Үйл явдал
Аливаа учрал тохиол нь буян ерөөлийн үр байдаг
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 18
Өглөөний 06:40 цаг. Эх орныхоо баруун зүгийг чиглэн өглөөний нартай уралдан манай баг замдаа гарах гэж байна. Завхан нутаг... Бүүр түүрхэн санагдах хүүхэд насанд үлдсэн эмээ, өвөөгийн яриа. Эд маань залуудаа энэ нутагт өвөө аймгийн прокурорт, эмээ хүүхдийн эмнэлэгт нь ажиллаж байсан юм гэнэ лээ. Даанч нарийн ширийнийг тэр бүр уудалж явсангүй нь, нас багын алдаа л гэх байх даа. Харин одоо он цагийг хүлээгээч гэж гуйвал лав тоомжиргүй харцаар шилбүүрдэн урссаар, бүүр хурдан урсах мэт. Яг ийм мөчид өчигдөр ямар үнэтэйг илүүтэй мэдрэх шиг болохыг яана. Тийм ээ, ярих бүртээ л тэд хөөр дүүрэн байдаг сан. Тод санаж байна. Лав гоё дурсамж тэнд бий болов уу. Тийм болохоор энэ удаад Завханд очиж үзэх болсондоо баярлахын учир нь нэг талаас хөгшчүүлээ санасан сэтгэлийнх үү гэлтэй. Харин нөгөө нь өөр. Тааралдаад өнгөрөх нь нэгэн жарны ерөөл байдаг гэлцдэг дээ. Аливаа учрал тохиол нь буян ерөөлийн үр байдаг ч гэж ярьцгаадаг. Хутагт хувилгаадын нутаг болсон Завханд, тэндээс төрсөн багш нартай очно гэдэг магад урьдын их сайны ерөөл хэмээн сүслэн бодож, бас баярланам..
ТӨСӨӨЛӨЛ
Алдарт Отгонтэнгэр хайрхан /Монголын хамгийн хүйтэн цэг болох Тосонцэнгэл сум, Хангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр хайрхан энэ аймагт оршдог. Отгонтэнгэр хайрхан нь дэлхийн хамгийн анхны эх газар бөгөөд Этүгэн буюу их уснаас өтгөрч гарч ирсэн анхны Өтгөн эх газар гэсэн утгатай/, Даян хайрхан, Цагаан, Ногоон нуур, Улаагчны хар нуур, Тэлмэн нуур, Сэнжит цохио, Загастайн давааны хүн чулуу....гээд байгалийн үзэсгэлэнт газрууд Завхан тийш зорих нэг шалтгаан болдог гэлцдэг дээ. Бас Завханы зэрлэг ойн жимс, өнөөх улаан сармис, малын түүхий эд, бүтээгдэхүүнийг нь эко хэмээн онцолно.
Завхан явахыг мэдсэн нөхөд маань дулаан хувцаслахыг сануулах нь өвөлдөө хүйтнийг төвөггүй ойлгуулна. Энэчлэн магад хүнд хэлэхэд ичмээр /ядмагхан байж мэдэх/ төсөөлөлтэй 1000 км-ийн урт замд гарч байгаа маань энэ.
11:00 цаг: УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын үзвэрийн их танхим. 360 хүний суудалтай энэ театрт 1922 онд Залуучуудын эвлэлийн сайн дурын уран сайханчдын бүлгэмийнхэн анхны уран бүтээлээ толиулснаас хойш 100 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Он цаг яах аргагүй хуучных болохыг харуулах ч театр бол хүний сэтгэлийг эмчилдэг ариусгалыг бий болгодог сүм юм /Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар/ болохоор өөрийн эрхгүй хэзээний танил сэтгэгдлийг төрүүлнэ. Энэ нь хөдөө, хотоос үл хамаарах аж.
