Дэлхий нийтээр..
Топ 100 аж ахуйн нэгж хөрөнгийн зах зээлд гарах гарцийг хамтдаа хэлэлцэв
Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшил, хүртээмжтэй өсөлтөд нэн тэргүүний ач холбогдолтой зүйл бол тогтвортой санхүүжилт болон ногоон бонд билээ.
Ийм учраас Санхүүгийн зохицуулах хороо ТОП-100 аж ахуйн нэгжид тогтвортой санхүүжилт, ногоон бондын ач холбогдол, тэдгээрийн зохицуулалтын орчны талаар мэдээлэл өгөх, аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах боломж, дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн талаар танилцуулж, санал солилцохоор “Санхүүжилт татах боломж-тогтвортой санхүү болон ногоон бонд” хэлэлцүүлгийг 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Олон улсын санхүүгийн корпораци /IFC/, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо /ТОС холбоо/-той хамтран зохион байгуулсан хэлэлцүүлгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр “Санхүүгийн зохицуулах хороо МҮЦАЭХ-той хамтран өнгөрсөн онд үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдын дунд IPO форумыг амжилттай зохион байгуулсан. Үүнээс хойш буюу өнөөдрийн байдлаар хөрөнгийн зах зээлд дотоодын 4 аж ахуйн нэгж IPO хийх замаар нийт 157 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлж, 1 компани 20 тэрбум төгрөгийн нээлттэй бонд гаргаж, биржийн бус зах зээл дээр 72 аж ахуйн нэгжээс 91 компанийн бонд гаргаж, нийт 996 орчим тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд байна.
Нөгөөтэйгүүр “Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээс хойш урт хугацааны тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, ногоон хөрөнгийн зах зээлийг бий болгох, олон улсын санхүүгийн зах зээлд өргөн хүрээнд ашиглаж буй ногоон бонд гаргах зохицуулалтын орчныг бий болгох чиглэлээр ТОС холбоо, Олон улсын санхүүгийн корпораци /IFC/, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/, Европын сэргээн босголт хөгжлийн банк /EBRD/ зэрэг олон улсын байгууллагатай бид хамтран ажиллалаа. Энэ хугацаанд олон нийтэд санал болгон компанийн бонд гаргах ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хялбаршуулж, банкны богино хугацаат, өртөг өндөр зээлийн оронд хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт татах зохицуулалтын орчныг боловсронгуй болгохоор “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг баталлаа.
Ингэснээр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа олон улсын жишигт нийцсэн “ногоон бонд” гарах боломж бүрдсэн. Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-өөс “Ногоон таксономи”-г баталснаар дэлхийн хэмжээнд ногоон таксономиг баталсан 2 орны нэг нь манай улс болж, банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид ногоон зээл, ногоон хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх суурь нөхцөл бүрдлээ. Цаашилбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнгөрсөн онд зохион байгуулсан “Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган”-ны үеэр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагууд “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”-ийг баталж энэ дагуу тогтвортой санхүүжилтийг дэмжих, хөрөнгийн зах зээлийг ногоон болгон хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллалаа.
Түүнчлэн УИХ, Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Зээлийн хүүг бууруулах стратеги”, банкны салбарын реформ, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьчлал зэрэг шинэчлэлийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос шаардлагатай бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг шинэ бүтээгдэхүүн гаргахад тухай бүрт нь дэмжлэг үзүүлсний үр дүнд сүүлийн 2 жилийн хугацаанд 51 санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гарч, зах зээлийн үнэлгээ 7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар өслөө.
Ийнхүү дотоодын хөрөнгийн зах зээлд томоохон эерэг өөрчлөлт гарч, зах зээл идэвхжин компаниуд үнэт цаас гаргах сонирхол өсөж буй энэ цаг үед Та бүхнийг IPO хийх замаар нээлттэй хувьцаат компани болох, компанийн бонд гаргаж хямд санхүүжилт татах замаар хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож, эдийн засаг, санхүүгийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Энэ дагуу шилдэг аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцуулахад чиглэлсэн богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг дуулгахад таатай байна” гэдгийг онцолсон юм.
Хэлэлцүүлэгт оролцогчдод хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг танилцуулж мөн тогтвортой санхүү буюу олон улс бүс нутаг болон Монгол Улсын жишээ, компанийн бондын ач холбогдол, зохицуулалтын орчин, ногоон бондын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
