Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Зурхайч Д.Сайнсайхан: Идээ унд элбэг, өвчин зовлонгүй, бие, сэтгэл амгалан жил гарч байна

Огноо:

,

Сэтгүүлч:

 Сайхан бүхнээ бэлгэдэн, ерөөлийн үгс хэлэлцэж, амар мэндээ мэдэлцэх сар шинийн баяр айсуй.  Тиймдээ ч дор бүрнээ бэлтгэл юугаан базаагаад эхэлсэн энэ үед ирж буй “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн өнгө, засал номын талаар Бусдад Туслахуй Анагаах ухааны “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхантай ярилцлаа. 

 
-Сарын дараа шинэ жил гарах нь ээ. Ирж буй Үзэсгэлэн болгогч Усан туулай жилийн өнгө зурхайд хэрхэн бууж байна вэ? 
-Дорнын зурхай 12 жилийг 5 махбодоор хувилган 60 жил үзээд жаран хэмээн нэрлэдэг. Энэхүү жаран жил тус бүрдээ нэртэй бөгөөд өөр өөрийн утга учиртай. “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн хувьд зурхайн шүн номлол судар 60 жилийн онцлогоос үзвэл: Идээ унд элбэг, өвчин зовлонгүй, бие, сэтгэл амгалан, ихэс дээдэс төрийг ёсчилон тэтгэж, ард иргэд амгалантай, найр наадам элбэг жил гарч байна.
 
Мөн жилийн өнгө хур бороо, ургац, хүн ардын байдлыг шинждэг шороон үхрийн зурлагаар бол үхэр нь: Шороон үхрийн толгой, эвэр, чих, сүүл, омруу, туурай нь хөх, шийр, ногт нь улаан, бие нь ногоон, цулбуур нь шар, ходоод нь цагаан, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарвасан байна. Энэхүү шинжээр улирлын эхээр хур болон салхи шуурга ихтэй, дөрвөн улирал бүрийн сүүлээр хур бага, жилийн дундуур өвс, ногоо, тариа будаа ургац сайтай байна.
 
Харин үхэр хариулаач нь: Өвгөн хүмүүн царай нь улаан, дээл нь хөх, бүс нь шар, малгайгаа баруун гартаа барьсан, нэг гэзгээ баруун чихнийхээ араар, нөгөө гэзгээ зүүн чихнийхээ урдуур унжуулсан, олс бургасан иштэй хөх шилбүүр барьсан, хөх гутал өмссөж үхрийн өмнө яаравчлан гүйж явна. Энэхүү шинжээр: Настанд буюу өндөр дээд суудалтанд ээлтэй сайн амгалан ажил үйлс бүтэмжтэй, идэр залуус буюу дунд түшмэдэд дунд зэрэг, нялхас буюу энгийн ард иргэдэд ширүүвтэр байх төлөвтэй ба жилийн ерөнхий төлөв хааны хүч их болж ард түмний амьдрал доройтож, үймээн самуун, хямрал тэмцэл гарах талтай, элдэв өвчин ялангуяа халуун өвчнөөс болгоомжлох нь байна.
 
-Туулай жилтнүүд жил орж байгаа. Эдгээр хүмүүс ямар засал номыг хийлгэх вэ?
-Монголчууд нь “Рангэг” буюу “Өөрийн тотгор”-ыг “Жил орох” гэж нэрлэдэг. Туулай жил  2011, 1951 онд төрсөн 13, 73 настнуудын хувьд хүү махбодтой жил байх нь. 13-ны жил ороход хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Ингэхдээ зүгээр нэг өвдөх биш, хүнд хэлбэрээр өвдөх, ужиг өвчтэй болсон хүүхдүүд бий. Иймээс 13-тай хүүхэд, 73-тай хөгшдийн бие, эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Засал нь: Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиулна.

Харин 1999, 1939 онд төрсөн 25, 85 настнуудын хувьд нөхөр махбодтой жил буюу  “Жаргал зовлон ээлжилдэг жил”. Энэ нь ажил үйлсэд нь их нөлөөтэй. Би 25-ны жил нь орж байгаа хүмүүсээс “Ажил үйлс бүтэмжтэй юу” гэж асуухаар “Үгүй ч юм шиг. Тэгсэн атлаа бүтэхгүй байна уу гэхээр бүтэх гээд ч байгаа юм шиг” гэж нийтлэг хариулна шүү. Засал нь: Догсом, Цэнд, Доржнамжимын жавтий айлтгуулаарай.