... Завхан сайхан нутагтаа морилон ирж, тухлан саатсан Хутагт, хувилгаад, Хамба нар, аймгийн Хөгжимт жүжгийн театрын үзвэрийн их танхимд хуран чуулсан лам хуврагууд, сүсэгтэн олон, ард иргэд Та бүхнийхээ энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчилье. Завхан аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж, Завхан аймгийн Бурхан шашинтны төв Төгс буянт Жавхлант хийдээс санаачлан, аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй “Бурханы шашин бат Шинжлэх ухаан” сэдвийн хүрээнд “Очирваанийн хувилгаад, хамба нарын номын айлдвар” /Монгол төрийн тамгатай 13 хутагтын 10 нь Завхан аймгаас тодорсон бөгөөд газарзүйн хувьд Отгонтэнгэр хайрханыг тойрон мэндэлсэн байдаг/ ийнхүү эхэлж байгааг дуулгаад хүндэт зочдоо танилцууллаа.
Жагжамүний Будда: “Авсныхаа хэрээр авах эрх боломжоо гээдэг бол
Өгснийхөө хэрээр илүү ихийг авах чадвартай болно”.
Монгол оронд дээдийн ном гурвантаа дэлгэрч, Монгол хүний амьдрал, үйл хэрэг, ахуй соёл, ертөнцийг үзэх үзэлд нэвт шингэн монгол гэх өнгө аястайгаар түмний тусад түгэн дэлгэрсэн ерөөлтэй билээ.

“Бурханы шашин бат Шинжлэх ухаан” сэдвийн хүрээнд:
- Бурхан шашинтны төвийн тэргүүн Жалханз хутагт Данзанчойживанчүг гэгээнтэн– “Бурханы шашинг шүтэхийн ач тус”
- Наробанчин хутагт Данзанлхүндэв гэгээнтэн – “Зөв үзэл, сайхан сэтгэлийн ач тус”
- Манба Дацан хийдийн хамба лам, Оточ Манрамба их сургуулийн захирал, Монгол Улсын хүний Гавьяат эмч Д.Нацагдорж – “Эрүүл мэнд урт наслахын үндэс”
- Монгол зурхай Түвдэнпэлжээлин хийдийн Хамба лам, Монгол Улсын СГЗ, зурхайч, гэвш Ж.Гончигсүрэн - “Од эрхэс лус савдаг”
- Дэчинравжаалан хийдийн хамба, гэвш М.Хүрэлцэнд – “Буян ба нүгэл” тус тус сэдвээр илтгэл тус тус уншсан юм. Ингээд илтгэл дуусахад лам хуврагууд маань “Дашчийрэвийн сан айлдаж, сүсэгтнүүд буян хишгийн даллага авч, адис хүртээв.
-Би “Соёмбо” академийн захирал, Боловсрол судлалын доктор хүн. Намайг А.Санжмятав гэдэг. Миний хувьд “Отгонтэнгэр хөгжил сан” ТББ-аар дамжуулан, Завхан нутгийн ард иргэдийг соён гэгээрүүлэх, түүх уламжлалаа танин мэдэх, залуучуудын сум орон нутгийн нь талаарх мэдлэгийг өргөжүүлэх, нутагтаа аялах, танилцах, хутагт хувилгаад, хамба багш нарын сургаал номыг сонсох гэхчилэн уламжилж ирсэн түүхийн мөн чанарыг тухайн үеийн эх сурвалжийг үндэслэн 20-иод ном гаргасан байна. Уламжлалаа мэдэж байж бид цаашаа явах ёстой шүү. Эдгээрийг ач холбогдлыг олж харсан нутгийн олон маань намайг шашны зөвлөлийн гишүүнээр энэ удаад сонголоо.
-Завханчууд аймаг байгуулагдсаныхаа 100 жилийн ойдоо зориулан сайхан арга хэмжээг зохион байгуулж байна. Сайхан санагдаж байна. Та энд өөрийн бодлоо хуваалцах уу?
