Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Я.Аюурзана: Бурхан багшийн "Эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр"-өөр манай хийд дацангуудад “Бурхан багшийн чого” хурж, амьтны тусыг бүтээсээр ирсэн

Огноо:

,

Сэтгүүлч:

Бурхан багшийн "Эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр" ирэх арваннэгдүгээр сарын 4-нд буюу намрын адаг сарын 22-нд тохиож байна. Уг өдрийг Бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлалтай. Эл өдөр сүсэгтэн олон буяны үйлд шамдаж, бие, хэл, сэтгэл гурваар муу үйлийг тэвчиж сайн үйл хийхийг зорьдог тухай МУ-ын Гавьяат багш, Манба Дацан хийдийн зурхайч Я.Аюурзана ярьж байна. Үүнээс цаашхийг бидний дараах ярилцлагаас хүлээн авна уу?
 
Бурхан багшийн "Эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр" буюу төвөдүүдийнхээр "Тэнгэрээс буусан дүйчэн өдөрудахгүй тохионо. Ямар учиртай өдөр болох тухай бидэнд хэлж өгөөч. 
-
Энэ жил Бурхан багшийн “Эхийг ачийг хариулсан дүйчэн өдөр” нь намрын адаг сарын 22 буюу арваннэгдүгээр сарын 04-нд тохионо. Бурхан багш Тэнгэрийн оронд төрөл таалсан эхийнхээ ачийг хариулахаар тус орноо залран эхдээ болон бусад Тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар эхийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд, намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж замбутивд залран ирсэн хэмээн манайд хэвлэгдсэн “Бурхан багшийн намтар”, түүхэн сурвалж ном сударт тэмдэглэсэн байдаг. Тайванийн Гаосюн хотын Бурхан багшийн музейд Бурхан багш 33 Тэнгэрийн орноо ном номлож, эхийнхээ ачийг хариулж байгааг дэлгэцээр үзүүлж, нэн ойлгомжтой, үзсэн хүн бүрт итгэл бишрэлийг төрүүлэх сайхан үзмэр байдаг билээ. Монголчууд Бурханы шашинт орон болсноор Номт гурван улсын нэг болж, олон зуун жилийн өмнөөс энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Манай хийд, дацангууд энэ өдөр “Бурхан багшийн чого” хурж, амьтны тусыг бүтээсээр ирсэн уламжлалтай. Ард түмэн маань нийтээр “Эхийн ачийг хариулах” энэ өдөр нас барсан бол төрлийг сайжруулахын тухайд, амьд сэрүүн байгаа бол нас буяныг арвитгах ном айлтгуулж, хурал номын газраар орж, өргөл өргөж буянаа зузаатгах, улмаар ачлал үзүүлж баярлуулах, сайн үйл хийж буйгаа үзүүлэх, ярих, хилэнц нүгэл, хэрүүл тэмцлийг тэвчих, муу дадал зуршил, муу үйлээсээ татгалзахаа ээждээ амлаж андгайлж, ач буяныг нь дурсан санаж, үлгэр дуурайлал болох, сайн үйлсийг нь хүүхдүүддээ дурсан ярих зэрэг олон хэлбэрийн сайн үйлийг хийж болно.

