Тод мэдээ
Мах боловсруулах салбарын талуудын уулзалт, хэлэлцүүлэг боллоо
Мах боловсруулах салбарын талуудын уулзалт – хэлэлцүүлэг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Төв номын санд боллоо. Тус уулзалтаар мах боловсруулах салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх арга зам болон тус салбарыг экспортын чиг баримжаатай хөгжүүлэхэд гаргаж буй шийдэл, сүүлийн үед хийж буй ажлуудын талаар хэлэлцсэн юм.

Энэхүү арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Махны холбоо болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд хамтран зохион байгуулсан юм. Уулзалтад Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж, ахуйн их сургууль болон мах боловсруулах үйлдвэрүүд, Хөдөө аж ахуйн Бирж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг байгууллагуудын төлөөллүүд өөрсдийн хийж буй ажлуудыг танилцуулж, санал солилцов.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Тод мэдээ
АТГ: "Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр дэх “Цемент шохой” ХХК-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирол нөхөн төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.
“Цемент шохой” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд нь ашиг сонирхлын зөрчил удаа дараа гаргаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, цемент худалдан борлуулахдаа бусдаас хахууль авсан, төрийн өмчит компанид их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч, эрүүгийн 2502007000487 дугаартай хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Мөрдөн байцаалтын явцад авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар “Цемент шохой” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр худалдан авах иргэн, аж ахуйн нэгж байсаар байхад холбогдох хууль, журмыг илтэд зөрчиж өөрсдийн хамаарал бүхий этгээд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд зээлээр олгон өөртөө болон бусдад давуу байдал үзүүлсэн, хахууль авсан зэрэг нөхцөл байдал тогтоогдов.
Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд одоогийн байдлаар “Цемент шохой” ХХК-иас зээлээр авсан цементийн төлбөр болох нийт 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг “Хас хос очир”, “Люксвүүд”, “Өү эм ди си”, “Төгс өсөх премиум”, “Батс өргөө”, “Техник импорт”, “Энгүүн цог жавхлан”, “Очир ням проперти девелопмент”, “Самби констракшн”, “Кью си эс” зэрэг ХХК-иудаас гаргуулж нөхөн төлүүлээд байна.
Мөрдөгчдийн ажлын хэсгийн “Цемент шохой” ХХК-тай холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хохирол нөхөн төлөлтийн нэмэгдсэн дүнг эргэн мэдээлэх болно.
Тод мэдээ
“60 сая төгрөг хожсон” гэх зурваст итгэж хувийн мэдээлээ өгч, 8 сая төгрөг залилуулжээ
Сугалаанд их хэмжээний мөнгө хожсон, азтан болсон мэтээр иргэдийг төөрөгдүүлж, тэдний хувийн мэдээлэл, ОТР код зэргийг авч, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байна.
Тухайлбал, энэ оны 11-р сарын 04-ний өдөр иргэн "...."-ын фэйсбүүк цахим хаягаар үл таних этгээд холбогдож, “60 сая төгрөг хожсон байна” гэж итгүүлэн OTP кодыг нь авч, 11 удаагийн гүйлгээгээр 8,314,500 төгрөг залилсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Иймд иргэд Та бүхэн өөрийн цахим хаяг, банкны нууц мэдээллээ бусдад дамжуулахгүй байх, хувийн мэдээллээ хуваалцахгүй байх, цахим сугалаанд оролцохгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг дурдав.