- Энэ бол маш гайхамшигтай зүйл. Завхан нутгаас төрсөн хутагт хувилгаад, хамба лам нарын шашин номын үйл хэргийг нэг дор сонсон гэдэг сайхан хэрэг. Нөгөө талаараа Бурханы сургаал номыг илүү бодитой, илүү шинжлэх ухаанчаар, илүү амьдралд ойрхон байдлаар хүлээж авч байна шүү дээ. Аль нэг хийдэд ирээд залбирч, мөргөөд л гардаг байсан бол Бурханы сургаал номыг өөр түвшинд үзэж харж, мэдрэх боломж энэ байлаа. Бурхан багш айлдсан байдаг даа. Ямар ч сургааль суртлыг авахдаа тал талаас нь сайтар шалгаж үзэх хэрэгтэй, алтыг хольц хог байхгүй шижир мөн гэдгийг шалгадаг шиг. Миний сургаалийг ч бас тэгж шалгаарай гэж. Үнэхээр л ихэс дээдсүүд маань бүх талаас нь Бурханы сургаалыг тайлбарлаж байна. Манай сүсэгтнүүд Буддын сургаал бол гарцаагүй үнэнд тулгуурладаг, хүний амьдралд ойрхон шашин юм ойлгож авсан болов уу.

-Намайг Г.Бүрнээ гэдэг. Би 13 настай. Тосонцэнгэл сумынхаа хийдэд шавилан суугаад гурван жил болж байна. Лам болох мөрөөдлөө биелүүлж, Бурханы ном үзэж байгаадаа баярладаг юм аа.
-Ном их сурч байна уу?
-Тийм ээ, “Итгэл”, “Ганданлхавжа”, “Ширнэн” гээд олон юм сурсан.
-Өнөөдрийн арга хэмжээ ямар санагдаж байна вэ?
-Би одоо гэгээнтэн, хувилгаад хамба багш нар болон Тосонцэнгэлийнхээ лам хуврагуудтай нэг тайзнаас “Итгэл”, “Ганданлхавжа”, “Ширнэн” унших гэж байна. Багш нарыг ирнэ гэж байна дуулаад их догдолсон. Ийм мундаг хүмүүстэй уулзаад би азтай байна аа.
Энэчлэн энд хурсан сүсэгтнүүд Монголын уламжлалт бурхны шашинд хүний бие, хэл, сэтгэлийг засах арга ухаан ямар гүн дэлгэр болохыг ухааруулсан үр дүнтэй айлдвар болсонд ихэд олзуурхаж буйгаа таарсан олон талархан ярьж, зорин ирсэн багш нарт баярласан сэтгэлийг сонины хуудсаараа дамжуулан хүргэхийг хүсч байлаа. Багш нар бас эдгээр гурван сумын хүрээ хийдээр орж, лам нартай нь уулзан тулгамдаж буй асуудал, цаашид хийх ажил, анхаарах зүйлийг сэтгэл харамгүй зөвлөж, дор бүрнээ ном эрдэмдээ шамдан суралцахыг захисан юм.
Ийнхүү Очирваанийн орноос тодорсон Хутагт, хувилгаад, Завхан аймгийн уугуул гаралтай хамба нар хамтран дээрх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах, мөнхүү Бурханы шашнаар дамжуулж нийгмийг соён гэгээрүүлэх тэргүүтэн олон олон зорилтот, хөтөлбөрт арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг хэсэг нь энэхүү илтгэл болж байгаа билээ.

- Жалханз хутагт Данзанчойживанчүг гэгээнтэн: “Дэлхий дээр олон шашин оршин тогтнож байна. Тэдгээрээс бурханы шашны нэг ялгамжаатай тал нь шүтэж байгаа, суралцаж байгаа хүмүүс илүү тайван, илүү амар амгалантай, бусдын төлөөх сэтгэлтэй байдаг”.
- Монгол Улсын хүний Гавьяат эмч Д.Нацагдорж:“Эрүүл мэнд гэдэг нь нас нь урт, амь нь бат, өвчин эмгэггүй, амар амгалантай эрүүл орших асуудал юм. Бие, сэтгэл амар амгалантай байх нь эрүүл өвчингүй оршихын үндэс болно”.
- Монгол Улсын СГЗ, зурхайч, гэвш Ж.Гончигсүрэн:“Худгийн ус, хүний буян хоёр хэмжээтэй”.
- Дэчинравжаалан хийдийн хамба, гэвш М.Хүрэлцэнд:“Бурхан Өчүүхэн буяны үрээс хэмжээлшгүй амар амгалан гардаг. Мөн өчүүхэн нүгэл хилэнцийн үрээс тэсэшгүй их зовлон гардаг гэж айлдсан. Иймд нүгэл буяныг бага гэж бодож болохгүй юм”.