- Зөвхөн эхийн ач гэлтгүй аавынхаа ачийг ч хариулах ёстой тийм ээ. Хэрхэн эднийхээ ачийг хариулах вэ. Энд ямар нэгэн шалгуур байх уу?
- Тийм л дээ. Эцэг эх маань ямар их хайр, ачлалаар гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэж, хүний зэрэгтэй болгохдоо мөн их цаг, хүч хөдөлмөр, эд эдлэлийг зарцуулсныг үргэлж санах учиртай. Аав ээжийнхээ хэн ч мэдэхгүй их хайр сэтгэлийн их хүч гаргаж байсныг ч төсөөлөн бодох ёстой.Юмны учир мэдэх цагаас эхлээд “Ингэж хий, ингэж болохгүй, ингэж яваарай” гэх мэт хэлж захиж, сургасан зүйл хичнээн их билээ. Ингэж ажиллаж амьдардаг юм гэдгийг биеэрээ үзүүлж дагуулж сургасан нь хичнээн их билээ. Захисан бүгдийг нь өнөөдөр би биелүүлж байгаа бил үү гэж бодох ёстой. Захисан сургасан зүйлийг нь биелүүлчихвэл аав ээж маань ямар их баярладаг билээ. Тэгэхээр захисныг нь биелүүлж, эцэг эхийнхээ сэтгэлд хүрч явах нь тэдний ачийг хариулж буй нэг том хэсэг юм. Мөн аав ээж бүрт хүүхдээ “Ийм л хүн болно. Ийм амжилтад хүрнэ” гэсэн итгэл хүлээлт байдгийг үргэлж бодон амжилт өөд тэмүүлж урагшлах ёстой. Амжилт бүтээлээ санаж төлөвлөж, зорьж байгаа зүйлээ аав ээждээ ярьж, тэдний зөвлөгөөг сонсох нь ч бас тэднийг баярлуулдаг. Энэ ч бас тэднийхээ ачийг хариулж буй нэг хэсэг. Мэдээж эцэг эхээ ачилж асрах нь ачийг нь хариулж буй хамгийн том буян юм. Хүүхдүүдийнхээ сайн үйлс бүтээж, сайхан амьдарч, хоорондоо эвтэй найртай байгааг л харж сэтгэл ханадаг улс шүү дээ.

- Шүүдрийн усаар цай чанаж өгөх нь нэг л шөнө босож хуурайлсан эхийн ачийг хариулсантай тэнцэнэ гэдэг дээ.
- Өвсний шүүдрийн дусал төдий усыг хурааж цай чанах хэмжээний болгоно гэвэл ямар их хэцүү байх билээ. Ер нь бүтэх болов уу? гэж хүн бүрт бодогдоно. Тэгэхээр эхийн ач гэдэг ямар их үнэ цэнтэй хэмжээлшгүйг харуулсан маш оновчтой зүйрлэл юм.  Бидний ээжүүд тийм хэмжээлшгүй их ачлал өгсөн хэрнээ буцаад биднээс түүнтэй тэнцэхүйц хариу нэхдэггүй. Ийм л болохоор ээж маань юутай ч зүйрлэшгүй Бурхан билээ. Бид эцэг эхээ баясгаж, асарч, хүндэлж, үг сургаалыг нь сонсож, авах гээхийн ухаанаар хэрэгжүүлж, өргөж ачилж явах ёстой. Ингэж л буянаа зузаалж, цаашдын үйлсээ тэгшилдэг учиртайг олон ном зохиолд зарлигласан нь бий. 
 

