Дэлхий нийтээр..
Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэлийн талаар...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 11-нд болж, Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэлийн талаарх ангийн сайд Б.Жавхлангийн танилцуулгыг сонслоо.
МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН УРЬДЧИЛСАН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЛААР
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээхэд чиглэсэн боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны нэгдүгээр улиралд -3.9 хувьд хүрч унаад байсан эдийн засаг оны эцэст 4.0 орчим хувьд хүрч сайжирсан байна. Нэрлэсэн ДНБ 2022 онд 48 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 10 хувиар, 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон бодит ДНБ 28 их наяд төгрөгт хүрсэн байна.
Эдийн засгийн өсөлтийг салбараар авч үзвэл хөдөө аж ахуй, уул уурхайн салбар болон бүтээгдэхүүний цэвэр татвар бодит өсөлтөд гол хувь нэмэр оруулсан байна.
Монгол Улсын Засгийн газраас экспортыг эргэн сэргээхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны эхний хагаст 8.1 сая тонн буюу өмнөх оноос 12.7 хувиар агшаад байсан нүүрсний экспорт 2022 оны эцэст 31.6 сая тоннд хүрч 2021 оноос даруй хоёр дахин өссөн байна. Зэсийн баяжмалын хувьд 1.4 сая тонн экспортолж, өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ингэснээр АМНАТ-ийн орлого 2.7 их наяд төгрөгт хүрч, уул уурхайн орлого 4.1 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 750 орчим тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Төлбөрийн тэнцэл 2022 оны эцэст нэг тэрбум ам.долларын алдагдалтай гарч, гадаад валютын албан нөөц 3,399.6 сая ам.долларт хүрсэн. Уг нөөц нь валютын төлбөртэй барааны импортын нийт 4.7 сарын хэрэгцээг хангах түвшинд байна.
Засгийн газраас 2022 оны аравдугаар сард “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 362 дугаар тогтоол гаргаж хэрэгжүүлсэн нь гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд нөлөөлж улмаар “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд болон “Оюу толгой” ХХК нийт 1.1 тэрбум гаруй ам.доллар улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК дээрх тогтоол батлагдсанаас хойш арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 588.5 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий 6.6 сая тонн нүүрс борлуулжээ.
Мөн өнгөрсөн онд арилжааны банкууд гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас хэд хэдэн урт хугацаат санхүүжилтийг татсан нь валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлсөн байна.
Томоохон гарах урсгалын хувьд өнгөрсөн онд “МИК ОССК” ХХК 2019 онд гаргасан 300 сая ам.долларын бондын үлдэгдэл 130 сая ам.долларын үлдэгдлийг төлсөн. Мөн Монгол Улсын Засгийн газар 2022 оны арванхоёрдугаар сард Чингис бондын үлдэгдэл 136 сая ам.долларыг амжилттай төлж барагдуулаад байна.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлийг эргэн төлүүлэх ажлыг эрчимжүүлснээр 2022 онд 994.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ. Ингэснээр Засгийн газрын баталгаатай Самурай бондын эргэн төлөлтийг төлөх мөнгөн хөрөнгийг 100 хувь бүрдүүлж, цаашлаад 2022 оны эхэнд 1.3 хувь байсан өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт (CAR)-ийг зохистой түвшинд хүргэж тус банк дампуурах эрсдэлээс бүрэн гараад байна.
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Fitch, S&P, Moodys агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг жил бүр үнэлдэг. Энэ хүрээнд Fitch болон S&P агентлагууд 2022 оны зээлжих зэрэглэлийн үнэлгээг тав, долдугаар саруудад хийсэн бөгөөд олон улсын эдийн засаг Ковид-19 цар тахлын дараах сэргэлтийн арга хэмжээг авч мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, дэлхий даяар инфляц огцом нэмэгдэж, Орос Украйнын зэвсэгт мөргөлдөөн болон БНХАУ-ын тэг ковидын хатуу бодлого хэрэгжиж байгаа энэ хүнд цаг үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B, тогтвортой” төлөвт хэвээр хадгалсан.
МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСӨВ:
Нэгдсэн төсвийн нийт орлого: Засгийн газраас Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллөөс ангижрах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд эдийн засаг сэргэх төлөвт шилжиж байгаа нь төсвийн орлого нэмэгдэхэд эерэг үр дүн үзүүлж байна.
