Тод мэдээ
Цасанд боогдсон малчдад тусламж үзүүлж байна
Цас их хэмжээгээр орсны улмаас өвөлжилт хүндэрсэн зарим аймаг, суманд Зэвсэгт хүчний алба хаагчид дэмжлэг үзүүлсээр байна. Дорнод аймагт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн томилгоот бүлгүүд цасанд боогдсон малчин айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байгаа бол Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ, Архуст суманд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхэн малын өвс, тэжээлийг тээвэрлэн хүргэх ажлыг гүйцэтгэж байна.
Төв аймгийн Онцгой комиссоос тавьсан саналын дагуу тус нэгтгэлийн авто техникийн инженер, ахмад Н.Энхбатаар ахлуулсан цэргийн алба хаагчид 3 нэгж техниктэйгээр дээрх сумдад ажиллаж байгаа юм.
Тэд малын өвс, тэжээлийг тээвэрлэн хүргэхийн зэрэгцээ айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, цаасанд боогдсон зам, давааг онгойлгож, тээвэрчдэд тусламж үзүүлсээр байна. Цэргийнхний нийгмийн хариуцлагын хүрээнд гүйцэтгэж буй энэхүү ажилд орон нутгийн удирдлага, малчид талархлаа илэрхийлсээр байгаа юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн хуваарь
Монгол Улсын хилийн боомтуудын 2024 оны тавдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Уншигч та бүхэн хилийн боомтуудын ажиллах болон түр хаах өдрийг дараах хуваариас харна уу гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Тод мэдээ
Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хоёрдугаар хэсгийг гүйцэтгэнэ
Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсгийг хийж гүйцэтгэнэ.
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Намьянжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг буюу алдвартын уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч нарт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөж байна.
Тод мэдээ
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 58 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 4 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 521 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 289 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 232 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллалаа.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 58 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” болон “Алтай улиастайн эрчим хүчний систем ТӨХК”-дад шаардлага хүргүүлж ажилласан байна.
Сэтгэгдэл