БИДЭНД ГОМДЛЫГ УУЧЛАЛААР ХАРИУЛАХ УХААЛАГ ЁС БАС БИЙ


- Өнөөдөр хүний мөс чанар муудсан талаар хүмүүс их ярих юм аа. Саяхны нэг тв-ийн мэдээгээр төрсөн ээж аавыгаа асрамжийн газарт өгсөн, харж ханддаггүй тухай гарч байна. Тухайн асрамжийн газрын хүн үүнийг гэр бүл салалттай холбож тайлбарлаж байсан. Тодруулбал, багад нь хаяж явсан аав ээждээ гомдсон гомдол ийм байдалд хүргэсэн гэсэн.  Үнэндээ гомдол улам ч их тухайн хүний /хүүхдийн/ сэтгэлийг өвтгөх юм шиг санагдаж байна.  
- Тийм л дээ. Монголын уламжлалт “ёс” хэмээхүйд эцэг эх хүний эрхэмлэх ёс зүйг сайтар номлосон байдаг. Тухайлбал, эцэг хүний таван эрдэмд өрх гэрийн түшиг, үр хүүхдүүдийн сүр сүлд болохыг дурдсан бол эцэг хүний цээрлэх найман зүйлд бор дарсанд үл шунах, үр хүүхдээ үл хараах, үнэнч ханийг үл гомдоох гэх мэт бий. Мөн эх хүний есөн эрдэмд үрд энэрэлтэй, ханьдаа түшигтэй, хадамдаа элэгтэй байхыг сургадаг бол эхнэр хүний цээрлэх таван гэмд эр бусдыг үл сэтгэх гэж заадаг. Монгол эцэг эхчүүд энэ л ёсыг үеийн үед сахисаар ирсэн. Монголчууд амьдын хагацал хэцүү гэдэг дээ. Амьтан бүхэн үрээ энэрэн асарч өсгөдөг байгалиас өгөгдсөн мөн чанартай, жамтай. Түүнээс гажиж балчирхан үрээ орхих нь маш их нүгэлтэй.          Бидэнд гомдлыг уучлалаар хариулах ухаалаг ёс бас бий. “Сэгсгэр ч гэсэн миний ээж” гэсэн үг байдаг даа. Энэ нь уучлал энэрэл асралын сэтгэл үүсгэх нь чухал гэдгийг товч атлаа тод хэлж байгаа юм. Эцэг эхдээ гомдсон гомдлоо хүний ёсоор уучлах, улмаар асрах нь маш их буянтай. Энэ л хүний мөс чанар юм шүү дээ.
           Одоо хүний мөс чанар муудаж байгаа нь үнэн. Хүн ардаа аз жаргалтай, амар амгалан байлгахыг олон зуун мянган жилээр төр засаг анхаарлынхаа гол төвд авч явсаар өнөөдрийг хүрчээ. Одоо ч хүний сайн сайхны төлөө ярьж, хэлж, ажиллаж байгаа ч нэгдсэн бодлого зохицуулалт дутагдсаар байгаа нь таны асуултаар хөндөгдөж байна. “Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна” гэж Монгол Улс Үндсэн хуулиндаа заасан байдаг. Хүнлэг биш үйлтэй тэмцэх ёстой. Албан тушаалд дэвших, гавьяа шагнал хүртэх, сонгуульд нэр дэвшүүлэх гэх мэт олон асуудалд гэр бүлийн тогтвортой байдлыг харгалзан үздэг байх хэрэгтэйг амьдрал шаардаж байна шүү дээ. Хүмүүсээ хүнлэг нэгэн болгож төлөвшүүлэхэд олон ажил дорвитой зохиох хэрэгтэй байна. Зөнд нь орхичихвол муухай болдгийг одоо бид харж байна.

- Бас төрүүлж, өсгөсөн нь үнэн ч өтөл болсон аав ээжийгээ заавал харж хандах ёсгүй гэж үздэг хүмүүстэй ч нэг бус удаа таарч байлаа.  Энэ бол өр төлж байгаа зүйл биш тийм ээ.
- Тийм ээ, өр төлж байна гэж бодохоос илүү эцэг эхийгээ асарч халамжлах, Бурхан болсон хойно нь ч сайн төрлийнх нь төлөө ном буян хийж байгаа нь хүний ёс, хамгийн дээд буян юм гэж бодох ёстой. Энэ буянаараа цаашдын үйлээ тэгшилж, ашдын жаргал эдэлнэ. Өтөл болсон эцэг эхийнхээ сургаал үгийг сонссоноор ажил амьдралдаа тусгах юм их бий. “Хазгар өвгөнд эрдэм бий. Хар авдарт эрдэнэ бий” гэсэн үгийг бодож л явах ёстой юм шүү дээ.

