Тод мэдээ
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа
Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтад зориулан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, түүний иж бүрдэлд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дөрвөн жилээр сунгалаа.
Станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, хууль тогтоомжийн хүрээнд холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Барилга, хот байгуулалт болон Эрчим хүчний сайд нарт тус тус даалгалаа.
“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны баримт бичгүүдэд нийцүүлэн хавсралтад туссан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний Нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжаалахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт зөвшөөрлөө.
Нийслэлийн дотоод үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл багтаж байна.
Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, Улаанбаатар хотод томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, эрчим хүчний суурь хэрэгцээг хангах шаардлагатай байна.
Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станцыг барих ажил үргэлжилж байна. Төслийн эхний ээлжийн 150 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байна.
Тод мэдээ
АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 3,4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
“Цемент шохой” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр худалдан авах иргэн, аж ахуйн нэгж байсаар байхад холбогдох хууль, журмыг илтэд зөрчиж өөрсдийн хамаарал бүхий этгээд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд зээлээр олгон өөртөө болон бусдад давуу байдал үзүүлсэн, хахууль авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байна.
Төрийн өмчит компанид учруулсан их хэмжээний хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэхийг Ажлын хэсгээс онцгой анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар 3,4 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Үүний 2,8 тэрбум төгрөгийг нь “Цемент шохой” ХХК-ийн дансанд төвлөрүүллээ.
Мөрдөгчдийн ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбогдуулан хохирол нөхөн төлөлтийн нэмэгдсэн дүнг эргэн мэдээлэх болно.
Тод мэдээ
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын хоёрдугаар төв эмнэлэг, эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд ажиллалаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бодлогын дэмжлэг үзүүлснээр тус эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах шинэ төв ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм.
Үүний дүнд эмч нарын баг өнгөрсөн гуравдугаар сараас хойш 43-65 насны таван хүнд амьд донороос дурангийн мэс заслын аргаар элэг шилжүүлэн суулгаад байна. Мөн 11 хүнд зүрхний титэм судсан дотуурх хэт авиан оношилгоо, эмчилгээ, найман хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийжээ.
Эдгээрээс гадна элэг, улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс, уушгины хавдрыг дурангийн аргаар тайрч, залгах 1,000 гаруй мэс засал хийгээд байна.
Төв ашиглалтад орсноор эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хөгжих, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи нутагших, хүмүүсээ сургаж бэлтгэх, бусад эмнэлгийн ачааллыг хуваалцахад томоохон дэмжлэг болсныг эмнэлэг, төвийн эмч нар ярилаа.
Манай иргэд гадаадын улс орнуудад, тухайлбал Япон, Солонгост 400-500 сая, Энэтхэг, Турк Улсад 150-350 сая төгрөгөөр элэг шилжүүлэн суулгуулдаг.
Шинэ төвийг богино хугацаанд ашиглалтад оруулж, гадаадад эмчлүүлэх гэж их хэмжээний мөнгө заралгүй, эх орондоо дэлхийн чанартай тусламж, үйлчилгээ авах боломж улам бүрдсээр байгаад эмч нар болон элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн иргэд, тэдний донорууд Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнуудтай уулзахдаа, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаад нь талархаж, ажлын амжилт хүсэн ерөөлөө. Цаашид бусад эрхтнийг шилжүүлэн суулгах мэс засал нэвтрүүлэх санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв ирэх оноос элэгнээс гадна бөөр, уушги, нойр булчирхай, гэдэс шилжүүлэн суулгаж эхэлнэ. Улмаар робот мэс засал нэвтрүүлж, амьгүй донороос элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ.
Манай улсад элэгний хавдрын өвчлөл жил бүр нэмэгдэж, хавдраар жилд 1,745 хүн, элэгний хатуурлаар 643 хүн нас барж байгаа нь дэлхийд өндөр үзүүлэлт юм. Элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас 7-8 дахин өндөр байна. Улсын хэмжээнд элэгний донор хүлээж байгаа 325 хүн байдгийн 25 нь Улсын хоёрдугаар эмнэлэгт байгаа юм.












