Дэлхий нийтээр..
Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр 50 км авто зам шинээр барина
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт /2023.02.28/ Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, хамтран хэрэгжүүлэх төсөл, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.
Сайд С.Бямбацогт “Дэлхийн банк нь манай улстай олон жилийн хамтын ажиллагаатай хөгжлийн олон бүтээн байгуулалтад дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархаж явдаг. Тэр дундаа зам, тээврийн дэд бүтэц, тээвэр логистикийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан билээ.
Энэ удаагийн Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл” нь зам, тээврийн салбарт Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг. Хэлэлцээрийг УИХ-аар батлуулахад удаашралтай байгаа ч миний бие төслийг цаг алдалгүй эхлүүлж, холбогдох арга хэмжээг шуурхай шийдвэрлүүлэхэд бололцоотой бүхий л арга хэмжээг авна гэсэн байр суурьтай байгаа” хэмээн хэллээ.

Төслийн хүрээнд улсын чанартай нийт 311 км авто зам болон таван байршилд төмөрбетон гүүрийн их засвар, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум хүртэлх 15 км авто зам, Архангай аймгийн Булган сум хүртэлх 35 км авто замын ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Дэлхийн банкны төлөөлөгчдийн зүгээс төслийг шуурхай хэрэгжүүлэхэд холбогдох яам, төрийн байгууллагууд нэгдсэн ойлголттой байх, Монгол Улсад барилгын ажил гүйцэтгэх хугацаа богино тул төсөл хэрэгжүүлэх нэгж, удирдлага, багийг томилох, дадлагажуулах шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийллээ.

Хоёр тал цаашид хамтран төслийн нэмэлт судалгааны ажил хийх, байршлыг тодорхой болгох, холбоотой заавар, зөвлөмжийг боловсруулахаар тогтлоо. Мөн хуурай боомт байгуулахад шаардлагатай хүний нөөцийг чадавхжуулах, туршлага судлуулахад Дэлхийн банкнаас техникийн болон бусад туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Эх сурвалж: ЗТХЯ
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2021/09/29
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно
-
Дэлхий нийтээр..2021/06/30
12-15 насны хүүхдүүд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна
-
Үйл явдал2023/05/12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ ундаа элбэг олдоно
-
Үйл явдал2022/04/15
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
