Үйл явдал
Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо
Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын зүгээс улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосныг албан ёсоор өнөөдөр мэдээлж байна.
Энэ нь үндэсний түвшинд манлайлан, дархлаажуулалтыг эрчимжүүлж, тандалтыг тогтмол хийн, дэгдэлтийн хариу арга хэмжээг бүх түвшинд нягт уялдаа холбоотой хамтран зохион байгуулсаны үр дүнд хүрсэн нийгмийн эрүүл мэндийн чухал ололт юм.
Халдварт өвчний тандалтын мэдээллээр улаанбурхан өвчний хамгийн сүүлийн батлагдсан тохиолдол 2026 оны 8 дугаар сарын 24-нд бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон гэж үнэлж болохоор байна. Уг үнэлгээг өнөөгийн тархвар судлалын нөхцөл байдал болон лабораторийн мэдээлэлд үндэслэн хийсэн бөгөөд шинэ нотолгоо, мэдээлэл гарсан тохиолдолд тандалтыг үргэлжлүүлж, үнэлгээг дахин хянана. Дэгдэлтийг таслан зогсоосон нь улаанбурхан өвчний эрсдэл бүрэн арилсан гэсэн үг биш юм.
Улаанбурхан өвчний дэгдэлтийг хяналтад авахад дархлаажуулалт гол үүрэг гүйцэтгэсэн. Товлолт дархлаажуулалтыг эрчимжүүлж, нөхөн болон нэмэлт дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулснаар өмнө нь вакцинд хамрагдаагүй болон дутуу хамрагдсан хүмүүсийг дархлаажуулалтад хамруулж, дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амын тоог бууруулахад чухал хувь нэмэр оруулсан. Эдгээр хүчин чармайлт нь нэгэн чухал зүйлийг тодорхой харуулж байна: улаанбурхан өвчний эсрэг вакцин үр дүнтэй. Зөвлөмж болгосон вакцины хоёр тунг товлосон хугацаанд бүрэн хийлгэх нь хувь хүн болон олон нийтийг хамгаалж, өвчний хүндрэл, нас баралтаас сэргийлэхийн зэрэгцээ улаанбурхан өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
Энэхүү амжилт нь Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, бүх түвшний эрүүл мэндийн байгууллагууд, ялангуяа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид, сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон түнш байгууллагуудын хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Дархлаажуулалтыг эрчимжүүлэх, тархвар судлал болон лабораторийн тандалтыг сайжруулах, сэжигтэй тохиолдлыг шуурхай илрүүлж, судлах, эмнэлзүйн менежментийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ нь халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах үндэсний болон орон нутгийн чадавхыг бэхжүүлсэн.
ДЭМБ-ын зүгээс энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газарт дэгдэлтийн хариу арга хэмжээний зохицуулалт, дархлаажуулалтын стратеги, тандалт, эрсдэлийн үнэлгээ, тохиолдлын менежмент, халдварын хяналт, сэргийлэлт, эрсдэлийн харилцаа холбооны чиглэлээр техникийн туслалцаа, стратегийн зөвлөмж үзүүлэн ажилласан.
Эрүүл мэндийн яамны удирдлага дор хэрэгжүүлсэн дархлаажуулалтыг эрчимжүүлэх арга хэмжээний үр дүнд улаанбурхан өвчинд өртөмтгий хүн амын тоог бууруулахад чухал ахиц гарсан. Гэсэн хэдий ч дархлаагүй хүн ам тодорхой хэмжээнд хэвээр байгаа бөгөөд вакцинд огт хамрагдаагүй буюу дутуу хамрагдсан хүүхэд, бусад хүн амын бүлэг халдвар авах эрсдэлтэй хэвээр байна.
Иймд эдгээр хүн амд хүрч ажиллах, дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амыг нөхөн дархлаажуулах, улаанбурхан өвчний дэгдэлт дахин гарахаас сэргийлэх хүчин чармайлтыг тогтвортой үргэлжлүүлэх нь нэн чухал юм. Улаанбурхан өвчин дэлхийн олон улс оронд тархсаар байгаа тул зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдэх эрсдэл хэвээр байна. Ялангуяа дархлаажуулалтын хамралт хангалтгүй хүн амын дунд халдвар цааш тархаж, шинэ дэгдэлт үүсэх эрсдэлтэй.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлж болох өвчин бөгөөд уг халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нэвтрүүлээд даруй 50 гаруй жил өнгөрсөн ч дэгдэлтийн үед бид уг өвчнөөр бага насны хүүхдүүдээ алдсан нь тун харамсалтай хэрэг юм. Ирээдүйд дахин ийм нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бүр эрүүл, аюулгүй нөхцөлд өсөн торних, цаашлаад улаанбурхан төдийгүй бусад вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулж, таслан зогсооход Засгийн газрын зүгээс тасралтгүй анхаарч ажиллахаа илэрхийлж байна. Харин үүнд бүх түвшний эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд эцэг эх, асран хамгаалагч, ард иргэдэд дархлаажуулалтын ашиг тусын талаар зөв мэдлэг, мэдээлэл өгөхөд тэргүүн эгнээнд хамтран ажиллах нь чухал юм. Иймд Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-аас хүүхэд бүрийг улаанбурхан өвчний эсрэг вакцины зөвлөмж болгосон хоёр тун вакцинд товлосон хугацаанд бүрэн хамруулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллахыг уриалж байна.