Мөн 1987, 1927 онд төрсөн 37, 97 настнуудын хувьд дайсан махбодтой жил. Хийморь доройтон, бие өвдөх, гарз гарлага гарах гэм буй. Засал нь: Ширнэн, Догсом, Усан балин, Саа-юм, Цэвэгмэдийн чого уншуулна.

1975 онд төрсөн 49 насанд эх махбодтой жил бөгөөд үүнийг “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг. Сүлд нь хүний амь настай холбоотой учраас амь насны зэтгэр хөдөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай. Тиймээс 49-ний жил дээр хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй. Засал нь: Нити, Хийморийн сан айлтгуулаарай.

1963 онд төрсөн 61 насанд өөрийн махбодтой жил бөгөөд гадны хөнөөл ирэх гэм буй. Засал нь: Ширнэн, Сац талби, Цэвэгмэдийн чого айлтгуулаарай.  Эрэгтэй хүн жилээ угтах ширүүн, эмэгтэй хүн жилээ дагах ширүүн учраас дээрх шинжүүдээс ажиглан жил орохын өмнө болон жил орсны дараа жил засал ном, эргэл мөргөл шамдаж анхаарал болгоомжтой байна.

-Ер нь жилийн засал болон онцгой засал номыг ямар давтамжтай хийлгэх вэ?
- Жил орж байгаа, урвасан жилийн үүд, их, бага харш, логор жил гарсан хүмүүс засал номоо жилд аль болох олон уншуулбал сайн. Учир нь хүнд нөлөөлж байгаа нөлөөллийг багасгах гэж байгаа учраас олон уншуулах тусмаа л сайн. Ер нь жилийн засал номоо жилийн эхээр юм уу, эсвэл 12 дугаар сарын сүүлээр ес эхлэхэд дараа жилийн өнгө ордог гэдэг утгаараа энэ үед их хийлгэдэг. Хүмүүс сонин, интернэтээс хараад засал номоо хийлгэхээс илүүтэй зурхайчид үзүүлж, гэр бүлийн гишүүн бүр тухайн жилд юуг анхаарч, юу хийж болох, болохгүйгээ мэдэж авч, ямар засал номыг ямар давтамжтайгаар хийлгэхээ мэдэж, ойлгох хэрэгтэй. Зурхайчид хандалгүй заслаа хийлгэсэн, эсвэл өөрөө заслаа хийлгээгүй, эмээ, өвөө юмуу эхнэр, нөхөр нь өмнөөс нь ном уншуулчихсан хүмүүс жилийн дундуур юмуу, сүүлээр асуудал тулгараад ирдэг. Засал номонд ингэж хөнгөн хандаж болохгүй. Жилд нэг удаа хийлгэж байгаа жилийнхээ засал номыг хийлгэхдээ хүмүүс чухалчлах ёстой. Үүнийг үл тоомсорлосон, ээж аавдаа найддаг хүмүүс элдэв барцад саад, асуудал үүсээд ирдэг нь олонтаа. Мөн жилийн заслаас гадна нууц жилийн харш, мэнгэ, махбодын таарамж тохиромж муу мөртлөө нэг гэр бүл болоод амьдарч байгаа хүмүүс тухайн харшийнхаа заслыг жилд нэг удаа хийлгэх хэрэгтэй. Түүнчлэн хүүхдүүдийнхээ дэмбэрэл буюу төөргийн зурхайг зуруулж, билгийн насаар хэд хэдэн насан дээр нь барцад саадтай байгаа нь урьдчилан танин мэдэж, зан чанараа анхааран засч, засал ном дээрээ нэмж уншуулах хэрэгтэй.
 