- Наробанчин хутагт Данзанлхүндэв гэгээнтэн: “Жаргалыг үгүй болгоод байгаа дайсан гадна талд биш дотоод сэтгэлд байдаг”.
Үйл явдал
МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Юнител группийн охин компани Toki апп нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү хамтралын хүрээнд МИАТ компанийн нислэгийн тийзийг Toki апп-р дамжуулан дижиталаар хялбар захиалах үйлчилгээ албан ёсоор нээгдлээ.
2026 онд МИАТ ТӨХК-иар үйлчлүүлэх зорчигчдын тоо 1.2 сая хүрэх төлөвтэй байгаа бөгөөд цаашид энэ тоо тогтмол өсөх хандлагатай байна. Зорчигчдын урсгал нэмэгдэхийн хэрээр нислэгийн тийзийг илүү хурдан, түргэн шуурхай захиалах дижитал шийдлийн хэрэгцээ өссөөр байгаа юм. Иймд МИАТ компани хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон Toki супер аппликейшнтэй хамтран, үйлчилгээгээ иргэдэд улам бүр ойртуулж байна.
Тодруулбал, хэрэглэгчид Toki апп-ын “Олон улс” цэснээс МИАТ компанийн бүх чиглэлийн нислэгийн хуваарь, үнийн мэдээллийг цаг алдалгүй харан, тийзээ захиалахаас гадна зээлийн үйлчилгээ ашиглан худалдан авах боломжтой боллоо.
Цаашид талууд гадаад руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нислэгийн лояалти (loyalty) оноог Toki апп дотроосоо зарцуулах, тийзээ хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах зэрэг олон давуу талуудыг шат дараатайгаар нэвтрүүлэхээр ярилцав.

Арга хэмжээний үеэр Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав “Иргэний агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан МИАТ компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хялбар шуурхай хүргэхэд Юнител групп технологийн найдвартай хамтрагчаар ажиллахдаа таатай байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.” хэмээн хэллээ.
Ташрамд дурдахад, Toki апп-н төлбөр төлөлт, зогсоол, хэрэглээний төлбөр, онлайн дэлгүүр, powerbank түрээс, family зэрэг үйлчилгээг өдөр тутамд 1 сая гаруй хэрэглэгч ашигладаг бөгөөд энэ жил гадаадад зорчих иргэдэд зориулж олон улсад такси дуудах, төлбөрөө Toki-р төлөх зэрэг олон улсын цогц үйлчилгээнүүдээ нэвтрүүлсэн байна.
Үйл явдал
“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)”-ээр авахаар шийдвэрлэсэн. Нээлттэй санал асуулга 2026 оны аравдугаар сарын 14-ний 09 цагт эхэлсэн, энэ сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэн та И-Монголиа, и-засаг цахим системээр саналаа өгөөрэй.
Нээлттэй санал асуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал ард иргэддээ хандаж, хэлсэн үгтэй танилцана уу.
Үйл явдал
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд Санзайн автозамаас Майхан толгой хүртэл 0.9 км автозам барьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн талбайд ажиллалаа.
Тус чиглэлд хоёр эгнээтэй, хоёр талдаа явган хүний замтай хатуу хучилттай автозам барьж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байна. Зам ашиглалтад орсноор Санзайн авто замаас Майхан толгой хүртэлх хэсгийн авто замын хүртээмж сайжирна. Мөн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдах бөгөөд тоосжилт буурах юм. Замын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна.

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд замын зураг төсөл, төлөвлөлтөд онцгой ач холбогдол өгч, ус зайлуулах хоолой, явган болон дугуйн зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, орц, гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэж ажлыг гүйцэтгэх ёстойг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо.


-
Дэлхий нийтээр..2025/05/14
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол, хэлэлцүүлгүүд
-
Дэлхий нийтээр..2026/03/10
ГИХГ: Олон нийтийн сүлжээгээр худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авл...
-
Дэлхий нийтээр..2022/12/16
Аргентины дэд ерөнхийлөгч авлигын хэрэгт буруутгагджээ
-
Дэлхий нийтээр..2020/03/24
Өмнөговь аймагт 3,0 сая толгой мал хаваржиж байна