- Муу аав ээж гэж байх уу?
- Ер нь сайн муу гэсэн тогтсон хэмжүүр байхгүй. Энэ бол харьцангуй ойлголт. Аливаа зүйлд гэрэлтэй сүүдэртэй тал бий. Нэг зүйлийг нөгөөтэй нь нэг талаас нь харьцуулж харсан ойлголт. Эцэг, эхийн ёсоо баримтлахгүй байгаа аав ээжийг муу гэж хэлж болох юм. Гэтэл муу гэж үзэж байтал түүнээс муу аав ээж байхыг хэн байг гэх вэ. Бас эд баялгаар ч юм уу эрх мэдлээр илүү сайн аав ээж байж болно. Гэвч түүнд байхгүй сайн чанар өөр нэг аав ээжид байж таарна. Гарт баригдаж, нүдэнд харагдахгүй ч хүүхдийнхээ төлөө амиа өгөхөөс буцахгүй хүмүүс аав ээж байдаг шүү дээ. Тэгэхээр зөвхөн аав ээж ч гэлтгүй нэгнийхээ сайн чанарыг түрүүлж олж харахыг хичээх хэрэгтэй юм. Амьдрал мөнх бус. Нэгэнт өнгөрсөн хойно харамсаж суух мөн хэцүү еэ.

- Ээж аав хүүхдийн толь уу. Хүүхэд аав ээжийн толь болдог юм уу? Хүүхдийн хүмүүжлийн талаар яриагаа үргэлжлүүлэх үү?
- Толинд өөрийгөө харж зарим зүйлээ засаж янзалдаг. Бас “Толь бичиг” харж үгийн учир утггыг ойлгож авдаг. Хүүхэд эцэг эхээ харж биеэ засаж, дуурайх, түүний хэлж ярьснаар  юмны учрыг мэдэж авдаг. Аав ээжийнхээ үгийг туйлын үнэн гэж боддог. Эцэг эх бол хир буртаггүй тунгалаг толь нь байх ёстой.“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг шүү дээ. Хүүхдүүд маань намайг л харж байгаа, намайг л дуурайж хүмүүжнэ гэж эцэг эхчүүд үргэлж бодож явдал мөрөө хянаж, явах ёстой юм. Хүүхдийнхээ өмнө буруу үлгэр үзүүлэх эрх эцэг эх хүнд байхгүй. Өөрөө буруу үлгэр үзүүлчхээд хүүхдийнхээ буруу үйлийг гайхаад байдаг зарим эцэг эхчүүд мэр сэр бий. Нэг хүний муу үлгэр дуурайлал, өөрийн хүүхдэд нөлөөлөөд зогсохгүй, хүүхдээр нь дамжин бусдын олон хүүхдэд нөлөөлдөг. Ингэж олон хүнд нөлөөлсөн нь нийтийн мөс чанар муудахад нөлөөлдөг. Энэ л хамгийн хортой. Манай монголчууд үүнийг “Муугийн уршиг олонд, Могойн цус тэнгэрт” гэж цэцэлсэн байдаг юм.