УРВАСАН ЖИЛ БУЮУ ДОТООД ЖИЛИЙН НӨЛӨӨ МАШ ИХ БАЙДАГ

- За тэгвэл урвасан жилийн тухай яриагаа үргэлжлүүлэх үү?
- Урвасан жил нь огторгуйн үүд, гарзын үүд, яс тасрахын үүд, хагацахын үүд, үгүйрлийн үүд, олзны үүд тус тус нээгдэх юм. Тухайлбал, хагацахын үүд нээгдсэн хүмүүсээс “Уур чинь хүрч байна уу” гэж асуухаар “Их ууртай байгаа”-гаа чин үнэнээр хэлдэг. Тэдгээр хүмүүст би “Таны уурын үүд нээгдчхэж” гэж хэлдэг юм. Би үүнийг “Уурын үүд” гээд нэрлэчихсэн. Хүмүүс “Хагацахын үүд” гэхээр их айдаг. Үхэж хагацах юм болов уу, хэнээс хагацах гээд байгаа юм бол гэж. Хүн уурлахаараа хамгийн ойр дотны хүнээсээ холдож салдаг шүү дээ, түүнийг л хагацахын үүд гээд байгаа юм. Хагацахын үүд буюу уурын үүд нь нээгдсэн хүмүүст хагацахын үүдийг хаалгах Дашдондов, Доржнамжил, Алтангэрэл гэсэн гурван номыг уншуулахаас гадна өөрөө сахиж явах хоёр зүйлийг хэлж өгье. Нэгдүгээрт, тухайн хүн өөрөө хэл ам, хэрүүл тэмцлээс хол явах, хоёрдугаарт, өрөөл бусдын хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийж явах хэрэгтэй. Энэ хоёр зүйлийг сахихгүй бол тухайн хэл амны нөлөө тэр хүнд гай үсэрч байгаа юм шиг нөлөөлдөг. Тиймээс хүн аливаа засал ном хийлгэсэн ч өөрөө сахих зүйлийг мөрдөж дагахгүй бол засал ном хийлгэсний хэрэг гардаггүй. Хойшоо харсан амтай агуйд нарны гэрэл тусдаггүй нь нарны буруу биш агуйн буруу шүү дээ.
Харин үгүйрлийн буюу гарзын үүд нээгдвэл эд баялаг тогтохгүй, сэтгэл санаа тавгүй болдог. Гарзын үүдийг хаах засал ном нь Дашдондов, Дашзэвэг, Сахиусны ганшиг. Тэгвэл олзны үүд нээгдвэл тухайн хүний ажил үйлс, санасан сэдсэн томоохон үйл бүтдэг. Яс тасрахын үүд нээгдвэл хэл аманд орох талтай. Газрын үүд нээгдвэл газар лусын үйлээс болгоомжлох хэрэгтэй. Огторгуйн үүд нээгдсэн хүн уул хад, өндөр зүйл дээр гарахыг цээрлэхээс гадна нохой шинээр авч тэжээж болдоггүй. Үүнийг анхаарах хэрэгтэй.

-Сүүлийн жилүүдэд 33–ны мөчлөгийн засал гэж их ярьдаг болсон. 33-ны мөчлөг гэдгийг та тайлбарлаж өгөөч?
-Энэ удаад 33-ны мөчлөг 1991 оны Төмөр хонь жилтнүүдэд тохиож байна. Эрэгтэй хүн эхээсээ төрөхдөө гал, эмэгтэй хүн усан суудал дээр суудаг. 33-ны мөчлөг дээр төрөхөд анх суусан суудал дээрээ суудаг. Харин жил орж байсан мөчлөгүүдийг харахад эрэгтэй хүн 13 насан дээрээ ус, эмэгтэй нь гал дээр суудаг. Тэгэхээр суудлаа сэлгэх болон суудал дээрээ суух үед хатуу нөлөөтэй байдаг. Энэ 33-ны мөчлөг буюу эхийн хий нь суудлын гүймигтэй давхцдаг. Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. 9 насны мөчлөгтэй 1, 9, 18, 27, 36, 45, 54, 63 гэх мэтчилэн насанд насны гүймигийн заслыг хийлгэх ёстой. Суудлын гүймиг нь эрэгтэй хүн гал, эмэгтэй хүн усан суудал дээр сууж байгаа энэ мөчлөгийг хэлж байгаа юм.

