Дэлхий нийтээр..
ЗГ: Гадаад валютын албан нөөц дөрөвдүгээр сард 3.7 тэрбум ам.доллар хүрч нэмэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 3-нд болж, “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Гадаад валютын албан нөөц 2022 оны есдүгээр сард 2.5 тэрбум ам.доллар хүртэл буураад байсан бол 2023 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар 3.7 тэрбум ам.доллар хүрч нэмэгдсэн байна. Улмаар эдийн засгийн бодит өсөлт Үндэсний статистикийн хорооны урьдчилсан тооцоогоор 2023 оны эхний улиралд 7.6 хувьд хүрсэн. Үүнд, уул уурхай болон үйлчилгээний салбар голлон нөлөөлжээ. Харин жилийн инфляц эхний улиралд 12.2 хувь байсан бол тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 10.3 хувь хүртэл буурсан байна.
Валютын нөөц нэмэгдэж, сүүлийн саруудад тогтвортой хадгалагдахад хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь нөлөөллөө. Тухайлбал, 2023 оны эхний 4 сарын байдлаар нүүрсний экспорт 19.0 сая тоннд хүрч, 2019 оны мөн үеэс 7.5 сая, өмнөх оны мөн үеэс 15.2 сая тонноор тус тус өссөн байна. Мөн бүх төрлийн ашигт малтмалын экспортын гэрээ гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системд бүртгэгдсэнээр мэдээллийн ил тод байдал хангагдаж, АМНАТ-ын тайлагналт, орлого нэмэгджээ.
Мөн тус хуралдаанаас Гадаадын хөрөнгө оруулалтын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтож гадаадын хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх тайлан мэдээг байгууллагын цахим хуудсанд нээлттэй байршуулах талаар арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
