Тод мэдээ
Улсын комиссын 8404 дүгнэлтийг www.shilen.gov.mn-д байршууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 16-нд болж, ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шил” ажиллагаа болон барилга, байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг www.shilen.gov.mn д байршуулаад байна.
“Шил” ажиллагааны хүрээнд өнгөрсөн тавдугаар сард хэн, хэзээ, хэнд, ямар үндэслэл, зориулалтаар, хэр хэмжээний газрыг 23 жилийн туршид хэрхэн олгосныг ил болгосон. Үүн дээр нэмж барилга байгууламж ашиглалтад хүлээн авах улсын комиссын нэр, бүрэлдэхүүн, архитектур төлөвлөлтийн мэдээлэл нээлттэй болсноор газар олгохоос эхлэн, барилга, байгууламжийг хүлээн авах хүртэлх бүх үйл явц бүрэн бүтнээрээ бүх нийтийн шууд хараа хяналтад орж байна гэж Н.Учрал сайд хэллээ.
Танилцуулгатай холбогдуулан газар ашиглах, эзэмших эрх олгох, цуцлах, шилжүүлэх, хугацаа сунгасан тухай захирамжийн мэдээлэл болон барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтийн мэдээллийг egazar.gov.mn газрын нэгдсэн цахим системд бүрэн тусгахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, архитектур төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, нээлттэй нийтлэх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад тус тус даалгалаа.
Тод мэдээ
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар холбогдох D-өргөдөл цахим системд иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 100187 хүн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Иймд уг саналыг тус Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалтайг гишүүдэд танилцуулав.
Улсын Их Хурлын даргын захирамжаар Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Иймд дээрх өргөдлийг тус ажлын хэсэгт шилжүүлэх саналтай байгааг Байнгын хорооны дарга мэдэгдсэн.
Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлыг ажлын хэсэгт шилжүүлье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Тод мэдээ
ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа
Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблейн үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл тавьж, үг хэллээ. Дэлхийн 140 улсын 1700 гаруй төлөөлөгчид оролцож буй уг Ассамблейн үеэр нийт 90 гаруй хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд зохион байгуулагдаж байгаа юм.
“Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдэвт үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үг хэлэхдээ, эрх тэгш байдлыг дээдэлж, олон талт оролцоог хангасан парламент нийгмийн хөгжлийг түргэсгэж, шударга ёсыг тогтооход чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах нөхцөл бүрдэж, улмаар 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн шинэ парламентын 126 гишүүнээс 32 нь эмэгтэй гишүүн сонгогдсоныг цохон тэмдэглэв. Түүнчлэн нийгмийн бүлгүүдийн олон талт оролцоог хангасан шинэ үеийн парламент 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө хүний эрхийг дээдэлсэн хуулийн үзэл санаанд тулгуурлан, үндсэн 5 зорилгыг дэвшүүлсэн хэмээн танилцууллаа.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэлэхдээ, дээрх стратегийн хүрээнд иргэний эрх ашгийг тэргүүнд тавьж, хууль тогтоомжийн тоо бус чанарыг чухалчилсан, олон ургальч үзэлд тулгуурлаж, шинжлэх ухаанч шийдлийг дэвшүүлдэг парламент болохоор зорьж байгааг дурдлаа. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан онцлох чиглэлүүдийг танилцуулахын сацуу авилгагүй, цахим засаглалыг бэхжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, процессын дахин инженерчлэлийг бүх шатанд эхлүүлэхээр ажиллаж буйг тодотгов. Үр дүнд нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал харилцан уялдаатайгаар цогц ажлуудыг эрчимжүүлснээр нийгэмд үүсээд буй авлига, хүнд суртал, хүний эрхийн зөрчил зэрэг асуудлыг хамтад нь шийдвэрлэх боломжтойг тэмдэглэлээ.
Илтгэлийнхээ төгсгөлд, 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, улмаар нийгмийн хөгжлийг хурдасгаж, шударга ёсыг тогтоохын тулд ОУПХ болон түүний гишүүн орнуудтай харилцан туршлага солилцож, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг нэмэгдүүлснийг хүчингүй болгох талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцсэн.
Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, "Иргэн Э.Батбаяраас Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай өргөдлийг Улсын Их Хурлын нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар нийт 33042 иргэн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.3-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95.3-т заасны дагуу Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд уг саналыг 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалттай" хэмээв.
Ингээд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан саналыг 33042 иргэн дэмжсэн тул уг саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакираар ахлуулах горимын санал гаргахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа нар ажиллахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
-
Өнөөдөр2021/10/06
Номын сангуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
-
Тод мэдээ2023/10/12
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай судлахаар ХБНГУ-д ажиллаж ...
-
Тод мэдээ2022/05/02
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Гадаад хэргийн сайдтай уулзлаа
-
Тод мэдээ2022/12/08
ЗГ: Тусгай зориулалтаар 2023 онд агнах, барих агнуурын тоо толгойг тогтов