Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ноён Ким Жун Гүг Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэв.
Ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын бодлоготой уялдуулан дагуул хот байгуулах туршлага, байгаль орчин, эрүүл мэнд, дэд бүтцийн чиглэлээр дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
БНСУ-ын Элчин сайд үүрэгт ажлаа авснаас хойш анх удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж буйг онцлоод хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Тэрбээр хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах тэр дундаа эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө ажиллахаа илэрхийлэв. Мөн 2023 оны хоёрдугаар сард Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Солонгосын аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй санал солилцох уулзалтыг БНСУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулахаар төлөвлөж буйг ярилаа.
Тод индэр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Тод индэр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шанхайн экспо”-гийн нээлтэд үг хэллээ
БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Хятадын олон улсын импортын VII экспо”-гийн нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэв.
“Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя” уриан дор болж буй энэ удаагийн экспогийн нээлтийн ёслолд Пакистан, Серби, Словак, Узбекистан, Малайз, Казахстан зэрэг орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хамт тэрбээр хүндэт зочноор оролцож байна. Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд парламентад суудал бүхий улс төрийн бүх намын удирдлага, Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүний хамт “Шанхайн экспо”-д өргөн бүрэлдэхүүнтэй, хувийн хэвшлийн олон төлөөлөлтэй оролцож буйгаараа онцлогтой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ази, европын стратегийн уулзварт оршдог Монгол Улс энэхүү экспод идэвхтэй оролцох нь хөрш орон БНХАУ төдийгүй бусад улстай эдийн засгийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх өргөн боломж нээсээр ирсэн. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа. Хоёр улсын худалдааны эргэлт 2023 оны байдлаар 17.6 тэрбум ам.долларт хүрсэн. Цаашид 20 тэрбумд хүргэхээр талууд зорьж байна. Монгол Улс “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогоо БНХАУ-ын “Бүс ба Зам” болон “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай уялдуулж, “Чайна Энержи”, CNPC буюу Хятадын үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци зэрэг томоохон компанитай нүүрс болон эрчим хүчний хосолсон шийдэл, усан цахилгаан станц, төмөр замын төслүүдэд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.
Мөн Монгол Улсын Засгийн газар асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед гурван гол шилжилтийг хийж, шинэ эдийн засгийн бүтцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Нэгдүгээрт, AI хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох, хоёрдугаарт, ногоон хөгжлийн шилжилтийг хэрэгжүүлэх, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилтэд анхаарч, ирээдүйн хөгжлөө төлөвлөж байна. Монгол Улсын аж ахуйн нэгжүүд энэ удаагийн Шанхайн экспод дэлхийд танигдсан ноос, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс гадна уул уурхайн салбарынхаа хөгжил дэвшил, зах зээлд өрсөлдөх боломжийг өргөнөөр танилцуулж буй нь цаашид байгалийн баялгийн бэлтгэн нийлүүлэгчээс үйлдвэрлэлд суурилсан ханган нийлүүлэгчийн байр сууринд хүрэх зорилготой. Манай өвөг дээдсийн сургаалд “Монголын За бол Андгай” хэмээх сайхан үг байдаг. Бид хэлцэл бол хэлцэл, гэрээ бол гэрээ хэмээсэн зарчимд тулгуурлан хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин, цахим нээлттэй засаглал, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэсээр ирсэн. Бид Та бүхэнтэй харилцан суралцах, харилцан ашигтай түншлэн ажиллахад бэлэн байна гэлээ.
Ерөнхий сайд дараа нь “Шанхайн экспо”-д оролцож буй Монголын аж ахуйн нэгжүүдийн талбайгаар зочилж, амжилт хүслээ. Өнгөрсөн жилүүдэд манай улсын ноос ноолууран бүтээгдэхүүн, шингэн хүнс үйлдвэрлэгчид тус экспод оролцсон бол энэ жил 10 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож байна. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүн “Эрдэнэс Монгол нэгдэл”, түүний гишүүн “Эрдэнэс Тавантолгой” компани болон “Ньюком групп”, “Макс групп”, “Капитал Маркет Монгол” зэрэг компани ажиллаж байна. Үзэсгэлэнгийн үеэр Монголын уул уурхайн салбар, хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийн мэдээллээ хуваалцаж, ирэх жил болох “Mining week-MinePro 2025” арга хэмжээний сурталчилгааг олон улсад танилцуулах юм.
2018 оноос хойш жил бүрийн арваннэгдүгээр сарын 5-10-нд зохион байгуулагдаж буй Шанхайн экспо нь даян дэлхийн хамтын ажиллагаа, худалдааны шинэ боломжийг хамтдаа эрэлхийлэх үндсэн зорилготой. Энэхүү экспо нь хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, автомашин, ухаалаг үйлдвэрлэл болон мэдээлэл технологи, өргөн хэрэглээний бараа, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмж, худалдаа үйлчилгээ гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрддэг. Түүнчлэн инновацын тусгай хэсэг, олон улсын үндэсний дүр төрхийг харуулсан үзэсгэлэнгийн тусгай хэсэг зэрэг нийт 15 чиглэлээр зохион байгуулагдаж байна.
