Тод мэдээ
Монгол-Хятадын экспо зохион байгуулах ажлын хэсгийн хурал боллоо

“Монгол-Хятадын экспо” нь хоёр улсын "Иж бүрэн стратегийн түншлэлийн" хүрээнд 2 жил тутамд зохион байгуулагддаг арга хэмжээ юм. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2 жил завсарласан “Монгол-Хятадын экспо” энэ оны 09 дугээр сарын 06-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод болно. 4 дэх удаагийн экспогийн зохион байгуулагчаар Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, бусад яам, агентлаг болон БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан Монгол-Хятадын 4 дэх удаагийн экспо зохион байгуулах ажлын хэсгийг баталсан.
Ажлын хэсгийн хурлаар экспоны үндсэн арга хэмжээ болох Хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцээр, Үзэсгэлэн худалдаа, хурал, форум, соёлын солилцооны төлөвлөгөөгүүндийг эцэслэх талаар хэлэлцлээ. Үүнтэй холбоотойгоор 3 дэд ажлын хэсгийг байгуулах, дэд ажлын хэсэг холбогдох яам агентлагуудад хамаарах чиг үүргийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллах, түүнчлэн үзэсгэлэн, худалдааны арга хэмжээ болон 500 аж ахуйн нэгжийн оролцоог ханган ажиллахад анхаарах, үзэсгэлэн, худалдаанд оролцох аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хилээр нэвтрүүлэх ажлыг зохих журмын дагуу хурдан шуурхай зохион байгуулах зэрэг асуудлын хүрээнд хэлэлцлээ.
БНХАУ-ын талтай экспо зохион байгуулах ерөнхий болон нарийвчилсан төлөвлөгөөг эцэслэн хоёр талаас гаргах төсвийг тооцоолон Засгийн газрын 280 дугаар тогтоолоор баталсан ажлын хэсэгт танилцуулах зэрэг ажлуудыг яаралтай зохион байгуулж холбогдох бэлтгэл ажлыг ханган ажиллахыг ажлын хэсгийн ахлагч, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун үүрэг болголоо.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд:
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж, ил тод байлгах зохицуулалтыг тусгасан. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 42.2 буюу захиалагчийн эрх үүрэгт судалгааны ажлыг ил тод байлгах үүргийг тусгах байдлаар, ингэхдээ энэхүү үүргээ ШУТ сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэх, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл www.sudalgaa.gov.mn үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн 18-р зүйлийн 18.2.2-ийг “Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль” гэж өөрчилсөн.
- Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэсэн агуулгыг хасах тухай заалтыг оруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.