- Орчин цагт чангахан дуугарч ч загнах аргагүй болсон байна. Та бол багш хүн. Хүүхэд хүмүүжлийн талаар баримталж ирсэн ямар зарчим байна вэ?
- Тийм ээ. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа үйлдэл мэр сэр байна. Эцэг эх, багш нарыг “Эд нар яах бол” гэх байдлаар хандаж хүүхдийн эрхийг хамгаалах нь хүүхдийг эцэг эх, багш нараас нь хөндийрүүлж, ойр дотно харилцаагүй, болгоомжтой харьцахад хүргэж байна. Юмны учир мэдэхгүй балчир хүүхдийг юмны учир мэддэг болчихсон хүн шиг эрх, дураар нь, өөрийнхөөр нь шахаж шаардахгүй бол хэн болж төлөвших бол оо? Монголчууд хүүхдээ олон мянган жил сурган хүмүүжүүлж ирсэн өв уламжлал, баялаг туршлагатай. Сайн хүү, сайн охин болгох тодорхой үзүүлэлт, тийм болгож сургах зарчимтай байсан. Сайн хүү бол эцгийн сургаалаар явдаг. Эрдэм сурах дуртай, энэрэх сэтгэлтэй, ах дүүстэйгээ аятай харьцдаг, тэдэнд тустай, дөлгөөн ааштай, уургүй, шударга, наадам цэнгээнд дургүй, ажилд арга эвтэй, зүтгэлтэй, бүтээмжтэй байх ёстой. Эцэг эхчүүд ч хүүхдээ ийм болгож хүмүүжүүлдэг. Хүү ч тийм болохыг хичээдэг байх нь. Хэрвээ муу хүү болчихвол эцгийн сургаалыг үл тоогч, тэнэг бөгөөд хэдэр, эд юмаа нуун худалддаг, эрх танхи, ахас ихсийг муулах, бусдад үл туслах, хов үг зөөгч болчихдог тухай дурдсан ном судрууд байна. Мөн сайн охин гэхэд цэвэрч, нямбай, гоо сайхандаа анхаардаг, номхон дөлгөөн зантай, саруул ухаантай, эхийн сургаалаар явдаг, эгч дүүстэйгээ эвтэй, эсгэх оёход уран, наадам цэнгээнд дургүй, ахуй биеэ  хичээж хадгалаад, ахас ихсийг хүндэлдэг, уур хилэнгүй байдаг. Ийм л охид болохыг охид бүр хичээдэг байх нь. Эцэг эхчүүд ч чармайдаг. Хэрэв хичээхгүй бол муу охин болно. Муу охин бол авир дүр нь чөтгөр мэт, ааш нь сармагчин мэт, асар их ууртай, алхай залхуу, эхээ сургахад уурладаг, ачит багшийн заасныг сурах дургүй, ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч, наадам цэнгээнээр хэсэгч, үйл хийх дургүй, хов үг хэлэх дуртай, айх ичихийг үл мэдэгч, шалиг үгтэй, садар самуун явдалтай аальгүй нэгэн болдог. Ийм болчихгүйн тулд охин ч хичээж, эцэг эх багш нар ч анхаарч сургадаг. Юмны учир мэдэхгүй балчир хүүхэд залхуурах, биеэ  өмөөрөх, бурууг бусдад өгөх, худал хэлэх гэх мэт буруу үйлдэл гаргах нь байдаг. Тэр нь дахин дахин давтагдвал буруу зуршилтай болчих гээд байдгийг хүн бүр мэднэ. Тиймд зөв үйлийг гэр бүл, сургуульд зааж өгч хэвшүүлэх, бурууг жигшүүлж, шахаж шаардаж, уйгагүй үйл ажиллагааны үрээр муу зуршилгүй хүн болж төлөвшдөг.
“Хал нь гаднаа, хайр нь дотроо” гэдэг үг байдаг даа. Энэ нь хүүхдийг яаж сургаж байсан арга ухааныг маш товч тодорхой хэлсэн байгаа юм. Багш хүн бол ганц хүүтэй эх хүүхдээ яаж энэрч асарч сургадаг билээ. Тийм л байдлаар шавь нартаа хандах учиртай. Энэрлийн сэтгэл үүсэхээр хармын сэтгэл үгүй болж хамаг чаддаг бүхнээ харамгүй зааж сургадаг юм л даа. Тийм болохоор шавь нь “Энэ намайг яах бол” гэж багшдаа эргэлзэлгүй “багшийгаа хүндэлж” сурдаг учиртай. Багшийн шаардлага шахалтын цаана асрал энэрэл нь далд байдгийг шавь нар хийгээд эцэг эхчүүд ойлгож, итгэж багшаас сурах ёстой. Багшаа хүндэлж байж сайн сурна. Хэрэв өөлж муулбал түүнээс мууг нь л сурна шүү дээ.

