Үйл явдал
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Нийслэлийн хэмжээнд 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-ны өдрөөс эхэлнэ. Цэрэг татлагын талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатараас мэдээлэл тодрууллаа.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд иргэнийг хугацаат цэргийн албанд татах 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Аравдугаар сарын 15-нд Д.Сүхбаатарын талбайд цэрэг халагдах үйл ажиллагаа нэгдсэн байдлаар болно.
Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн гуравдугаар бүлэгт зааснаар хугацаат цэргийн алба хаагчийг эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлж болно. Ингэхдээ холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, цэрэг татлагын товчоонд хандаж, шийдүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаанаа мэдэгдээгүй тохиолдолд зөрчлийн хариуцлага хүлээдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Цэргийн албаны тухай хуулийн 12.7-д зааснаар иргэд хөдөө, орон нутагт цэрэг татлагад хамрагдаж амжаагүй бол нийслэлийн есөн дүүргийн аль ч цэрэг татлагын товчооны байруудаар хамрагдаж болно. 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Чингэлтэй, Налайх, Багануур дүүргийн цэрэг татлагын байрууд өөрчлөгдсөн. Чингэлтэй дүүрэг 23 дугаар сургууль, Налайх дүүрэг “Эрдмийн оргил” сургууль, Багануур дүүрэгт Хүний хөгжлийн ордонд цэрэг татна.
Түүнчлэн энэ удаагийн цэрэг татлагаас төгсөх дамжааны оюутнуудыг чөлөөлж байгаа. Гэхдээ оюутнууд сургуулийн тодорхойлолт, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, цэрэг татлагын байранд биечлэн очиж шийдүүлнэ. Цэргийн албаны тухай хуулийн хуулийн 12.8-д зааснаар ажил олгогч байгууллагууд цэрэг татлагад ажилтнаа явуулах үүрэг хүлээдэг. Аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд, ажилтныхаа хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэхэд дэмжлэг үзүүлж, иргэнийг цэрэг татлагад хамруулахыг уриалж байна. Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж цэрэг татлагын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаарай” гэлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага зохион байгуулах байруудад нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн үйлчилгээний бэлтгэлийг бүрэн хангаж ажиллаж байна. Залуус цэрэг татлагаар үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж, дүгнэлтээ гаргуулах боломжтой боловч цэрэгт татагдахын өмнө эрүүл мэндийн байдалдаа урьдаас анхаарах хэрэгтэй. Цэрэг татлагын дараа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардлагатай залуусын эрүүл мэндэд анхаарах нь мөн чухал байна. Цэрэг татлагын байруудад ажиллаж байгаа албан хаагчдын зөвлөмжийг дагаж, амны хаалтаа зүүж, хоорондын зайгаа барьж, бусад шаардлагатай нөхцөлүүдийг биелүүлэхийг хүсэж байна” гэв.

Үйл явдал
МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Юнител группийн охин компани Toki апп нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү хамтралын хүрээнд МИАТ компанийн нислэгийн тийзийг Toki апп-р дамжуулан дижиталаар хялбар захиалах үйлчилгээ албан ёсоор нээгдлээ.
2026 онд МИАТ ТӨХК-иар үйлчлүүлэх зорчигчдын тоо 1.2 сая хүрэх төлөвтэй байгаа бөгөөд цаашид энэ тоо тогтмол өсөх хандлагатай байна. Зорчигчдын урсгал нэмэгдэхийн хэрээр нислэгийн тийзийг илүү хурдан, түргэн шуурхай захиалах дижитал шийдлийн хэрэгцээ өссөөр байгаа юм. Иймд МИАТ компани хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон Toki супер аппликейшнтэй хамтран, үйлчилгээгээ иргэдэд улам бүр ойртуулж байна.
Тодруулбал, хэрэглэгчид Toki апп-ын “Олон улс” цэснээс МИАТ компанийн бүх чиглэлийн нислэгийн хуваарь, үнийн мэдээллийг цаг алдалгүй харан, тийзээ захиалахаас гадна зээлийн үйлчилгээ ашиглан худалдан авах боломжтой боллоо.
Цаашид талууд гадаад руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нислэгийн лояалти (loyalty) оноог Toki апп дотроосоо зарцуулах, тийзээ хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах зэрэг олон давуу талуудыг шат дараатайгаар нэвтрүүлэхээр ярилцав.

Арга хэмжээний үеэр Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав “Иргэний агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан МИАТ компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хялбар шуурхай хүргэхэд Юнител групп технологийн найдвартай хамтрагчаар ажиллахдаа таатай байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.” хэмээн хэллээ.
Ташрамд дурдахад, Toki апп-н төлбөр төлөлт, зогсоол, хэрэглээний төлбөр, онлайн дэлгүүр, powerbank түрээс, family зэрэг үйлчилгээг өдөр тутамд 1 сая гаруй хэрэглэгч ашигладаг бөгөөд энэ жил гадаадад зорчих иргэдэд зориулж олон улсад такси дуудах, төлбөрөө Toki-р төлөх зэрэг олон улсын цогц үйлчилгээнүүдээ нэвтрүүлсэн байна.
Үйл явдал
“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)”-ээр авахаар шийдвэрлэсэн. Нээлттэй санал асуулга 2026 оны аравдугаар сарын 14-ний 09 цагт эхэлсэн, энэ сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэн та И-Монголиа, и-засаг цахим системээр саналаа өгөөрэй.
Нээлттэй санал асуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал ард иргэддээ хандаж, хэлсэн үгтэй танилцана уу.
Үйл явдал
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд Санзайн автозамаас Майхан толгой хүртэл 0.9 км автозам барьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн талбайд ажиллалаа.
Тус чиглэлд хоёр эгнээтэй, хоёр талдаа явган хүний замтай хатуу хучилттай автозам барьж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байна. Зам ашиглалтад орсноор Санзайн авто замаас Майхан толгой хүртэлх хэсгийн авто замын хүртээмж сайжирна. Мөн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдах бөгөөд тоосжилт буурах юм. Замын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна.

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд замын зураг төсөл, төлөвлөлтөд онцгой ач холбогдол өгч, ус зайлуулах хоолой, явган болон дугуйн зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, орц, гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэж ажлыг гүйцэтгэх ёстойг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо.


-
Дэлхий нийтээр..2023/12/15
БШУ-ны сайд ЮНЕСКО-гийн “Боловсролын эрхийн асуудлаарх олон улсын яриа хэл...
-
Үйл явдал2020/09/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2023/10/12
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
-
Дэлхий нийтээр..2021/04/26
QR кодоор зөвхөн 07:00-09:00, 17:00-20:00 цагт зорчино
