Тод мэдээ
Дэлхийн 27 орон 270 орчим хуурай боомтыг хөгжүүлээд байна

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд хуурай боомт, логистикийн төвүүдийг байгуулах замаар бусад улс орнуудтай тээвэр, худалдааг төвөггүй эрхэлж байна.
Эдүгээ дэлхийн 27 орон 270 орчим хуурай боомтыг хөгжүүлж, худалдаа, тээврийн асуудлаа шийдэж байна.
Далайд гарцгүй орнуудын худалдааны тээврийг хөнгөвчилсөн олон улсын зохицуулалт болох НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг, нийгмийн комиссоос (UN-ESCAP) гишүүн орнуудын хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 онд баталсан байдаг.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс Замын-Үүд, Улаанбаатар хот, Хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн 8 байршилд хуурай боомтыг хөгжүүлэхээр тодорхойлж, худалдаа бараа эргэлтийн гол зангилаа болох Замын-Үүдээс уг ажлыг эхлэхээр шийдвэрлээд байгаа гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт, ихэсгэсэн шаардлага ирүүлсний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэж, нэгтгэсэн болно.
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасан байна.
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал тул Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг нэн даруй гүйцэтгэж дуусгалаа.
Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.
Тод мэдээ
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо
Нийслэлээс хэрэгжүүлж байгаа мега төслүүдийн нэг “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт олголоо.
Нийслэлийн хэмжээнд жилд 1.5 сая тонн хог хаягдал төвлөрсөн цэгүүдэд хүргэгдэж, үүнээс ердөө 25 орчим хувийг нь дахин боловсруулдаг. Тэгвэл Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсад анх удаа олон улсын жишигт нийцүүлэн “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Морингийн даваанд 10 га талбайд барих “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” хоногт 1500 тонн, жилд 1.5 сая тонн хог шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ. Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК шалгараад байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд сүүлийн таван жилд булсан хогийг цуглуулан шатааж, байгаль орчныг нөхөн сэргээх онцлогтой. Үйлдвэрийг хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөөд байна.
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийн ач холбогдол:
- Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 31.8 хувийг шатааж устгаснаар агаарын бохирдлыг бууруулна
- Гэр хорооллын 2333 өрхийг цахилгаанаар хангаж, агаарт үүссэн 106.1 мянган тонн нүүрс хүчлийн хийг бууруулна.
- Хог булшлах газрыг нөхөн сэргээнэ.
- Шинэ ажлын байр бий болно.
- Хогийг дарж булшилснаар хөрс, усны бохирдлоос үүсэх өвчлөлийн тоо багасна.
- Хог хаягдлын цэгийг цөөлөх замаар хогноос үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна.
Тод мэдээ
"Бөөрөлжүүт" цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ
Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг "Бөөрөлжүүт" цахилгаан станцад хөрөнгө оруулсан.
Улмаар тус станцын 150 МВт хүчин чадалтай эхний блокийг 2024 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн билээ.
Тэгвэл тус станцын 150 МВт хүчин чадалтай II блок ашиглалтад орж, өнөөдрөөс төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ.
Тодруулбал, "Бөөрөлжүүт" цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блокийн барилга угсралт, туршилт тохируулгын ажил бүрэн дуусаж, төлөвлөсөн хугацаанаасаа сар гаруйн өмнө буюу 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08:00 цагаас эхлэн Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон цахилгаан эрчим хүчээ нийлүүлж эхэллээ.
Өөрөөр хэлбэл, "Бөөрөлжүүт" цахилгаан станц Монгол Улсын эрчим хүчний системд 300 МВт цахилгаан эрчим хүч нийлүүлж байна.
"Бөөрөлжүүт" цахилгаан станц 300 МВт хүчин чадлаар ажиллаж эхэлснээр Монгол Улсын 963 мянган айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг үйлдвэрлэнэ.
Мөн хоёр блок бүхий 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 2.4 тэрбум хүртэл КВт цахилгаан үйлдвэрлэх юм.