Хэн юу хэлэв...
Г.Занданшатар: Авлига, хээл хахуультай тэмцэх, шударга ёсыг тогтоох гол зэвсгүүдийн нэг Хиймэл оюун ухаан байх болно
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилтнууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэд, мэргэжилтнүүдэд хандан үг хэллээ. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас энэ сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, хиймэл оюун ухаан, машин сургалт, юмсын интернэтийн хөгжлийн хурд дэлхий дахинд нүд ирмэх зуур хувьсан өөрчлөгдөж байгааг онцлоод, Цахим үндэстэн болох зорилтынхоо хүрээнд та бүхний мэдлэг, оюуны хүчээр манай улс хурдацтай хөгжин дэвшиж байна гэлээ. Тэрбээр, “E-Mongolia”, https://d.parliament.mn/ платформыг жишээлэн дурдаж, би өдөр тутам ChatGPT ашиглахын зэрэгцээ зарим үед хэрэгтэй зураг, лого зэргийг AI-аар бүтээлгэдэг болсон гэсэн юм. Хувийн хэвшлийнхэн төртэйгөө хамтран хиймэл оюун ухаан хөгжүүлж байгааг www.shilen.gov.mn-ээс харж болно гээд тэрбээр, хиймэл оюун ухаанд хамаатан садан, ашиг сонирхлын зөрчил гэж байдаггүй тул авлига, хээл хахуультай тэмцэх, шударга ёсыг тогтоох гол зэвсгүүдийн нэг болно гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.
Мэдээллийн технологийн салбарыг экспортод чиглүүлэн хөгжүүлэх, гадаадын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх, энтрепренёр, гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, үндэсний тоон контентыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ойрын үеийн чухал зорилтууд хүлээгдэж байгааг тэрбээр тэмдэглээд, Монгол Улсын хөгжлийн болого, хөтөлбөрүүдэд туссан зорилго, зорилтууд, “Цахим Үндэстэн” санаачилгын хэрэгжилтийн тухай товч танилцуулсан юм. Хөдөө, орон нутгийг харилцаа холбоо, өндөр хурдны интернэт сүлжээнд холбох, дижитал дэд бүтцийг байгуулах төрийн үйлчилгээг цахимжуулах, цахим мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулах зэрэг ажлууд амжилттай өрнөж буйг Улсын Их Хурлын дарга зориуд дурдсан юм. Энэ салбарын хөгжил нь инновацыг идэвхжүүлж, үйлдвэрлэл, экспортыг дэмжих, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгөх ёстой хэмээн тэрбээр өгүүлээд, энэ үр өгөөж нь нийгмийн бүхий л салбарт нэвтэрч, бүтээмж, өрсөлдөх чадварыг сайжруулж, шинэ шинэ ажлын байрыг нэмэгдүүлэн, инновацыг хөгжүүлэх хөшүүрэг болно гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч Александер Дийркс Дрезден хотноо бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Саксонийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын хэлхээ холбоо нь манай хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, үнэт өв болдог гэдгийг тэмдэглэв.
Энэхүү түүхэн уламжлалыг эдүгээ цагт үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Саксонийн шилдэг их сургуулиудад олон залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж буйг онцоллоо.
Мөн нэгэн зууны тэртээгээс Саксони муж улсыг зорин ирсэн оюутан залуусыг үеийн үед элэгсэг дотноор хүлээн авч ирсэн Саксони муж улсын ард иргэдэд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дрезден хотын хүндэт зочны дэвтэрт хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зурлаа.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
