Тод мэдээ
"Дүнжингарав" худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 13 байршилд авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээгээд байна.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбатаас тодрууллаа.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 байршилд 17.5 км авто замын засвар, шинэчлэлтийг бүрэн хийж дууссан. Харин 14 дэх байршил буюу "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх 0.78 км авто замыг өргөтгөж, шинэчлэх ажил үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд замын хойд талд нэмэлт өргөтгөл хийж, 3.5 метр нэмэлт эгнээ, 1.5 метр явган зам, 1.5 метр дугуйн зам тус тус хийхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 600 метр зам талбайн ухмалын ажил хийж, 11 метр далан барьж, хөлдөхөөс хамгаалах ажлыг хийж дууссан. Мөн замын эхлэл, төгсгөлд 180 метр газар чөлөөлөлтийн асуудал үүссэнээс болж ажил бага зэрэг удаашралтай байна. Тодруулбал, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт барьсан ногоон хашаа орчимд 90 метр, 133 дугаар сургууль орчимд 90 метр газрыг тус тус чөлөөлснөөр авто замыг асфальт бетоноор хучих ажлыг эхлүүлэх юм. Газар чөлөөлөх асуудал зөвшилцөх шатандаа явж буй” гэв.
Түүнчлэн өнгөрсөн сард үргэлжлэн орсон борооны дараа шинээр засвар шинэчлэлт хийсэн 13 байршилд үзлэг шалгалт хийхэд ямар нэгэн асуудал үүсээгүй, борооны ус зайлуулах шугам хэвийн найдвартай ажиллаж байсан. Эдгээр байршлын 11 байршилд нэмэлтээр ус хүлээж авах шүүрт болон үзлэгийн худаг хийн нийт 210 метр урт ус зайлуулах шугам сүлжээ суурилуулсан гэдгийг тодотгож байлаа.
Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд:
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж, ил тод байлгах зохицуулалтыг тусгасан. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 42.2 буюу захиалагчийн эрх үүрэгт судалгааны ажлыг ил тод байлгах үүргийг тусгах байдлаар, ингэхдээ энэхүү үүргээ ШУТ сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэх, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл www.sudalgaa.gov.mn үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн 18-р зүйлийн 18.2.2-ийг “Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль” гэж өөрчилсөн.
- Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэсэн агуулгыг хасах тухай заалтыг оруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.
-
Тод мэдээ2022/02/10
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг түдгэлзүүлэв
-
Тод мэдээ2022/05/10
Татвар төлөгчдийн өдрүүдийг “Та Баялаг бүтээгч” уриан доор тэмдэглэн...
-
Өнөөдөр2021/12/26
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар жавартай хүйтэн хэвээр байна
-
Чөлөөт бүс2019/12/24
“Чулууны хээ-3” үзэсгэлэн нээлтээ хийнэ