Үйл явдал
"Булевиртид" эмийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
УИХ-аас Гепатитын D вирусний эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох "Булевиртид" эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Хууль батлагдсаны ач холбогдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Олон улсад хийгддэг нэгдсэн аргачлалаар судалж үзэхэд манай улсад гепатитын D вирусний халдвартай 66 мянган хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан. Харин элэгний B, D вирустэй иргэдийн ТББ-ынхан 150 мянга орчим хүн байгаа гэдэг бөгөөд энэ хууль батлагдсанаар D вирусний халдварын эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо гэсэн үг юм.
Гепатитын D вирусний халдварыг эмчлэх "Булевиртид" эмийг Европын эмийн агентлаг эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, гепатитын B, Д вирусний архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосонтой уялдуулан манай улс уг эмийг өнчин эмийн жагсаалтад оруулж, гепатитын B, Д вирусний эмчилгээний заавраа шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж эхлээд байна.
Гэвч "Булевиртид" нь өндөр үнэтэй учир иргэд уг эмийн эмчилгээнд хамрагдахад хүндрэлтэй байгаа. Тиймээс ЭМЯ "Булевиртид" эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Science” компанитай эмийн үнийг бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд гепатитын В ба Д вирусний хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулж, иргэдэд учрах санхүүгийн дарамтыг багасгахад эдгээр хууль чухал ач холбогдолтой” гэлээ.
Эрүүл мэндийн сайдын зүгээс 2023-2024 онд гепатитийн D вирустэй иргэдийн тавьсан хүсэлтүүдийг үндэслэж цөөнгүй арга хэмжээг авсан. Тухайлбал,
-Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/250 дугаар тушаалаар гепатитын D вирусний “"Булевиртид"” эмийг “Өнчин эмийн жагсаалт”-д бүртгэж Монгол Улсад эмчилгээнд нэвтрүүлэх эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.
-Гепатитын D вирусний халдвартай иргэдэд урсофальк эмийг хөнгөлөлттэй үнээр олгох тоо хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх хүсэлт ирүүлсний дагуу хөнгөлөлттэй үнээр сард 60 ширхэг олгодог байсныг 120 болгосон нь элэг цэвэршүүлэх, цөс хөөх үйлчилгээтэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлсэн.
-Элэг хамгаалах эм “Бидика”-г Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн бүртгэлд оруулснаар цаашид Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх боломжийг бүрдүүлсэн.
-Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, ачаалал тодорхойлох шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэх, вирусний халдвартай иргэдэд оношилгоо, шинжилгээг үнэ төлбөргүй хийх зорилгоор тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлж орон нутгийн иргэдийг заавал Улаанбаатар явж шинжилгээ хийлгэхгүй, орон нутагтаа өгдөг байх боломжийг бүрдүүлж байна.
-Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/441, А/192 дугаар тушаалаар Элэгний эмгэг өвчний “А” заалтын хүрээг өргөжүүлж, гепатитын В, D вирусний шалтгаант архаг үрэвслийн үед D вирусний эсрэг “"Булевиртид"” эмийн эмчилгээг хийж байх хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоож байхаар группийн асуудлыг шийдвэрлэсэн. Мөн гепатитын В, D вирусний шалтгаант элэгний циррозын Чайлд-Пьюгийн ангиллаар “А, В зэрэг” 50 хувь байсныг 60 хувь болгон нэмэгдүүлсэн.
- “Элэг бүтэн Монгол” арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн амбулаторийн тасагт гепатитын В, D вирусний халдвартай иргэдэд үйлчлэх хэсгийг өргөжүүлэн шинээр кабинет нээж, D вирустэй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх ачааллыг хөнгөлөх арга хэмжээ авсан.
-Гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх тухай эмнэлзүйн зааврыг 21 аймаг, 9 дүүргийн 400 гаруй эмч, мэргэжилтнүүдэд танхим болон цахим сургалтаар хүргэж хүний нөөцийн чадавхийг хангасан.
-Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн албыг гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, вирусийг тоолох, тодорхойлох 30 гаруй нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжөөр хангаж оношилгоо, шинжилгээний хүчин чадлыг нэмэгдүүлсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Үйл явдал
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Үйл явдал
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





-
Үйл явдал2025/05/02
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Дэлхий нийтээр..2021/10/26
Соёлын сайд Ч.Номин БНАСАУ-ын Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа
-
Дэлхий нийтээр..2022/05/03
Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарктай уулзаж, санал со...
-
Дэлхий нийтээр..2023/05/18
Улсын гуравдугаар төв эмнэлэг Америкийн эмч нартай хамтран ажиллаж байна
