Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн эмэгтэй парламентчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны гуравдугаар сарын 08-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улсын Их Хуралд сонгогдон ажиллаж байсан болон одоо ажиллаж буй Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол төрийг эрдэм ухаан, ард түмнийхээ итгэл хүндлэл, хамгийн гол нь эхийн сэтгэлээр түшиж байсан, түшиж яваа, үе үеийн эмэгтэй парламентчиддаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ны баярын мэнд дэвшүүлээд, НҮБ-аас энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн сэдвийг “DigitАll: Innovation and technology for gender equality” буюу “Инновац, технологиор хүйсийн тэгш байдлыг хангах” уриан дор тэмдэглэж байна. Дэлхий дахинаа хэрэглэгдэж байгаа хиймэл оюун ухааны системийн аналистууд энэ салбарт 44 хувийн хүйсийн ялгаварлан гадуурхалт байгаа, мөн 125 улсын эмэгтэй сэтгүүлчдийн дунд хийсэн судалгаагаар 73% нь ямар нэгэн байдлаар цахим хүчирхийлэл заналхийлэлд өртдөг гэсэн дүн гарсан байна. Нөгөө талаар технологи, инновацаар дамжуулан эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах олон чухал дэвшил гаргах боломжтой. Иймд энэ жил цахим орчныг илүү хүртээмжтэй, тэгш, аюулгүй байлгахад анхаарахыг уриалсныг дурдав. Манай улсад ч гэсэн цахим орчин дахь гадуурхалт, дарамтад эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг. Иймээс нийгэм улс төрийн манлайлагч, улстөрч, төрийн зүтгэлтэн эмэгтэйчүүддээ цахим орчин дахь эмэгтэйчүүдийн гадуурхалт, аюулгүй байдлын асуудалд нийгмээ зөв тийш хөтлөх, энэ үйл хэргийг үлгэрлэн манлайлахад хувь нэмрээ оруулж ажиллахыг уриаллаа.
2023 оны зургадугаар сарын 13, 14-ний өдрүүдэд “Алтай дамнасан Зүүн хойд Азийн тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд уг уулзалт “Тогтвортой хөгжлийн зорилт-5” буюу нийгэм, эдийн засгийн харилцаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүйсийн тэгш байдлыг хангах сэдвийн дор болно. Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, эмэгтэйчүүдийн боловсрол, гэр бүлийн хүчирхийлэл ба аюулгүй байдал зэрэг сэдвээр Зүүн хойд Азийн улсуудын төлөөлөл хамтран ярилцаж, туршлага мэдлэгээ хуваалцаж, бүс нутгийн хэмжээнд улс төрч, шийдвэр гаргагчид болон олон нийтийн анхаарлыг энэ сэдэвт хандуулах юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийнхээ оролцоо, манлайллыг улс төр болон төр, засгийн байгууллага, шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх талаар онцгойлон анхаарсаар ирсэн. Сүүлийн хоёр парламент буюу 2016-2020, 2020-2024 оны Улсын Их Хурлын сонгуулиар 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь манай парламентын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа. Гэхдээ энэ тоо чамлалттай, цаашид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлаас онцгой анхаарч, энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй Улс төрийн намын тухай хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд жендэрийн тэгш байдлыг хангахтай холбоотой илүү дэвшилтэд зохицуулалтыг оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Хүндэтгэлийн уулзалтад оролцсон Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын даргын дэргэдэх “Эмэгтэй парламентчдын зөвлөл”-ийн дарга С.Одонтуяа хэлсэн үгэндээ, үе үеийн эмэгтэй парламентчдын туршлагыг хуваалцах, түүхийг баримтжуулах, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудалд Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Эмэгтэй парламентчдын анхдугаар зөвлөгөөнийг хэдхэн сарын өмнө бид зохион байгуулсан юм. Энэхүү анхдугаар зөвлөгөөний дараа Улсын Их Хурлын даргын захирамж гарч, Улсын Их Хурлын даргын дэргэдэх “Эмэгтэй парламентчдын зөвлөл” байгуулагдсаныг энэ баярын өдөр дуулгахад таатай байна гэлээ.
Туршлага бол чухал хүчин зүйл гэдэг нь Эмэгтэй парламентчдын анхдугаар зөвлөгөөний үеэр тод харагдаж байсан. Учир нь үе үеийн Улсын Их Хуралд сонгогдон ажиллаж байсан Та бүхэн маань анхдугаар зөвлөгөөний үеэр санал бодлоо илэрхийлсэн нь өнөөдөр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бидэнд үнэтэй сургамж, зөвлөгөө болсон юм. Улсын Их Хурлын даргын дэргэдэх “Эмэгтэй парламентчдын зөвлөл” байгуулагдсан нь улс төрч эмэгтэйчүүд, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн үгийг зөвхөн баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд гэлтгүй цаашид олон арга хэлбэрийн үйл ажиллагааг зохион байгуулж, сонсож байх бүтэц, суурь бүрдэж байгааг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл дурдаад улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны үзүүлэлт дэлхийн түвшинд 25 хувь, Ази тивийн хувьд 21.5 хувьтай байна. Манай орны хувьд энэхүү үзүүлэлт 17 хувь байгаа нь Ази тивийн улс орнуудтай харьцуулахад харьцангуй дээгүүр үзүүлэлт боловч энэ үзүүлэлтийг ахиулах шаардлагатай байгаа гэлээ.
Байнгын ажиллагаатай парламентын 33 жилийн түүхэнд 8 удаа Улсын Их Хурлын сонгууль болж, нийт 43 эмэгтэй давхардсан тоогоор 68 удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, ард түмнийхээ элч болон ажилласан бөгөөд энэхүү 30 гаруй жилийн хугацаанд анх нийт Улсын Их Хурлын гишүүдийн 3.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байсан бол сүүлийн хоёр удаагийн Улсын Их Хурлын сонгуулиар нийт гишүүдийн 17.1 хувь нь эмэгтэйчүүд болон нэмэгджээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2022/09/13
Цэцэрлэгийн 2 дахь бүртгэл явагдаж байна
-
Хэн юу хэлэв...2022/05/27
А.Намуун: Марафоны бүртгэл тавдугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ
-
Дэлхий нийтээр..2023/11/24
Хавдрын эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх олон улсын хөтөлбөртэй хамтарна
-
Дэлхий нийтээр..2021/01/22
УНТЭ-ийн хамт олон “Цус бэлэглэх аян”-ыг эхлүүллээ