- Хүүхдийг хүн болгож өсгөнө гэдэг амаргүй юм аа.  Боловсролоос илүү хүн болж өснө гэдэг үнэ цэнтэй мэт санагддаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?
- Хүүхдэд боловсрол олгох явцдаа хүмүүжилтэй болгох ажлаа зэрэг явуулж байж, боловсролтой хүмүүжилтэй хүн төлөвшүүлдэг. Хүмүүжлийн орчин бол гэр бүл, сургууль. Мөн нийгэм. Тийм учраас нийгмийн ёс зүйн асуудал  хамгийн чухал. Иймд цахим орчин цэцэглэн хөгжиж буй энэ эрин үед хүүдийн хүмүүжилд анхаарах асуудал улам нарийн төвөгтэй болж байна л даа. Нийгмийн сүлжээнд тавигдаж буй  олон асуудалд хяналт тавьдаг, хариуцлага тооцдог байх ёстой. Мөн радио, телевиз, сонин хэвлэл, кино зэрэг үзвэр үйлчилгээнд ч хяналт тавьж хүүхдэд буруу үзэл бодол төлөвшихөөс сэргийлдэг төрийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээж байна.
-Баярлалаа. Хоёулаа их өргөн сэдвээр товчхон ярилцлаа. Монгол улс бол бусад улс орноос ялгагдахуйц өөрийн гэсэн хэлтэй, өөрийн бичиг үсэгтэй, өвөрмөц ёс заншилтай. Хүүхдээ “Монгол хүн” болгож сурган хүмүүжүүлж ирсэн өөрийн гэсэн сурган хүмүүжүүлэх ухаан, арга туршлагатай. Эртнээс хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн өв уламжлал маань ном шастирт бичигдэж үлдсэн нь бий. Түүнийгээ өнөөдөр уламжлал шинэчлэлтэй хослуулан боловсруулах хэрэгтэй байна. Монгол хүн бол Монгол орны баялаг, Монгол улсыг хөгжүүлэх хүчин мөн.
Эрүүл чийрэг биетэй, хүчирхэг дайчин, үнэнч шударга, цог хиймортой, оюунлаг /билэг танхай/, худал ярьдаггүй, хулгай хийдэггүй, ажилсаг хүнийг л Монгол хүн гэдэг. Ийм л хүнийг бид төлөвшүүлэх ёстой. Монгол хүн бүрийг иймболгохын төлөө Монгол хүн бүр ийм байхын төлөө чармайхыг уриалж байна.

-Ярилцсанд баярлалаа.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.

Томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Үр дүнд Наймдугаар сард багтаан манай улсад нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцов. ОХУ-д дотооддоо хүнд нөхцөл байдалтай байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж манай улсад түлш, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Г.Дамдинням сайд урьд өмнө огт тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг даван гарахад тусалж байгаа ОХУ-ын Засгийн газар, Аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Газрын тосны агуулахууд эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болжээ

Огноо:

,

Засгийн газрын дэмжлэгтэй, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 18 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж эхэлсэн. 
Ерөнхий сайд Н.Учрал эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл болгон “Сан Петролиум” ХХК, “Шунхлай” ХХК-ийн газрын тосны агуулахын барилга угсралтын ажлын явцтай өнөөдөр танилцав. 


“Сан Петролиум” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 16,000м³ үүнээс 8000м3-ийн багтаамжтай савыг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Үлдсэн 8000м3 агуулахын  нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10.0 тэрбум төгрөг бөгөөд жилийн есөн хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10.0 тэрбум төгрөгийн санхүүжилт арилжааны банкнаас авчээ. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгаа бөгөөд 2026 оны наймдугаар сарын 20-ны дотор бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах гэж байна. Эдгээр агуулах ашиглалтад орсноор Улаанбаатар хотын АИ-92-ийн хэрэглээний 13 хоногийн хэрэгцээг бүрэн хангах юм. Ерөнхий сайд тус агуулахыг ашиглалтад хүлээн авахад зөвшөөрлийн саад бэрхшээл учруулахгүй байхыг холбогдох албаныханд үүрэг болгов. 