33-ны мөчлөгийн талаар бид учир утгыг мэдэх, мэдэхгүй, итгэх, итгэхгүй дом засал арга гэж хийнэ гэж явахаар хүн өөрөө байгалийн, сэтгэлийн амьтан учраас тухайн жилийн эхээс төрөхөд суудаг суудлын гараг эрхсийн нөлөөг арилган суудлын гүймигийн заслаа сайн хийлгээд ээжийнхээ ачийг санаж баярлуулаад хариуд нь сайн сайхан ерөөл хэлүүлж үнсүүлэх нь зөв гэж зөвлөдөг. Тэгж зөвлөхөөр хүмүүс их гайхдаг л даа. Ном асуух гэж ирсэн чинь ээжийгээ баярлуул гэж хэлдэг ямар сонин юм бэ гэдэг. Хүмүүс айдас, сэжиг ихтэй. 33-ны мөчлөг орох гэж байна, орж байна, заслаа хийлгэхгүй бол болохгүй гэнэ ээ гээд ирдэг. Ажиглаад байхад энэ нь үнэний ортой харагддаг. Одоо жил өнгөрөх гэж байхад 33-ны мөчлөгийн заслаа хийгээгүй хэл ам, хэрэг зарганд орооцолдсон, амьдрал нь бараг муу тал руугаа хөмөрчих гээд байна гэсэн залуучууд ирдэг нь харамсалтай санагддаг. Тиймээс 33-ны мөчлөгийн хамгийн том засал нь ээжийгээ баярлуулах юм шүү дээ. Бид эцэг, эхийгээ баярлуулах хамгийн том зүйл бол сайн явж, сайхан зөв амьдарч, бусдад тустай нэр бүтэн явах л гэж би боддог. Хөхүүл хүүхэдтэй эх хүн горьдчихоор ямар ч эмнэлэг, ямар ч мундаг ном горьдоог нь гаргаж дийлдэггүй. Харин горьдоог нь гаргасан хойно сэтгэлзүйн хувьд сайхан болоод хөх нь чинэрч зовуурилж байсан маш хүнд эмгэг нь эдгэчихдэг шүү дээ. Энэ сонин хэрэг шүү. Үүнийг одоо болтол шинжлэх ухаан тайлбарлаагүй байна. Түүнтэй адил ээжийгээ баярлуулж чадвал илүү сайн. Энэ бол том нөлөөг засах засал юм.
 
ЗАСАЛ НОМОНД ИНГЭЖ ХӨНГӨН ХАНДАЖ БОЛОХГҮЙ

-Харш жил нь гарч байгаа хүмүүс ямар засал номыг уншуулах вэ?
- Тахиа жилтнүүд “Дүнсэр” буюу “Их харш жил” жил гарч байгаа тул амь насны зэтгэр хөдөлдөг ба аливаа үйлдсэн ажил үйлд саад гардаг. Жадамба, Цагаан шүхэрт, Жанцанзэмүвүнжан, Банзрагч, Чойжилын ганшиг, Их харшын засал, аян замд явбал Чойжоо дүгжүү гаргавал сайн.

Хулгана, морь жилтнүүд “Шишид” буюу “Бага харш жил” гарч байгаа тул гахай жилтэн хэл ам, бие өвдөх хямрах, могой жилтнүүд сэтгэл санаа хямрах, гарз гарахаас сэрэмжилж, Жадамба, Ногоон дарь эх уншуулж, Бага харшийн засал, Амин золиг гаргуулбал сайн.

Гахай, хонь жилтнүүд “Ивээл жилийн харш” буюу “Түнсүм” засалтай. Хийморь доройтдог тул бусдын хөнөөл, гарз гарах, хол газар явах, их үйл эхлэн үйлдэхийг тэвчин “Хийморийн сан”, дарцаг хийсгэн, “Цагаан шүхэрт”, “Сахиусны ганшиг”, “13 сан” уншуулаарай.

Хулгана жилтнүүд хулганыг туулай хөөх харш учраас “Цагаан жил” буюу “Логар” нь сэтгэл санаа тавгүйрхэх, санаа зовоох асуудлууд гарч ирэх, бие өвдөх, яр шарх гарах гарах гэм буй.  Засал нь “Манлын чого”, “Гурван гүрэм”,  “Сахиусны ганшиг”-ийг  уншуулаарай.

-Өөр онцгойлон засалтай ямар жилтнүүд байна вэ? Бид яриандаа орхичихоогүй байгаа.
- Байна аа, туулай жилд зургаан цагаан мэнгэтэй хүмүүс мэнгэ голлож байна. Тодруулбал, 2014. 1978. 1942 оны морь, 2005, 1969, 1933 оны тахиа, 1996, 1960, 1924 оны хулгана, 1987, 1951 оны туулай жилтнүүд хэрүүл тэмцлээс зайлсхийж, гарз гарахаас сэрэмжлэн Мэнгэний засал хийлгэж, “Жанаггагдог”, “Далха” тахиулж, “Алтангэрэл”, “Цэвэгмэдийн чого" уншуулна. Түүнчлэн гахай, хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтнүүд Ши буюу үхэх жилийн Нашидүрсүмийн засалтай. Нашидүрсүм гэдэг нь На буюу өвдөх, Ши буюу үхэх, Дүр буюу үхээрт орших гэсэн 3 үгийн нийлбэр бөгөөд гурван жил дараалан тохиодог.  Энэ шууд утгаараа үхэхийн нэр биш юм шүү, зөвөөр ойлгоорой. Өвдөх гэдэг нь гарз гарахаас болгоомжил, Үхэх гэдэг нь ажил үйлсдээ анхаарах, Үхээрт орших гэдэг нь хэл ам хэрүүл тэмцлээс сэрэмжлэхийг анхааруулж байдаг. Цаад утгандаа ажил үйлсдээ анхааран, нягт нямбай байхыг сануулж байгаа юм. 9 хар, 9 цагаан чулуу бэлтгээд Нашидүрсүмийн засал заавал хийлгэвэл зохистой. Жилийн Нашидүрсүмээс гадна суудлын Нашидүрсүмийн заслаа зурхайчаас асууж, засал номондоо шамдаарай гэж зөвлөж байна.

