Тод мэдээ
Таарамжгүй харилцааны улмаас дур зоргоор баривчилж, саатуулж, хорьж болохгүй

Эрүүгийн хэргийн мөрдөгч С, түүний мөрдөж байсан хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан А нар хэрэгт хүсэлт гаргах асуудлаар санал зөрөлдөж, цагдаагийн хэлтсийн байранд маргалдах үед мөрдөгч нь өмгөөлөгчийг “архи үнэртүүлж маргасан” гэх шалтгаанаар биечлэн чиглэл, тушаал өгч албадан эрүүлжүүлжээ.
Анхан шатны шүүх С-ыг Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
Харин давж заалдах шатны шүүх согтуурлын зэргээ шалгуулахаас зайлсхийсэн А-ыг цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, саад учруулсан тул шаардлагыг албадан гүйцэтгэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийг согтолтын хэмжээ хамаарахгүй эрүүлжүүлэх байранд хүргэх хэм хэмжээг хэрэгжүүлж хуулийн дагуу ажилласан гэж үзэж, С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Дээд шүүхэд прокурор эсэргүүцэл, хохирогч гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч “хууль бусаар баривчлах, саатуулах гэмт хэрэгт хууль тогтоомж зөрчиж, эрүүлжүүлсэн үйлдэл хамаарахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийг магадлалыг дэмжиж байна” гэжээ.
Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох замаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсон этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэхээр заасан тул А-д холбогдуулан зөвхөн согтуурсан үндэслэлээр албадан эрүүлжүүлэх ажиллагааг явуулах үндэслэл үгүйсгэгдэж байсан. Харин А нь согтуурахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон бол Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор цагдаагийн албан хаагч шаардлага тавьж улмаар биелүүлээгүй эсэргүүцсэн бол албадан гүйцэтгэхээс гадна зөрчлийг нотлох баримт бүрдүүлэх зорилгоор согтолт харгалзахгүй эрүүлжүүлэх байранд хүргэж болох журамтай.
Согтууруулах ундаа хэрэглэсэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон этгээдийг нотлох баримт бүрдүүлэх, холбогдсон хэрэг, зөрчлийн талаар тайлбар авах зорилгоор эрүүлжүүлж буй нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх үйл ажиллагаанаас ялгаатай. Тиймээс согтолтын зэрэг харгалзахгүй эрүүлжүүлэх байранд хүлээн авах ба ингэснээр хэрэг, зөрчилд холбогдсон этгээдийг саатуулах ажиллагаа эхэлсэн гэж үздэг. Тухайн тохиолдолд А-ын гэмт хэрэг, зөрчил үйлдсэн нь цагдаагийн албан хаагчийн зүгээс дээрх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх үндэслэл болох ёстой байсан.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар энэ хэргийн шүүгдэгч С-ын мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн хэрэгт А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргах асуудлаар санал зөрж, ажил хэргийн шинжтэй маргаан үүсгэснийг шаардлага эсэргүүцсэн гэж мөрдөгч С үзэж, албан тушаалын давуу байдлаа ашиглан А-ыг албадан эрүүлжүүлэх чиглэл, тушаалыг биечлэн өгч эрх чөлөөнд нь халдан саатуулсан байна.
Хэргийн сэдэлт, зорилгыг гэмт хэрэг үйлдэгчийн үг, биеийн хэлэмжээс гадна үйлдлийн дараалал, шинж чанарыг үр дагавар, түүнд хүрсэн цаг хугацаанд харьцуулан дүгнэх замаар тогтоож болох тул прокурорын эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд дурдсанаар С нь А-ыг “бусдын эрх ашгийг хамгаалж цагдаагийн албан хаагчид шаардлага тавьсны төлөө ... зөрчил үйлдсэн хэмээн дүгнэж, эрх чөлөөнд нь халдаж, эрүүлжүүлэх байранд хүргэх, [хожим] гаргах бүхий л үйл ажиллагааг удирдан явуулсан” гэж үзэх бүрэн үндэстэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг баталгаажуулан хамгаалсан тул хууль бусаар баривчлах, саатуулах зэргээр хүний эрх чөлөөг орон зай, цаг хугацаанд хязгаарласан аливаа үйлдлүүд нь эрүүгийн эрх зүйн энэ хоригт хамаарна гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадуур, тухайлбал хувийн болон албаны сэдэлттэй таарамжгүй харилцааны улмаас үзэмжээр, дур зоргоор хэнийг ч баривчилж, саатуулж, хорьж болохгүй гэж хяналтын шатны шүүхийн тогтоолд онцлон тэмдэглэжээ.
Шүүхийн шийдвэрийн тойм бэлтгэсэн: Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.