Дэлхий нийтээр..
“Изинис Эйрвэйс” компани ОХУ руу нислэг үйлдээгүй
Монголын агаарын тээврийн “Изинис Эйрвэйс” ХХК-ийн JU-1332 бүртгэлтэй Airbus A330 агаарын хөлөг БНХАУ-аас ОХУ-ын чиглэлд цэргийн зориулалттай ачаа тээвэрлэсэнд сэжиглэгдэж, шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл Aviation Source News сайтад 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдөр нийтлэгдсэн.
Иргэний нисэхийн ерөнхий газар нь агаарын тээвэрлэгч нарт Нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалт хийх, нислэгийн хөдөлгөөний удирдлага үйлчилгээ, холбоо, навигаци, нисэхийн мэдээлэл хангалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Тодруулбал, Агаарын тээвэрлэгчдээс ирсэн хүсэлтийн дагуу, тухайн чиглэлд нислэг үйлдэх зөвшөөрөл олгож, мэргэжлийн удирдлага, зөвлөмжөөр ханган ажилладаг. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд “Изинис Эйрвэйз” ХХК-ийн ирүүлсэн цагийн хуваарийн бус ачаа тээврийн нислэг үйлдэх хүсэлтийг журмын дагуу хүлээн авч Нисэхийн мэдээллийн эмхэтгэлд зарлагдсан баримт бичгийн бүрдүүлэлт хийж, агаарын зай, нисэх буудлын багтаамжид нийцүүлэн нислэгийн аюулгүй ажиллагааг ханган, нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн үйлчилгээ үзүүлж байна. Агаарын тээвэрлэгчийн ирүүлсэн нислэгийн хүсэлтэд аюултай ачаа тээвэрлэх тухай мэдээлэл байхгүй болно.
Тус агаарын тээвэрлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 09, 11, 14, 16-ны өдрүүдэд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд 4 удаагийн ачаа тээврийн хуваарьт бус нислэг үйлдсэн. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлд 1 удаагийн ачаа тээврийн хуваарьт бус нислэг үйлджээ. Харин одоогоор ОХУ-руу нислэг үйлдсэн тохиолдол байхгүй байна. “Изинис Эйрвэйс” ХХК-ийн дээрх агаарын хөлөг 11 сарын 30 өдрийн 15:33Z (23:33L) цагт Бээжингээс хөөрч, “INTIK” олон улсын агаарын хаалгаар 16:26Z (00:26L XII/01) өндөр 11000м орж ирээд “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд 17:23Z (01:23L XII/01) зохих зөвшөөрлүүдийг авч нислэг үйлдсэн бөгөөд агаарын навигацийн ажиглалтын систем болох ADSB систем болон SSR ажиглалтын системүүд дээр хэвийн илэрч нислэг хэвийн үйлдэгсэн байна.
Түүнчлэн “Изинис Эйрвэйс” ХХК нь өөрийн эзэмшлийн AIRBUS А330-200 агаарын хөлгийг 2022 оны 11-р сарын 04-ний өдрөөс Лондон болон түүнтэй дүйцэхүйц олон улсын А зэрэглэлтэй давхар даатгагчдад 100% даатгуулсан бөгөөд эдгээр давхар даатгагчид нь Европын Холбооны Улс болон Их Британийн Нэгдсэн Вант Улсын хууль, дүрэм журам, санкцын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Европын Холбооны Улс, Америкийн Нэгдсэн Улс, Их Британийн Нэгдсэн Вант Улсуудаас Орос, Украйны дайны эсрэг тавигдаад буй санкцын хүрээнд агаарын тээвэрлэгч компани ачаа тээврийн зориулалтын онгоцоор Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт бууж, хөөрөх нислэг үйлдэх нөхцөлд даатгуулагч нь нислэг үйлдэхээс өмнө даатгагч болон давхар даатгагчдад COUNCIL REGULATION (EU) 2022/576 болон The Russia (Sanctions) (EU Exit) (Amendment) (No. 15) Regulations 2022-ын дагуу ачааны жагсаалтыг илгээн зөвшөөрөл авах үүрэг хүлээн, талууд уг харилцааг гэрээгээр баталгаажуулсан.
“Изинис Эйрвэйс” ХХК уг гэрээний үүрэг, хариуцлагынхаа дагуу Оросын Холбооны Улсруу нислэг үйлдэхийн өмнө даатгагчдад харилцагчаас хүргүүлсэн ачаа тээврийн жагсаалтыг илгээсэн бөгөөд давхар даатгагчдын зүгээс уг жагсаалт дахь зарим ачаа нь санкцын шаардлагыг зөрчиж болзошгүй хоёрдмол шинж чанартай байна гэж үзэн “Изинис Эйрвэйс” ХХК-ийн тухайн нислэгт даатгал үйлчлэхгүй гэдэг хариуг хүргүүлсэн тул даатгуулагч “Изинис Эйрвэйс” ХХК нь А330-200 агаарын хөлгөөр Оросын Холбооны Улс уруу нислэг үйлдээгүй болно. Тиймээс Aviation Source News болон бусад сайтад нийтлэгдсэн уг мэдээлэл нь ташаа мэдээлэл юм.
Эх сурвалж: ИНЕГ
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2024/06/22
Монгол Ардын намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчид “Улаанбаатар төмө...
-
Дэлхий нийтээр..2025/06/02
УИХ-ын гишүүд Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг санаачлан б...
-
Үйл явдал2021/07/30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үйл явдал2025/01/31
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