Харин “Шунхлай” ХХК 100,000 м³  буюу Монгол Улсад хамгийн том хүчин чадалтайд тооцогдох газрын тосны бүтээгдэхүүний агуулахыг Сонгинохайрхандүүргийн 21 дүгээр хороонд барьж байна. Тус бүр нь 14,000 м³ нэрлэсэн багтаамжтай, 36 метрийн диаметр, 14.5 метрийн өндөртэй долоон босоо ган сав барихаар төлөвлөсөн. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 151.26 тэрбум төгрөг бөгөөд жилийн 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд арилжааны банкнаас 151.0 тэрбумын санхүүжилт авсан байна. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл нь 40 хувьтай байгаа бөгөөд 2027 оны 12 дүгээр сарын 31-нд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөснийг “Шунхлай” ХХК-ийн техник технологи хариуцсан захирал Ш.Гэрэлт-Од хэлэв. Тус агуулах ашиглалтад орсноор улсын хэрэглээний 8-9 хоногийн нөөцийг нэмж  хадгална. 


Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, Манай Засгийн газар 33 жилийн дараа анх удаа  22 шатахууны нөөц сав барих ажил эхлүүлсэн. Мөн хоёр жил гацсан Газрын тос боловсруулах  үйлдвэрийн ажлыг гацаанаас гаргалаа. Үр дүнд нь 20 хувийн гүйцэтгэлтэй гацсан үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрч үргэлжилж байна. 30 жил гацсан газрын тос нийлүүлэх, эрэл хайгуулын ажлыг эхлүүллээ. 14 байршилд Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Засгийн газар үнийн өсөлтийн эсрэг, дэлхий дахины нөхцөл байдлаас хамаарч эх орондоо үүсэх сөрөг нөлөөг даван туулахын төлөө бүх шатандаа хичээн ажиллаж байна хэмээв. 

Улаанбаатар хотоос гадна Мөн Өмнөговь аймагт дөрвөн агуулах (37,000 м³, 34.109 тэрбум төгрөг), Дархан-Уул аймагт хоёр (11,000 м³, 10.834 тэрбум төгрөг), Баян-Өлгий аймагт хоёр  (5,200 м³, 7.560 тэрбум төгрөг), Орхон аймагт нэг (8,000 м³, 7.530 тэрбум төгрөг), Ховд аймагт нэг (10,000 м³, 8.700 тэрбум төгрөг) төсөл хэрэгжиж байна. Эдгээр агуулахын барилга угсралтын ажлын явц 5-90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 85 хувиас дээш гүйцэтгэлтэй зургаан агуулах нь Морьт говь ойл ХХК, Тэс петролиум ХХК, Сан петролиум ХХК, Содмонгол групп ХХК, Веллком ХХК, Петролайн ХХК-ийнх бөгөөд барилга угсралтын үндсэн ажил нь  дуусах шатандаа орж, тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт, тохируулга болон ашиглалтад хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна.


Хөнгөлөлтэй зээл авсан аж ахуйн нэгжүүд Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газартай хариуцлагын гэрээ  байгуулжээ.
 2027 оны улсын төсөвт аж ахуйн нэгжүүдээ дэмжиж шатахууны хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ. Үүний үр дүнд улсын гурван сар хүртэлх хэрэглээ хадгалах хүчин чадалтай болно. Ингэснээр богино хугацаанд үүсэж болох шатахууны үнийн огцом хөөргөдөл, хомсдолтой холбоотой бэрхшээл, эрсдэлийг бодитой бууруулах боломж бүрдэнэ. Агуулах барих газартай, зураг төсөлтэй, шаардлага хангасан бүх аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэв.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

АНУ-д урьдчилсан сонгуулийн дараах өрсөлдөөн ширүүсэв

Огноо:

,

АНУ-ын Мичиган, Миссури зэрэг мужуудад болсон урьдчилсан сонгуулийн дүнгээр Ардчилсан болон Бүгд Найрамдах намын арваннэгдүгээр сард болох бүх нийтийн сонгуулийн гол өрсөлдөгчид тодорлоо. Урьдчилсан сонгуулийн дүн нь хоёр намын дотоод чиг хандлага, ирэх сонгуулийн өрсөлдөөний өнгийг тодорхойлж байна.