Нэгдсэн төсвийн нийт орлого 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18,593.1 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 11.3 хувиар буюу 1,886.9 тэрбум төгрөгөөр давж, өмнөх оны мөн үеийнхээс 25.5 хувиар буюу 4,337.9 тэрбум төгрөгөөр илүү төвлөрсөн үзүүлэлттэй байна.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого: 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17,198.5 тэрбум төгрөгт хүрч төлөвлөгөөнөөс 7.8 хувь буюу 1,244.0 тэрбум төгрөгөөр давж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4,487.1 тэрбум төгрөгөөр буюу 35.3 хувиар нэмэгдсэн байна.
Засгийн газар хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах замаар экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, голлох боомтууд болох Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод автомат удирдлагатай чингэлэгт тээвэр (AGV) нэвтрүүлж, нэвтрэх машины тоог нэмэгдүүлсэн. Тухайлбал, Булган, Ханги, Замын-Үүд боомтуудаар гарах нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авсны үр дүнд эхний хагас жилийн байдлаар 8 сая тонн байсан нүүрсний экспортыг 31.7 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 90.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн зэсийн баяжмалын хувьд 1.4 сая тонн экспортолж, өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Улмаар нийт экспортын хэмжээ 12.5 тэрбум ам.долларт хүрч, төлөвлөгөөнөөс даруй 3.5 тэрбум ам.доллароор өссөн байна. Энэхүү үзүүлэлт нь АМНАТ, ААНОАТ-ын орлого нэмэгдэхэд голлон нөлөөлсөн байна.
Татварын орлого 15,568.3 тэрбум төгрөгт хүрч төлөвлөснөөс 1,710.7 тэрбум төгрөгөөр буюу 12.3 хувиар давж биелсэн байна.
Нэгдсэн төсвийн нийт зарлага: Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 18,177.8 тэрбум төгрөг болж зарлагын төлөвлөгөө 3.5 хувиар буюу 656.0 тэрбум төгрөгөөр дутуу, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.3 хувиар буюу 2,547.4 тэрбум төгрөгөөр илүү байна.
Хөрөнгийн зардал 445.7 тэрбум төгрөг, бараа, ажил үйлчилгээний зардал 348.3 тэрбум төгрөг, хүүгийн зардал 74.7 тэрбум төгрөг, татаас 41.2 тэрбум төгрөг, урсгал шилжүүлгийн зардал 146.6 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулагдсан байна.
Төсвийн хэмнэлт: Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийн төсөл 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-аар батлагдаж хөшөө дурсгал, угтах хаалга, дэд болон орлогч дарга нарын орон тоо, автомашины хэрэглээг хязгаарласан нь төсвийн сахилга хариуцлагыг чангатгах, төрийн үрэлгэн байдлын эсрэг соёл, чиг хандлагыг тогтоох эерэг үр дагавартай болсон.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд 2022 онд урсгал зардлаас 189.1 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардлаас 156.4 тэрбум төгрөгийг тус тус хэмнэсэн бол 2023 оны төсөвт нэг их наяд төгрөгийн зардлын нөлөөлөл үүсэх байсныг зогсоож чадсан байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт: Монгол Улсын 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1376 төсөл, арга хэмжээний 1,697.3 тэрбум төгрөг батлагдсанаас, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1369 төсөл, арга хэмжээний 1,393.7 тэрбум төгрөг, “Барих-шилжүүлэх” нөхцөлтэй концессын гэрээ байгуулсан төслүүдийн эргэн төлөлтөд долоон төсөл, арга хэмжээний 303.6 тэрбум төгрөг тус тус батлагдсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 1,539.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноор 90.7 хувьтай гарсан байна.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/04/05
ЗГ: Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны салбарын үүрэг оролцоог чухалчи...
-
Дэлхий нийтээр..2022/02/09
Төсөл хэрэгжүүлэгчдэд батламж гардуулж, гэрээ байгуулах эрх олгов
-
Дэлхий нийтээр..2024/12/12
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг...
-
Дэлхий нийтээр..2025/09/25
ЗГ: "Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги"-ийн төслийг хэлэлцэн дэмжив
