Тод мэдээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ?

2023 оны наймдугаар сарын 28-наас 2023 оны есдүгээр сарын 07-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 28-29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, есдүгээр сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 5-6-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. Есдүгээр сарын 1, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 1-нд оройдоо, 2-нд бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 9 дүгээр сарын 1, 2-нд бага зэрэг сэрүүснэ.
Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд:
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж, ил тод байлгах зохицуулалтыг тусгасан. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 42.2 буюу захиалагчийн эрх үүрэгт судалгааны ажлыг ил тод байлгах үүргийг тусгах байдлаар, ингэхдээ энэхүү үүргээ ШУТ сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэх, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл www.sudalgaa.gov.mn үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн 18-р зүйлийн 18.2.2-ийг “Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль” гэж өөрчилсөн.
- Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэсэн агуулгыг хасах тухай заалтыг оруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.
-
Тод мэдээ2021/09/21
Хөдөө аж ахуйн зохистой дадал гэж юуг хэлэх вэ
-
Тод мэдээ2024/12/11
Монгол Улсын Ерөнхийлөгч сүүний чиглэлийн фермүүдэд ажиллалаа
-
Тод мэдээ2022/10/06
Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймагт Хилийн боомтын захиргаа ажиллана
-
Тод индэр2021/08/17
Энэ онд Е-Mongolia 60 мянга гаруй иргэний гомдлыг шийдвэрлэжээ