Тод мэдээ
Зорчигч, тээвэрчдийн анхааралд!

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзал нь наймдугаар сарын 21-ний дотор Сонгинохайрхан дүүргийн, Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ний байр руу нүүхээр болсон байна.
Энэ нь барилгын ажил явагдаж байгаатай холбоотойгоор автобуудлын стандартын шаардлага болон аюулгүй байдал алдагдсан, хөндлөн тэнхлэгийн төв замын түгжрэл үүсгэ байгаа гол цэг болсон гэх мэт хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээлжээ.
Тод мэдээ
Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж давхар хяналт хийнэ
Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 11 жилийн дараа Парис хотод болж, дараах асуудлаар харилцан тохиролцоонд хүрлээ. Хуралдаанд Францын талаас Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Анн-Мари Дэкот, Монголын талаас ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар оролцлоо.
Үүнд:
- Дорноговь аймагт олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж цацраг идэвхит ашигт малтмалын хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөлөлд хийсэн хэмжилт, шинжилгээг давхар хяналтанд оруулах санал гаргалаа. Хөрөнгө оруулагч талын зүгээс итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжин ажиллах,
- Төслийн дэргэд хараат бус хяналтын зөвлөлийг иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж иргэний хяналт тогтоож, ил тод нээлттэй ажиллах нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажиллах,
- Хоёр улс Онцгой байдлын нисдэг тэрэг, техник төхөөрөмжийн туслалцаа, эрчим хүчний эс үүсвэрийг төрөлжүүлэх, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх,
- Ажлын хэсгийн хуралдааны үеэр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын “Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Техник хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Мөн 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд дэмжин оролцохоор тохиролцлоо.
Сануулахад, энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.
Тод мэдээ
Замын-Үүд боомтоор орж ирсэн жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээ хийлээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Замын-Үүд боомт, Чөлөөт бүс дэх дэлгүүр болон гаалийн салбар лабораторит хяналт шалгалт хийлээ.
Энэхүү шалгалтын зорилго импортоор орж ирсэн жимс жимсгэнэ, хүнсний ногоонд агуулагдаж болзошгүй пестицидийн үлдэгдлийг илрүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэж байгаа юм.
Шалгалтаар нийт 20 төрлийн жимс, хүнсний ногооноос дээж авч, лабораторийн нарийвчилсэн шинжилгээнд хамрууллаа. Замын-Үүд боомтын гаалийн салбар лабораторид хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих ажлыг эрчимжүүлж байгаа ч зарим хүндрэл, зөрчил илэрч байгаа аж.
Шинжилгээний баг 2024 оны нэгдүгээр сараас эхлэн шинэ тоног төхөөрөмжөөр ажиллаж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 16 төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэд пестицидийн үлдэгдлийг тодорхойлох шинжилгээ хийж байна.
Харьцуулбал, 2023 онд 6,300 дээж шинжилгээнд хамрагдсан бол 2024 онд энэ тоо 9,000 болж өсжээ. Гадаад худалдааны хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор лабораторийн ачаалал эрс нэмэгдсэн ч ердөө 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүний нөөцийн хувьд дутагдалтай байгааг лабороторын эрхлэгч, гаалийн улсын ахлах байцаагч дурдлаа.
Мөн хяналт шалгалтын явцад чөлөөт бүсийн худалдааны дэлгүүрүүд зарим стандартын шаардлагыг зөрчиж буй нь илэрсэн юм. Тухайлбал, загварын туршилтад хамрагдаагүй, ашиглахыг зөвшөөрөөгүй, баталгаажуулалтын гэрчилгээгүй электрон жинг ашиглаж байсан зөрчил илэрч, холбогдох арга хэмжээг хуулийн дагуу авахаар болсон байна гэж Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ
Жигжидийн уулзвараас Гүнтийн пост хүртэлх Өвөр гүнтийн гэж нэрлэгдэх авто замыг 2015 онд ашиглалтад оруулсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл уг зам дээр зөвхөн арчлалтын засвар буюу нөхөөс хийж ирсэн. Иргэдийн зүгээс дээрх авто замыг шинэчилж өгөөч гэсэн санал хүсэлт цөөнгүй ирүүлсэн учраас нийслэлийн Замын хөгжлийн газраас Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Тус авто замын ажлын гүйцэтгэгчээр "Фючер Прогресс" ХХК ажиллаж байна.
