Дэлхий нийтээр..
Удирдлага зохион байгуулалтаар хангах шуурхай бүлгүүдийг зудтай аймгуудад томилж ажиллуулна
Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан.
Үүнтэй холбогдуулан өчигдөр Улсын Онцгой комисс хуралдлаа.
Энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.
Зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байдал үүсэж, нийт 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам харгуй хаагдаад байна. Улсын хэмжээнд мөн өдрийн байдлаар 611 924 толгой мал хорогдсон бол Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Засгийн газрын тогтоолын дагуу нийт 17 аймгийн Онцгой комиссоос өвөлжилтийг хохирол багатай даван туулах, хариу арга хэмжээг зохион байгуулахад 4.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 23,451 км цасанд боогдсон зам, давааны зорчих хэсгийг чөлөөлөх, 2950 өрхөд 90 тн өвс, 15 тн тэжээл, 3 тн нүүрс хүргэх ажлыг зохион байгуулж, цасан шуурганы улмаас төөрсөн сураггүй болсон, орон нутгийн замд тээврийн хэрэгсэлтэй зорчиж цасанд суусан 196 иргэнийг олж, зудын хариу арга хэмжээг зохион байгуулан ажилласан. Түүнчлэн УОК-ын даргын үүрэг чиглэлийн дагуу 21 аймагт отроор нүүдэллэж буй 4143 иргэнд харьяалал харгалзахгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн.
Мөн мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр нийт 197.986 толгой мал буюу улсын хэмжээнд амьд малын хохирлыг багасгах, эрсдэлийг бууруулах зорилгоор малчдаас нийт 316 726 толгой малыг аж ахуйн нэгж, байгууллагууд худалдан аваад байна.
Хурлын төгсгөлд УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссын гишүүд, аймаг, нийслэлийн Онцгой комисс, бүх шатны Засаг дарга нарт өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай давах зорилгоор Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд: Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29.1.3-т заасны дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх удирдамжийг боловсруулж батлуулан хэрэгжүүлэх, аймаг, сумдын Онцгой комисст дэмжлэг үзүүлэх, зудын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангах шуурхай бүлгүүдийг зудад өртсөн аймгуудад томилж ажиллуулах, малын сэг, зэм устгахад шаардагдах ариутгал, халдваргүйтгэлийн бодис, гоц халдварт өвчний вакцин, тарилга, шаардлагатай эм бэлдмэлийн нөөцийг яаралтай бүрдүүлэх, татан авах, орон нутагт хүргэх, вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах, цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, айл өрхүүдэд хүнс, түлээ түлш, малын тэжээл хүргэх ажлыг аймаг, сумдын Онцгой комисстой хамтран өргөн хүрээнд зохион байгуулах, тус ажилд шаардлагатай хүн, хүч хэрэгслийг нэмэлтээр дайчлан гаргах зэргээр шуурхай ажиллах шаардлагатай байгааг хэллээ.
Мөн нийт нутгаар их хэмжээний цас орж хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа, улирлын амралтын хуваарьт уян хатан зохицуулалт хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.

Эх сурвалж: ОБЕГ
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2023/10/24
Олон улсын төлбөр хүлээн авах Wechat pay системийг үйлчилгээндээ нэвтрүүллээ
-
Дэлхий нийтээр..2025/01/30
Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай ...
-
Үйл явдал2024/09/30
“10-р хороолол” орчмын айл өрхүүдийн халуун ус, дулааныг өглөө
-
Үйл явдал2023/06/23
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