Эрүүл мэндийн байгууллагууд аймаг, дүүрэг бүрд дархлаажуулалтад хамрагдаагүй хүн амыг тодорхойлж, нөхөхөд тухайн орон нутгийн дархлаажуулалтын хамралт, тандалт болон эрсдэлийн үнэлгээний мэдээллийг тогтмол ашиглан зорилтот арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг харьяа эрүүл мэндийн байгууллага, өрх, сумын эрүүл мэндийн төвөөс нягталж, хоцорсон тун байгаа тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамруулахыг зөвлөж байна.
ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте: Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон нь нийгмийн эрүүл мэндийн салбарт гарсан чухал амжилт юм. Дархлаажуулалт нь улаанбурхан өвчнөөс хамгаалах хамгийн хүчирхэг арга хэвээр байгаа бөгөөд хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг цаг алдалгүй авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын нягт уялдаа холбоотой ажиллагаа нь үүнд чухал үүрэгтэй байдаг. Энэхүү ахиц дэвшлийг тогтвортой хадгалахын тулд дархлаажуулалт болон нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог улам бэхжүүлж, эрүүл мэндийн ажилтнуудаа дэмжихийн зэрэгцээ гэр бүл, олон нийтийг эрүүл мэндээ хамгаалахад нь идэвхтэй оролцогч болгон чадавхжуулах шаардлагатай. Энэхүү дэгдэлтийг хяналтад авахад Засгийн газрын манлайлал, хөрөнгө оруулалт нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бид цохон тэмдэглэх нь зүйтэй. Эдгээр хүчин чармайлт нь дэгдэлтийг хяналтад аваад зогсохгүй, цаашид нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед хүн амын эрүүл мэндийг хамгаалах Монгол Улсын бэлэн байдал, чадавхыг улам бэхжүүллээ.
Эрүүл мэндийн яам болон ДЭМБ нь дархлаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх, дархлаажуулалтад хамрагдаагүй болон дутуу хамрагдсан хүн бүрд хүрч ажиллах, тархвар судлалын болон лабораторийн тандалтыг тогтвортой үргэлжлүүлэх, мэдрэг байдлыг нэмэгдүүлэх, улаанбурхан өвчний дэгдэлт болон вакцинаар сэргийлэх боломжтой бусад өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэн цаашид хүрсэн ололт, амжилтаа бататгах үүрэг амлалтандаа бат зогсохоо дахин мэдэгдэж байна.
Үйл явдал
“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэл, тооллогод хамруулж, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалалтын нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчлэж, бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах юм.
Мөн бүртгэлд хамрагдаагүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэрэгт ашиглагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Түүнчлэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах юм.
Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.
Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төв аймгийн зүүн хойд, Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0–1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5–10 метр, говь, талын нутгаар секундэд 12–14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15–20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 9–14 хэм, бусад нутгаар 4–9 хэм хүйтэн байна. Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Өдөртөө 3–5 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Өдөртөө 4–6 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Өдөртөө 4–6 хэм хүйтэн байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 20-ноос
2026 оны арваннэгдүгээр сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0–1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 22-нд Хөвсгөл, Сэлэнгэ, Булганы зарим сум, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар, 23-нд Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Төв аймаг, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.1–2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14–16 метр хүрч ширүүснэ.
21-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. Бусад хугацаанд шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 27–32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20–25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8–13 хэм, бусад нутгаар 14–19 хэм хүйтэн байна.
Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 14–19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10–15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1–6 хэм, бусад нутгаар 6–11 хэм хүйтэн байна.
Үйл явдал
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 18-нд болж, дараах шийдвэрийг гаргалаа.
Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Газрын тосны бүтээгдэхүүний шаардлагатай нөөц бүрдүүлэх, хангамжийг тогтворжуулах зорилгоор “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензинийн жижиглэн худалдааны үнийг хилийн үнэтэй уялдуулан литр тутамд 1000 хүртэл төгрөгөөр бууруулах зохицуулалтыг шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлнэ. Үүнд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг холбогдох сайдын батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэнэ.
Мөн 2027 оны бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл хангах, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, бэлэн байдлыг сайжруулах, хомстол үүсэхээс сэргийлэх зорилгоор нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
-
Тод зураг2019/07/31
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2024/11/13
ЭЗБХ: Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслий...
-
Үйл явдал2023/07/25
Дуу бүтээгчид, оюуны өмчийн бүтээлээр дамжуулан дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэ...
-
Үйл явдал2025/07/04
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүхэн байна
