Үйл явдал
Нийтэд мэдээлэх үүрэгтэй этгээдийн анхааралд!
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-ын дагуу нийт мэдээлэх үүрэгтэй этгээдээс жил бүрийн нэгдүгээр сарын 20 болон долдугаар сарын 10-ны өдрийн дотор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг цахим хэлбэрээр авдаг.
Эрсдэлийн үнэлгээний асуулгыг бөглөж ирүүлэхгүй байх, хугацаа хоцроох, дутуу, алдаатай, худал бөглөх зэрэг нь тухайн мэдээлэх үүрэгтэй этгээдийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл өндөртэй гэж үзэн газар дээрх хяналт шалгалтын давтамжийг нэмэгдүүлэх, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх, цаашлаад Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлагын арга хэмжээ ногдуулах төдийгүй Зөвшөөрлийн тухай хуульд заасанчлан тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх үндэслэл болно.
Иймд тус асуулгыг дээрх журамд заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд нөхөж ирүүлэх боломжгүй ба хугацааг дахин сунгахгүй тул мэдээлэх үүрэгтэй этгээд Та бүхэн 2023 оны жилийн эцсийн байдлаарх "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга"-ыг доорх холбоосоор татан авч энэ сарын 20-ны өдрийн дотор үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөж ирүүлэхийг мэдэгдье.
Жич: Зохицуулалттай салбарын нэр тус бүр дээр дарахад эрсдэлийн үнэлгээний асуулга автоматаар татагдах бөгөөд тус асуулгыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох салбарын цахим шууданд эксел файл хэлбэрээр ирүүлнэ үү. Шаардлагатай нэмэлт мэдээллийг доорх и-мэйл хаяг болон amlctf@frc.mn, мөн 51-261113 утсаар тодруулж асууна уу.
1. Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд : sec_amlcft@frc.mn
2. Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид: ins_amlcft@frc.mn
3. Банк бус санхүүгийн байгууллагууд: nbfi_amlcft@frc.mn
4. Хадгаламж, зээлийн хоршоод: scc_amlcft@frc.mn
5. Үл хөдлөх, эд хөрөнгө зуучлалын байгууллагууд: rea_amlcft@frc.mn
6. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээд: dpms_amlcft@frc.mn
7. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хувь хүн: dpms_amlcft@frc.mn
8. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч: vasp_amlcft@frc.mn
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Үйл явдал
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталлаа. Хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, малчдын орлого, амьдралын чанарыг сайжруулах бодлого баримтлан тус аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
Нэгдүгээр шатанд буюу 2026-2027 онд өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад чиглэсэн тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малын тэжээлийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, сайн туршлагыг дэлгэрүүлэх, эрсдэлийн үед шуурхай мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор интернэтийн сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Хоёрдугаар шатанд мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчдын орлогыг тогтвортой өсгөх, нийгмийн үйлчилгээний хүртээмж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Үйл явдал
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
"Оюу Толгой” компани, “Рио Тинто” группээс Монгол Улсын Засгийн газарт захидал ирүүлснийг Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд болон “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд "Оюу Толгой" ХХК-аас 2027 онд хувьцаа эзэмшигчдэдээ эзэмшлийн хувь хэмжээнд тэнцүүлэн ногдол ашиг олгох асуудлаар санал солилцсон. Үүний дагуу Засгийн газраас 2027 онд "Оюу Толгой" ХХК-аас гурван их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ нь "Оюу Толгой" ХХК-ийн 2027 онд улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад хураамжаас гадна төлөх дүн байх юм” гэдгийг захидалд тэмдэглэжээ.
Мөн Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, "Оюу Толгой" ХХК-ийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, эдгээр боломжийг бодит үр дүн болгоно гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Үйл явдал
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.11.11/ болж, иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ.
100 гаруй мянган иргэний дэмжсэн “Гараашны татвар цуцлуулах” төслийг УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгахаар боллоо. УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг төслийг энэ оны тавдугаар сараас боловсруулж, есдүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлээд байсан юм.
Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системээр “Гараашны татвар цуцлуулах” санаачилга гаргаж 20 хоногт 100 гаруй мянган иргэн дэмжсэн юм.
Шинэчлэгдсэн төслөөр Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгаж байна.
Цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгалтай манай улсад гарааш нь тансаг хэрэглээ биш, өрхийн ахуйн хэрэгцээ тул татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
