулагдсан намуудын хувьд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байж болзошгүй. Эдгээр намууд орон нутгийн түвшинд сайн дурын ажилтнуудад түшиглэдэг бөгөөд бүгд хууль зүйн зөвлөгөө авах санхүүгийн боломжтой биш. Иймээс Сонгуулийн хороо жижиг намуудын санамсаргүй алдаа дутагдлыг шийтгэхээс илүүтэй хангалттай нөөц, мэргэжлийн зөвлөгөөтэй томоохон хандивлагчид болон байгууллагын зохицуулалтыг тойрч гарах үйлдэлд анхаарах шаардлагатай гэж зохиогч үзжээ.
Шинэ хуулийн хэрэгжилтийг хоёр жилээр хойшлуулсан шалтгаан мөн эргэлзээ дагуулж байна. Албан ёсны тайлбараар Сонгуулийн хороо шинэ мэдээллийн системийг бэлтгэх, тайлагналын шинэ журмыг хэрэгжүүлэх, холбогдох байгууллага болон иргэдийг шинэ зохицуулалттай танилцуулахад хугацаа шаардлагатай аж. Гэвч зохиогчийн үзэж байгаагаар өөр шалтгаан байж болзошгүй. Жина Райнхарт “Нэг үндэстэн” намд их хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж, тус намын сонгуулийн дэмжлэг нэмэгдэж буй энэ үед томоохон намууд 2027 оны сүүл, эсвэл 2028 оны эхээр болох холбооны сонгуулийн өмнө хандив, санхүүжилтээ нэмэгдүүлэх хугацаа авахыг зорьсон байж магадгүй гэж таамаглажээ.
Мөн шинэ хуулийг хэрэгжүүлэх явцад урьдчилан тооцоолоогүй үр дагавар гарч болзошгүй. Тухайлбал, Клайв Палмер өөрийн намд өгөх хандив нь хязгаарлагдвал компанийн бүтцийг ашиглан шууд бус хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах магадлалтай. Үйлдвэрчний эвлэл болон бизнесийн бүлгүүд ч Хөдөлмөрийн нам, эвслийн намуудыг дэмжих зорилгоор шууд сурталчилгаа явуулах боломж хайж магадгүй. Түүнчлэн олон нийтийн бие даасан санаачилга мэт харагддаг боловч цаанаа улс төрийн болон бизнесийн ашиг сонирхлоор санхүүждэг бүлгүүд бий болж, хуулийн зохицуулалтыг тойрч гарах эрсдэлтэй байна.
Зохиогчийн дүгнэснээр улс төрийн үйл явц дахь мөнгөний нөлөөг зохицуулах төгс тогтолцоо гэж байхгүй. Шударга байдлын зарчим, улс төрийн тэгш байдал, эрх чөлөө, улс төрийн намуудын үйл ажиллагааг санхүүжүүлэх бодит хэрэгцээг харилцан тэнцвэржүүлэх шаардлагатай. Улс төрийн санхүүжилтийн зохицуулалт нь байнга өөрчлөгдөж байдаг нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэгдэх ёстой тул Австралийн шинэ хуулийг арван жилийн эцэс гэхэд дахин хянах шаардлага гарах нь гарцаагүй гэж үзжээ.
Эх сурвалж: Graeme Orr, “Australia’s Billionaire Problem and the ‘Corruption of the Democratic Process’,” The Diplomat, 2026 оны 10 дугаар сарын 12
-
Дэлхий нийтээр..2023/11/24
Түр хамгаалах байрны барилга угсралт, явцын талаар мэдээлэл сонслоо
-
Дэлхий нийтээр..2026/02/05
“Малын индексжүүлсэн даатгалын нэгдүгээр босго үзүүлэлтийг таван хувь болгож б...
-
Дэлхий нийтээр..2025/10/06
Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замын огтлолцлын цэгт улаан шугам татла...
-
Үйл явдал2021/04/02
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
