Дэлхий нийтээр..
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам-ыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд, харилцаа ‘Найрамдалт хамтын ажиллагааны зарчим’-д тулгуурлан бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг дурдав.
Элчин сайдаар ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилга гаргаж, худалдаа, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа иргэдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөхөд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлов.

Монгол Улсын төр, засаг бүх талаар дэмжин, хамтран ажиллаж байсанд Элчин сайд Зоан Хань Дам талархал илэрхийллээ. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж Элчин сайд Зоан Хань Дам-ыг “Найрамдал медаль”-иар шагналаа.
Дэлхий нийтээр..
Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Австралийн Квинсленд мужид нэг өндгөн эсээс үүссэн дөрвөн ихэр охин төрсөн ховор тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, 34 настай Женитар Сау На’амоана охидоо Квинсленд мужийн Рояал Брисбэн энд Вүмэнс эмнэлэгт төрүүлсэн байна.
Эмч нарын тайлбарласнаар, жирэмсний эхэн үед нэг үр тогтсон өндгөн эс дөрөв хуваагдсанаар генетикийн хувьд ижил дөрвөн охин бий болсон аж. Ийм тохиолдол маш ховор бөгөөд ойролцоогоор 15 саяд нэг тохиодог гэж эмч нар үзэж байна.
Ерөнхийдөө дөрвөн ихэр жирэмслэх магадлал 700 мянгад нэг байдаг бөгөөд ихэнх тохиолдол нь нөхөн үржихүйн технологийн тусламжтай холбоотой байдаг гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Харин энэ удаагийн тохиолдол ийм эмчилгээтэй холбоогүй гэдгээрээ онцлог аж.
Эмнэлгийн мэдээлснээр, На’амоана болон түүний нөхөр Жортам нар дахин хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй байсан тул дөрвөн ихэр тээж буйгаа мэдээд ихэд гайхсан байна. Эх жирэмсний 10 дахь долоо хоногоосоо эхлэн эмч нарын хяналтад орж, 25 дахь долоо хоногоос эмнэлэгт хэвтэн хянуулжээ. Тэрээр долоодугаар сарын 14-нд кесар хагалгаагаар охидоо төрүүлсэн байна.
Охид 28 долоо хоног, дөрвөн хоногтойдоо мэндэлсэн бөгөөд одоо нярайн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эмч нарын мэдээлснээр, эхийн биеийн байдал сайн, охидод Эмили, Харриет, Кэтрин, Алекса хэмээх нэр өгчээ.
Дэлхий нийтээр..
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
-
Тод зураг2019/10/21
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана
-
Үйл явдал2025/05/21
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Дэлхий нийтээр..2025/10/14
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний ...
-
Дэлхий нийтээр..2020/12/30
УОК: Өнгөрсөн 28 хоногт халдвар илрээгүй аймгуудад хөл хорионы зэрэглэлийг нэмэх...
