Үйл явдал
Хөвсгөл, Булган, Архангай, Сүхбаатарын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орно
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хөвсгөл, Булган, Архангай, Сүхбаатарын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны наймдугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх орчмоор 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутаг, Халх голын хөндийгөөр 36-41 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 30-35 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 30-32 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 29-31 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 28-30 хэм дулаан байна.
2023 оны наймдугаар сарын 02-ноос наймдугаар сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэж. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 34-39 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Үйл явдал
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн нэгдүгээр шат наймдугаар сарын 23-нд дуусна
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулж бүртгэж байгаа.
2026 оны 8 дугаар сарын 11-ний 16:30 цагийн байдлаар нэгдүгээр шатны элсэлтийн бүртгэлд нийт 56,065 хүүхдийн хүсэлт илгээж бүртгүүлжэ.
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарна.
Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал
- 2 настай – 27,832
- 3 настай – 31,303
- 4 настай – 32,002
- 5 настай – 35,690 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх
- Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.
Үйл явдал
“Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж байна
Монголын үндэсний өв соёл, бүтээлч үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээ, хоолны соёлыг нэг дор нэгтгэсэн “Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна наймдугаар сарын 11-нд эхэллээ.
Уг арга хэмжээ нь 2000 гаруй жилийн түүх, соёлоор аялуулах “Kharkhorum 360°” фестивалийн нэг хэсэг бөгөөд нийт 10 хоногийн турш үргэлжилнэ. Харин үндсэн “Kharkhorum 360°” фестиваль наймдугаар сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
“Kharkhorum Chapter 4: Bazaar” төслийн хүрээнд үндэсний гар урлал, хувцас, гоёл чимэглэл, хоол үйлдвэрлэл болон бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.
Төслийн зохион байгуулагч Б.Оюунномин хэлэхдээ, Монголын үндэсний үйлдвэрлэл, өв соёлыг орчин үеийн хэв маягтай хослуулан олон нийтэд таниулах, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих нь арга хэмжээний гол зорилго гэдгийг онцолжээ. Мөн соёл, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээг нэг дор төвлөрүүлснээр оролцогч аж ахуйн нэгж, уран бүтээлчдэд эдийн засгийн бодит үр өгөөж бий болгохыг зорьж байгаа аж.
Арга хэмжээг зорин ирсэн хүмүүс үндэсний өв соёл, уламжлалт урлалын бүтээлүүдтэй танилцахаас гадна гар урчуудын бүтээл хийх үйл явцыг дэргэдээс нь үзэх боломжтой. Түүнчлэн үндэсний болон орчин үеийн загварын үзүүлбэр, хөгжмийн зэмсэг урлах арга ажиллагаа, хоол үйлдвэрлэлийн танилцуулга зэрэг олон төрлийн хөтөлбөрийг зохион байгуулж байна.
Мөн төслийн хүрээнд өдөр бүр 19:00-22:00 цагийн хооронд үнэ төлбөргүй соёл, урлагийн хөтөлбөр зохион байгуулах бөгөөд контент бүтээгчид, урлаг, спортын салбарын уран бүтээлчид оролцсон тоглолт, үзүүлбэр, уулзалт, танилцуулгуудыг багтаажээ.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү төслөөр дамжуулан үндэсний өв соёлыг зөвхөн үзмэр хэлбэрээр бус, орчин үеийн хэрэглээ, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалтай холбон хөгжүүлэхийг зорьж байгаа юм.
“Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна олон нийтэд нээлттэй үргэлжилж байна.
Үйл явдал
Шатахууны нөөцийг жигд, хүртээмжтэй түгээх үүрэг өглөө
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдаж, шатахууны хангамж, түгээлттэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгчээ.
Тодруулбал, шатахууны нийлүүлэлт нэмэгдэх хүртэл агуулахуудад байгаа нөөцийг жигд, хүртээмжтэй хуваарилж, түгээлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болгосон байна.
Мөн шатахууны тээвэрлэлтийг саадгүй зохион байгуулахад цагдаагийн байгууллага анхаарч ажиллах чиглэл өгчээ. Харин орон нутгийн удирдлагуудад байгаа нөөцдөө тулгуурлан малчид, тариаланчдад дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтаа сайжруулах зөвлөмж хүргүүлэх аж.
Түүнчлэн шуурхай штабаас шийдвэр гаргахад шаардлагатай мэдээ, мэдээллийг богино хугацаанд боловсруулж, тогтмол мэдээллээр хангахыг холбогдох төрийн байгууллагуудад үүрэг болголоо.
-
Үйл явдал2024/09/24
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих ажил 60 хувьтай үргэлжилж байна
-
Дэлхий нийтээр..2024/12/23
Сүхбаатарын талбайгаас “Скай Ресорт” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ
-
Үйл явдал2022/10/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үйл явдал2022/09/15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