-Тан дээр ойр дотны хүмүүсийнхээ Дэмбэрэлийн зурхай буюу хүний насан туршийн төөргийн зурхайг зуруулах гэж хүн их ирдэг бололтой. Энэ ямар учиртай зурхай юм бэ?
- Уг нь энэ дэмбэрэл буюу төөргийн зурхайг хүүхэд анх төрөхөд зурхайчаар зуруулж сайн зан чанар амьдралыг нь бэлгэдэн ерөөж нэрийг нь өгөх, улмаар өөрийн давуу тал өгөгдөлөөрөө мэргэжлээ сонгох, хань ижилээ сонгох, эсвэл хүнтэй суухгүй байгаа бол хань ижлийн тал дээрх хатуу жил, сар, өдөр, цагт төрсөн эсэх гэх мэт алдаа дутагдлаа нас биед хүрэхээсээ өмнө ном заслаар юмуу өөрийн зан чанар, ертөнцийг үзэх үзэл хандлагаараа засах гэх мэт олон төрлийн өндөр ач холбогдолтой зурхайн зурлага юмаа. Одоо 1900 онд төрсөн хүнээс дөнгөж төрж байгаа хүүхдүүд гаргуулж байна Төрөхөд нь энэ уламжлалыг мэдэхгүй өнгөрөөснөөс одоо хүмүүс амьдралдаа илүү их алдаж амьдарч байх шиг байна. Амьдрал нь болохгүй ямар нэгэн асуудалтай байгаа насанд хүрсэн хэдэн ч насны хүмүүс ирж их зуруулж байгаагаас харагдаж байна. Бурханы сургаальд хүртэл өөрийгөө танин мэдэж байж төгс гэгээрэлд хүрдэг шүү дээ. Бид бүхэн аливаа зовлон бэрхшээлийн уг шалтгааныг гаднаас хайх биш өөрсдийгөө таньж мэдэж, засан залруулж байж арилгана гэдийг ухаарах хэрэгтэй. Тиймээс энэ мартагдах гээд байгаа маш хэрэгтэй уламжлалт зурхайн ухааны уламжлалуудыг сэргээх тал дээр би залуу хүн, уламжлалтын эмч, зурхайч лам хүний хувьд анхаарч, амьтанд туслах болов уу гэх үүднээс ажилладаг юм.

-Ярилцсанд баярлалаа.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

Огноо:

,

“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд  танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх, 

-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,

-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Огноо:

,

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.  

Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.

Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ. 

Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.

 

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Огноо:

,

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв. 

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/10/16

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Үйл явдал2026/10/16

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Үйл явдал2026/10/16

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Үйл явдал21 цаг 59 минут

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хэн юу хэлэв...22 цаг 5 минут

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Хэн юу хэлэв...22 цаг 11 минут

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Үйл явдал22 цаг 14 минут

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Үйл явдал22 цаг 18 минут

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Үйл явдал22 цаг 28 минут

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Үйл явдал22 цаг 34 минут

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-...

Үйл явдал22 цаг 40 минут

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг...

Үйл явдал2026/10/13

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ...

Үйл явдал2026/10/13

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Үйл явдал2026/10/13

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний х...

Үйл явдал2026/10/13

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн...

Дэлхий нийтээр..2026/10/12

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Үйл явдал2026/10/12

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Үйл явдал2026/10/12

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Үйл явдал2026/10/12

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Үйл явдал2026/10/12

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Үйл явдал2026/10/12

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Үйл явдал2026/10/12

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1....

Хэн юу хэлэв...2026/10/12

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Үйл явдал2026/10/01

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл ба...

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Үйл явдал2026/10/01

Жетро монголд салбараа нээнэ

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээли...

Үйл явдал2026/10/01

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлал...

Хэн юу хэлэв...2026/09/30

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ

Үйл явдал2026/09/30

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Санал болгох