Авто замын ажлын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Замыг засаж, шинэчлэхдээ 30 см цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь тавьж, 5 см өнгөн хучилт хийнэ. Зорчих хэсгийн баруун талаар дугуйн зам, зүүн талд нь явган зам барина. Ус зайлуулах хоолойг замын налуу хэсгүүд дээр шийднэ. Тиймээс зам засварын ажлыг гурван хэсэгт хувааж, авто замыг хэсэгчлэн хаана. Тодруулбал, цементэн суурь бэхжих 48 цагийн хугацаанд гол замын хөдөлгөөнийг хааж, түр зорчих зам гаргаж зохицуулалт хийнэ. Бидний тооцооллоор хэсэг бүрийг ойролцоогоор дөрвөн өдөр хааж, засвар шинэчлэлтийг хийнэ. Авто зам дээр ус тогтохоос сэргийлж, зургаан байршилд авто замаас доош 10 см орчим хоолой гаргана" гэв.
Авто замын ажлыг гүйцэтгэгч "Фючер Прогресс" ХХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр "Өвөр гүнтийн замын эвдэрсэн хэсгүүдийг шинэчилж, хашлагуудыг солино. Дугуйн зам, явган хүний замыг шинээр барина. Ус зайлуулах хоолойн бөглөрлийг арилгаж, уулын шуудуу гаргана" гэлээ.
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замд замбараагүй орц, гарц гаргаж, шуудууг эвдсэнээр ус ихээр тогтдог болсон
НЗХГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Өвөр гүнтийн замыг энэ жил ийнхүү шинэчлэхээс гадна 2024 онд тус замын намагтай хоёр хэсэг газарт 1.5-2 метр гүнд суурь сольсон. Тус замын эвдрэлийн гол шалтгаан нь орц, гарц замбараагүй гаргаж, шуудууг нь эвдсэн учраас ус тогтдог болсон байсан. Тиймээс бид одоо эхэлж буй засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 метр замыг цементээр бэхжүүлж, хоёр талын явган хүний болон дугуйн замыг 1.5 метр асфальт бетоноор хучна. Мөн шуудууг дахин шинээр барьж, орц, гарц бүр дээр 500-700 метр ус зайлуулах хоолойг хийхээр төлөвлөөд байна" хэмээн тодотгов.
Нийслэлийн хэмжээнд энэ онд 41 байршилд авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг нийслэлийн Замын хөгжлийн газраас хийж байна. Үүнээс 33 байршилд нь он дамжих зам засварын ажил, 8 байршилд нь шинээр зам барьж байна.
Өнгөрсөн долоо хоногт Гранд плазагийн уулзвараас 25 дугаар эмийн сангийн зам засварын ажил дууссан. Үргэлжлүүлэн энэ жишгээр Гранд Плазагийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх зам засвар, Денверийн гудамж, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу зэрэг байршилд зам засварын ажлыг хэсэгчлэн гүйцэтгэнэ. Зам засварын ажил нь улирлаас шалтгаалж богино хугацаанд явагддаг тул зайлшгүй нөхцөлд ажлын өдрөөр хэсэгчлэн хааж, ажил гүйцэтгэх шаардлагатай байдаг тул иргэдийг хүлээцтэй хандаж, засвар, шинэчлэлтийн талаарх мэдээлэлд ойр байхыг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр онцолж хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2022/07/25
Баянзүрх дүүрэгт 17 байрыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэхээр бэлтгэж байна
-
Тод мэдээ2021/10/06
Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн сайд нарын уулзалтад оролцов
-
Өнөөдөр2021/09/14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
-
Өнөөдөр2023/06/20
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь