Дэлхий нийтээр..
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Ирэх тавдугаар сард нутгийн баруун хагаст, зургаадугаар сард баруун аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, долдугаар сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Харин тавдугаар сард баруун аймгуудын нутгаар дунджаас бага, нутгийн зүүн хойд хэсгээр дунджаас ахиу, зургаадугаар сард төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, долоодугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад хугацаанд болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Тав болон зургаадугаар саруудад баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв ажиглагдаж байгаа боловч долдугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хаврын сүүл сар болон зуны саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.
Тавдугаар сард: Агаарын дундаж температур нутгийн баруун хагаст (Тухайлбал: Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгорын нутаг, Хөвсгөлийн ихэнх, Архангай, Өвөрхангай, Өмнөговийн баруун хэсгээр) олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна
Зургаадугаар сард. Агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь–Алтайн ихэнх, Завханы баруун, Баянхонгор өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Төвийн ихэнх, Сэлэнгийн зүүн, Дундговь, Дорноговийн хойд хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна
Долдугаар сард. Агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Завханы зүүн, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутагаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2024/03/15
Том малын зүй бус хорогдол улсын хэмжээнд 3.5 сая болжээ
-
Дэлхий нийтээр..2023/08/17
Хууль эрх зүйн орчин шинэчлэгдэх хүртэл Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиг...
-
Дэлхий нийтээр..2024/09/26
Эрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтарч ажиллахаа Ерөнхий сайд илэрхи...
-
Дэлхий нийтээр..2024/12/11
“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