Мичиган мужид Ардчилсан намын Сенатын сунгаанд Абдул Эл-Сайед ялалт байгуулж, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Майк Рожерстой өрсөлдөхөөр болов. Тус муж нь Ардчилсан намын мэдлийн чухал суудал учраас ирэх сонгуулийн гол тулаануудын нэгээр тооцогдож байгаа юм.

Миссури мужид мөн Конгрессын суудлуудын төлөөх өрсөлдөөнд нэр дэвшигчид тодорсон бөгөөд зарим тойрогт нам доторх ширүүн өрсөлдөөн өрнөсөн.

Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн үр дүнгийн дараа Ардчилсан намын зарим нэр дэвшигчийг шүүмжилж, өөрийн эдийн засгийн бодлого болон сонгуулийн өмнөх мөрийн хөтөлбөрөө дахин онцоллоо.

Ажиглагчдын үзэж буйгаар Мичиган дахь Сенатын өрсөлдөөн болон Конгрессын хэд хэдэн тойргийн үр дүн нь ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын завсрын сонгуулийн өнгийг тодорхойлох чухал үзүүлэлт болж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал16 цаг 45 минут

COP17 хурлын үеэр дараах чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Үйл явдал16 цаг 48 минут

Бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол хоё...

Хэн юу хэлэв...17 цаг 12 минут

ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр болло...

Үйл явдал17 цаг 28 минут

Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино э...

Үйл явдал18 цаг 13 минут

Сүүлийн 10 жилд усны ослоор 232 хүүхэд амь насаа алджээ

Үйл явдал18 цаг 21 минут

Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгоно

Үйл явдал18 цаг 24 минут

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Үйл явдал18 цаг 30 минут

"Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "а...

Дэлхий нийтээр..2026/08/10

Токиод Японы цэрэгжилтийн бодлогыг эсэргүүцсэн иргэд жагсжээ

Дэлхий нийтээр..2026/08/10

Оросын хакерууд НАТО Украины халдлагад оролцсон гэх баримт олжээ

Хэн юу хэлэв...2026/08/10

Газрын тосны агуулахууд эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болжээ

Үйл явдал2026/08/10

Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Үйл явдал2026/08/10

Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна

Үйл явдал2026/08/10

Сарьсан багваахайтай холбоотой дуудлагыг Нийслэлийн байгаль орчны га...

Үйл явдал2026/08/10

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохиц...

Үйл явдал2026/08/10

Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсо...

Үйл явдал2026/08/10

КОП17-д ажиллах онцгой байдлын бүрэлдэхүүн хамтарсан дадлага сургуул...

Үйл явдал2026/08/10

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Үйл явдал2026/08/07

COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад х...

Үйл явдал2026/08/07

Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна

Үйл явдал2026/08/07

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Үйл явдал2026/08/07

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Дэлхий нийтээр..2026/08/07

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориг...

Үйл явдал2026/08/07

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт ор...

Үйл явдал2026/08/07

Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун...

Үйл явдал2026/08/07

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Дэлхий нийтээр..2026/08/06

“Уралдронзавод” компанийн ерөнхий захирлын автомашиныг дэлбэлжээ...

Үйл явдал2026/08/06

Сүхбаатар боомтоор тав хоногт 10 мянга гаруй тонн АИ-92 автобензин и...

Дэлхий нийтээр..2026/08/06

Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байн...

Дэлхий нийтээр..2026/08/06

АНУ, Иран Ормузын хоолойг нээх тохиролцоонд ойртож байна

Санал болгох