Зургаан удаагийн экспо зохион байгуулахад 173 улс, бүс нутаг, олон улсын байгууллага оролцож, нийт 420 тэрбум ам.долларын бодит худалдан авалт, борлуулалтын гүйлгээ хийж, 2500 нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, дэвшилтэт шинэ технологийг танилцуулжээ.
Тод индэр
Г.Отгонтамир: Халтиргаа, гулгаатай үед өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд цас орж, цаг агаар хүйтэрсэн учраас Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа эсэх асуудлаар хяналт шалгалтыг хийсэн юм. 10 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад жолооч нар зөвхөн урд хоёр дугуйгаа өвлийн дугуйгаар сольсон эсвэл гулгаатай үед зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож буй зөрчлүүдийг илрүүлэв. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир цас орсон үед зайлшгүй өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцохыг иргэд болон аж ахуйн нэгжийн түгээлтийн жолооч нарт анхаарууллаа. Учир нь өвлийн дугуй нь арзгар хээ, ховилтой тул зуны дугуйтай харьцуулахад цас, мөстэй замд барьцалдах чадвар сайн. Халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг. Өвлийн цаг агаарын нөхцөлд зориулагдсан тул дулаанд амархан халалт үүсдэг зэрэг онцлогтой. Тиймээс цас орсон үед иргэд зайлшгүй зуны дугуйг өвлийн дугуйгаар сольж, урьдчилан бэлтгэх хэрэгтэйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.
Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Жолооч нар тээврийн хэрэгслийг өвөлд бэлтгэх ажлыг есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр урьдчилан бэлдэх ёстой. Ялангуяа алслагдсан гэр хорооллын гудамж, замууд цас орсны дараа амархан мөстдөг. Налуу, эгц замууд ч байдаг шүү дээ. Жолооч та өвлийн дугуйгаа эрт солихгүй бол аль ч замаар зорчиж болно. Тиймээс жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, цас орсон болон гулгаатай үед зайлшгүй өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Ингэснээр өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ.
Авто зам дээр шалгалт хийх үед түгээлтийн автомашинууд хүртэл тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй хөдөлгөөнд оролцож байна. Үүнд аж ахуйн нэгжүүд, удирдлагууд нь анхаарах хэрэгтэй. Удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд тухайн байгууллагыг Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулдаг. Иргэд өвлийн дугуйгүй байгаадаа олон тайлбар хэлж байгаа ч энэ бол эцэст нь таны болон бусдын амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулж болзошгүй чухал асуудал. Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан цас орсон үед зогсоох арга хэмжээ авахад хамгийн чухал зүйл бол өвлийн дугуй. Мөн жолооч нар маань тээврийн хэрэгслийн гэрэл дохио зэрэг бусад бүрэн байдлыг ч хангах шаардлагатай” гэдгийг хэллээ.
Тод индэр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алтан намар-2024” ургацын баярт оролцлоо
Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой, “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Алтан намар-2024” ургацын баяр Дархан-Уул аймгийн Дархан хотод болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх атар газар эзэмшсэний 65 жилийн ойн баярын хуралд оролцож үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жил, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг салбарын үе үеийн ажилтан, албан хаагч, малчин, тариаланч, үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд хүргэж, талархал илэрхийлэв.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс ард иргэдийнхээ хүнсний хэрэгцээг хангах, экспортлох зорилгоор Атрын гурван удаагийн аяныг үндэсний хэмжээнд өрнүүлж байсан түүх, ололт амжилтыг дурдлаа.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг чухал асуудал нь хүн амаа эрүүл, аюулгүй орчин, найдвартай, эрүүл хүнсээр хангах явдал бөгөөд байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарах ёстойг онцоллоо.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” болон “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг улс орон даяар санаачлан хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.
Тухайлбал, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, захиргааны 35 байгууллага хамтран ажиллаж, хууль дүрэм, төсөв санхүү, хөнгөлөлттэй зээл, гааль татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс эхлүүлээд 114 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Үндэсний хөдөлгөөн хэрэгжсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд арилжааны банкаар дамжуулан 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт 1.3 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 3,100 орчим хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгч иргэн, аж ахуйн нэгжид олгоод байна.
Үүний үр дүнд хүнсний салбарт нийт 24 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 2023 оны байдлаар хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодоосоо хангаж чадсаныг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлснээр байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд шинэ боломж нээгдэж, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжил хангагдах, худалдаа, экспорт, хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэх, ядуурал буурах зэрэг олон эерэг үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монгол Улс “Эрүүл хүнс үйлдвэрлэгч, хүнс экспортлогч орон” болох зорилтын хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд буюу төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлэхээр зорьж байна.
Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймагт шилжүүлэн байршуулахаар Улсын Их Хурал, Засгийн газраас шийдвэр гарсан юм.
Цаашид байгаль орчинд ээлтэй, бүсчилсэн хөгжил болон тогтвортой хөгжлийг дэмжсэн газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил, үр дүн гарах учиртайг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Тодруулбал, төр, хувийн хэвшлийн зүгээс:
- Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургыг бууруулж, ногоон хөгжлийг дэмжсэн, дэвшилтэт технологи, инновацад суурилсан, дэлхийн жишигт нийцсэн, экспортод чиглэсэн газар тариалангийн салбарыг хөгжлийн шинэ түвшинд гаргах цогц шинэчлэл, бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
- Бүсчилсэн хөгжлийг дэмжсэн газар тариалангийн кластер, цогцолборуудыг байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын нэгдсэн тогтолцоо, жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулах, тээвэр логистикийн оновчтой сүлжээг бий болгох, боловсон хүчнийг бэлтгэх;
- Эрүүл ахуй, чанарын асуудлыг шат шатандаа анхаарч, аюулгүй байдлын хяналтыг эрс чангатгах;
- Төсөв, хөрөнгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн зөв ашиглаж, зээл санхүүжилт, татвар, даатгал зэрэг санхүүгийн хөшүүргүүдийг оновчтой, хүртээмжтэй ашиглаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дэмжих зэрэгт анхаарах шаардлагатай байгааг онцлов.
Ингэснээр ард иргэдээ гарал үүсэл нь тодорхой, найдвартай, дотоодын эрүүл хүнсээр хангаж, ажлын байрыг нэмэгдүүлж, монгол хүний амьдралын чанар сайжирч, улмаар Монгол Улс хүнс экспортлогч орон болох боломж бүрдэнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх орноо эрүүл хүнсээр хангах их үйлсэд хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажилтан, албан хаагчид, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн дэмжлэг, манлайлал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгийн чухал гэдгийг мөн онцлон тэмдэглэж, хурлын оролцогчдод амжилт хүсэв.
Баярын хуралд УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков нарын албаны төлөөлөгчид, салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдын төлөөлөл, иргэд оролцлоо.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ойн баярын мэндийг хүргэв.
Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөө аж ахуйн салбарыг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд ЗХУ-аас дэмжлэг үзүүлж, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг нийлүүлж, мэргэжилтэн, зааварлагчдыг томилон явуулж байсныг дурдаж, хоёр улсын хамтын түүхийн баатарлаг хөдөлмөрийн хуудас мөн гэдгийг онцоллоо.
Цаашид Дархан-Уул аймаг, Дархан хот шинэчлэгдэн хөгжиж, энэ бүс нутагт шинэ үйлдвэрүүд байгуулагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд энэ бүс нутгаас гаргаж буй экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлснээр ОХУ, Монгол Улсын худалдааны эргэлтийг өсгөх, тэнцвэржүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж үзэж байгаагаа хэлэв.
“Алтан намар-2024” ургацын баярын хүрээнд хүнсний ногоо, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн технологи, шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг Дархан хотноо зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үзэсгэлэнгээр зочлох үеэрээ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгч, тариаланч, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, иргэдтэй уулзаж, техникийн парадыг үзэж сонирхлоо.
Ташрамд дурдахад, 1959 онд эхэлсэн Атрын анхдугаар аяны үр дүнд 10 сангийн аж ахуй, салбарын үндэсний мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд шинээр байгуулагдаж, зургаан жилийн дотор 1 сая орчим га атар газрыг эзэмшиж, анх удаа 516 мянган тонн үр тариа хураан авсан түүхтэй.
Атрын хоёрдугаар аян 1976 онд эхэлж, үр дүнд нь 1989 оны байдлаар 1.2 сая га эргэлтийн талбайтай болж, 840 мянган тонн үр тариа, 155 мянган тонн төмс, хүнсний ногоо, нэг сая гаруй тонн таримал тэжээл, хадлан хураан авч байсан юм.
Гэвч нийгэм, эдийн засгийн шилжилтээс улбаалан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт сорилт тулгарч, үр тариа, гурилынхаа 70 гаруй хувь, төмс, хүнсний ногооны 50 гаруй хувийг импортоор авч, үр тарианы ургацын хэмжээ 2005 он гэхэд 77 мянган тоннд хүрсэн нь атрын хоёрдугаар аяны үеэс 90 гаруй хувиар буурсан үзүүлэлт болж байв.
Монгол Улсын Засгийн газар 2008-2010 онд Атрын гуравдугаар аян болох Тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг дэвшүүлэн хэрэгжүүлснээр тариалангийн эргэлтийн талбайг 650 мянган га-д хүргэн сэргээж, улаанбуудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадсан юм.