Дэлхий нийтээр..
УИХ: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
УИХ-ын чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцууллаа. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн гэлээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Баярсайхан нар хуулийн төсөл болон зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан асуулт асууж, хариулт авсан байна.
Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, дараах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна хэмээсэн.
Үүнд:
- Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль нь анхдагч хууль бөгөөд төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгах;
- Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийн үйлчлэлд хамрах хүрээг өргөтгөх;
- Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд заасан зарчмаас гадна хүнлэг, энэрэнгүй байх, үнэнч шударга байх, хариуцлагатай байх, манлайлах, хамтач байх зарчмыг баримтлах;
- Ёс зүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөж, түүнийг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасан үүрэг, хориглолт, хязгаарлалтаас гадна энэ хуулиар тогтоосон үйл ажиллагааг хориглох;
- Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талаар хуулийн төсөлд шинэ зохицуулалтыг нэмж тусгах;
- Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх Ёс зүйн хороо, Дэд хорооны бүрэн эрхийг хуульчилж, бие даасан хараат бус зарчмаар ажиллахаар тусгах;
- Ёс зүйн хороо орон тооны тав, орон тооны бус 4, нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй, Ёс зүйн дэд хороо нь байгууллагын албан хаагчийн тооноос хамааран 3-7 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах;
- Ёс зүйн хороо нь төрийн өндөр болон түүнтэй адилтгах албан тушаалтны, Засгийн газар нь эрхлэх асуудлын хүрээний холбогдох байгууллагын удирдах албан тушаалтны, Дэд хороо нь өөрийн байгууллагын албан хаагчийн болон харьяалах доод шатны байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх;
- Төрийн албан хаагч нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд Ёс зүйн хороо болон Ёс зүйн дэд хорооны холбогдох дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэн эсэхийг харгалзан гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох, өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах, байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах, төрийн албанаас халах хүртэлх арга хэмжээг авахаар тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой хууль зайлшгүй хэрэгтэй байгааг онцолсон. Тэрбээр, төрийн албанд олон жил болсоноо давуу тал болгочихоод түүгээрээ удирдлагадаа байгаа хүмүүсийг эрхшээлдээ оруулдаг бохир аргатай хүмүүс байна. Гомдол гаргасан ч хууль зөрчөөгүй учраас тэр хүмүүст хариуцлага тооцож болдоггүй. Байгууллагад нь шинэ удирдлага ирэхээр доор нь хор хутгаад бужигнуулдаг, хов зөөдөг, өөрсдөд нь үйлчлээгүй хүмүүсийн зэрэг дэвийн нэмэгдэл, цалин урамшуулал, амралт зэргээр нь дарамталж хяхан боодог бүлэглэл бий болсон байна. Ялангуяа үйлчилгээний салбарт. Ийм хүмүүстэй хариуцлага тооцох асуудлыг хуулийн төсөлд тусгасан уу хэмээн лавласан.
Ажлын хэсгийн гишүүн, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч А.Алтанзул, Таны асуултад дурдагдсан зүйл хуулийн төсөлд туссан. Төслийн долдугаар зүйлд байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, аливаа хууль бус үйлдэл гаргахгүй байх гэсэн хэм хэмжээг тусгасан. Мөн 8.1.5-д бусдын өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх хууль ёсны ашиг сонирхлыг хясан боогдуулахгүй байх гэж, 8.1.2.4-д албаны чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг санаатай нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйлчилгээнд саад учруулах гэсэн хориглох зүйлийг оруулсан. Эдгээр үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн болбол 16 дугаар зүйлд заасан ёс зүйн хариуцлага хүлээнэ. Давтан үйлдвэл сахилгын шийтгэл оногдуулахаар заасан. Яригдаж буй энэ зүйл төрийн байгууллагын дотоод ёс зүйн асуудал дээр гардаг. Тийм учир хуулийн төсөлд нарийвчлан зохицуулсан хэмээн хариулав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль бол төрийн бүх шатны ажилтан, албан хаагчдад зөвхөн ёс зүйн хариуцлага ноогдуулахад чиглэсэн хууль биш юм. Энэ хуулийн зохицуулалт нь нэг талаар төрийн байгууллага, албан хаагчдыг хамгаалах, нөгөө талаар төрд итгэх ард иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэнэ. Ямарваа гэмт хэрэг, ёс зүйн зөрчил гарахад төрийн албаны дотроос шүгэл үлээх, мэдээлэх, мэдэгдэхээс эхлээд өөр хоорондоо уялдаатай бүхий л зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан заасан байна хэмээн онцолсон. Тэрбээр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль бол хамгаалах хууль юм гээд, төсөлд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх байдалд хяналт тавих чиг үүргийг Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороо хэрэгжүүлэхээр заасан. Дэд хороо 20-оос дээш албан хаагч бүхий төрийн бүх байгууллагын дэргэд ажиллахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Хэдийгээр 20-оос дээш тооны албан хаагчтай байгууллагад Ёс зүйн дэд хороо ажиллана гэж тусгаж байгаа боловч жижиг, том гэхгүй төрийн бүх байгууллагад ёс зүйн хэм хэмжээг сахиулж, хянаж байх ёстой гэж онцгойлон санууллаа. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 4292 төрийн байгууллага ажиллаж байгаа юм. Эдгээр байгууллагад бүгдэд нь Ёс зүйн дэд хороодыг байгуулж, тэдгээрийн үйл ажиллагааны уялдааг ханган, институтчилж, нэгдсэн удирдлагаар хангаж, систем болгож байж бид төрийн албан хаагчдаа хамгаална. Байгууллагын удирдлагын, эс бөгөөс улстөрийн дарамт шахалт, ялгаварлан гадуурхалт, ажлын байрны хүчирхийлэл, дарамтыг албан хаагч Ёс зүйн дэд хороондоо мэдээлж, гомдол гаргадаг. Гэтэл дэд хороо нь ажилладаггүй, дарга нь нэг хүн томилогдчихдог байдал өнөөдөр нэгэнт бий болчихсон байгаа. Үүнийг хуулийн төсөлд тодорхой болгож, шийдвэрлэж байгаа гэдгийг Улсын Их Хурлын дарга тайлбарласан.
УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор дэмжигдсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүллээ.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
-
Дэлхий нийтээр..2024/11/12
Хотын төвөөр үхэр мал бэлчээхгүй байхыг анхааруулав
-
Үйл явдал2020/03/31
"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"...
-
Үйл явдал2026/06/09
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
-
Үйл явдал2022/01/07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
