Үйл явдал
Сэлбэ, Дунд гол дагуу 70 мянган шоо метр лаг хагшаасыг цэвэрлэх явц 80 хувьтай үргэлжилж байна
Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлын явцын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Сэлбэ, Дунд гол дагуу төр, хувийн хэвшил хамтарсан 22 аж ахуйн нэгж байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд 70 мянган шоо метр гаруй лаг хагшаасыг цэвэрлэсэн бөгөөд ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Голыг цэвэрлэх явцад лаг хагшаас гэхээсээ илүүтэй их хэмжээний барилгын болон ахуйн хог хаягдал гарсан. Мөн өнгөрсөн жил буусан үерийн дараа бид Нидерланд, Япон, Хятад зэрэг орны ус, ойн чиглэлийн инженерүүдээс заавар зөвлөгөө авсан. Үүний үр дүнд НОК болон нийслэлийн Байгаль орчны газраас өгсөн зөвлөмжийн дагуу голын далангийн хоёр талаар ургасан мод бургасыг үлдээж, голдирол хааж, урсац сааруулсан мод бургасыг чөлөөлж байна. Угаас суурьшмал, олон сая иргэнтэй томоохон хотуудад хотын голоор урсаж байгаа голд инженерийн тооцоолол гарган, эргийн хамгаалалт хийх, голын хамгаалалтын далан үүсгэх, тэр ч байтугай голыг голдирлоор нь шилжүүлэх арга хэмжээг хүртэл авах байдлаар зохицуулсан байдаг юм билээ. Тухайлбал, Дунай мөрөн, Япон улсын далайн эргийн ойролцоох том голуудад энэ мэт арга хэмжээг авсан байдаг. Харин Сэлбэ, Дунд голыг аль болох өөрийнх нь байгалийн зүй тогтлыг алдагдуулахгүйгээр урсцыг нь чөлөөлөх арга замыг эрэлхийлж байна” хэмээв.

Уг ажлын хүрээнд Сэлбэ, Дунд гол дагуу зургаан байршилд голын голдирлыг хааж, стандартын бус, зөвшөөрөлгүй барилга, байгууламж барьсан зөрчлийг арилгасан. Тодруулбал, Гурвалжингийн гүүрний баруун урд талд тухайн орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд Дунд голын голдирлыг хааж 800-1500 диаметрийн өргөнтэй хоолойг голын дунд тэг хөндлөн байрлуулан булж, орц, гарц гаргасан, бохирын худаг барьж, шороонд булсан, цахилгааны утас татсан зэрэг зөрчил илэрсэн. Өнгөрсөн сард үргэлжлэн орсон борооны улмаас тухайн цахилгааны утас татсан хэсэгт гол давж үерлэсэн бөгөөд хэрэв эл хэсэгт ус нэвчсэн бол олон хүний амь нас эрсдэх аюултай. Мөн бохирын худаг задарвал гол бохирдож, их хэмжээний нян бактери тархан, хүний эрүүл мэндэд ноцтой аюул учрах эрсдэлтэй байсан гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Ташрамд, Улаанбаатар хотын хэмжээнд 163 км урт үерийн хамгаалалтын далан суваг байдаг. Энэхүү далан суваг, үерийн хамгаалалтын барилга байгууламж нь иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг болзошгүй үер, усны аюулаас хамгаалдаг. Иймд гол усаа бохирдуулахгүй, элдэв хог хаягдал хаяхгүй байхыг нийт иргэддээ уриалж байна.
Үйл явдал
МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Юнител группийн охин компани Toki апп нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү хамтралын хүрээнд МИАТ компанийн нислэгийн тийзийг Toki апп-р дамжуулан дижиталаар хялбар захиалах үйлчилгээ албан ёсоор нээгдлээ.
2026 онд МИАТ ТӨХК-иар үйлчлүүлэх зорчигчдын тоо 1.2 сая хүрэх төлөвтэй байгаа бөгөөд цаашид энэ тоо тогтмол өсөх хандлагатай байна. Зорчигчдын урсгал нэмэгдэхийн хэрээр нислэгийн тийзийг илүү хурдан, түргэн шуурхай захиалах дижитал шийдлийн хэрэгцээ өссөөр байгаа юм. Иймд МИАТ компани хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон Toki супер аппликейшнтэй хамтран, үйлчилгээгээ иргэдэд улам бүр ойртуулж байна.
Тодруулбал, хэрэглэгчид Toki апп-ын “Олон улс” цэснээс МИАТ компанийн бүх чиглэлийн нислэгийн хуваарь, үнийн мэдээллийг цаг алдалгүй харан, тийзээ захиалахаас гадна зээлийн үйлчилгээ ашиглан худалдан авах боломжтой боллоо.
Цаашид талууд гадаад руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нислэгийн лояалти (loyalty) оноог Toki апп дотроосоо зарцуулах, тийзээ хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах зэрэг олон давуу талуудыг шат дараатайгаар нэвтрүүлэхээр ярилцав.

Арга хэмжээний үеэр Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав “Иргэний агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан МИАТ компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хялбар шуурхай хүргэхэд Юнител групп технологийн найдвартай хамтрагчаар ажиллахдаа таатай байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.” хэмээн хэллээ.
Ташрамд дурдахад, Toki апп-н төлбөр төлөлт, зогсоол, хэрэглээний төлбөр, онлайн дэлгүүр, powerbank түрээс, family зэрэг үйлчилгээг өдөр тутамд 1 сая гаруй хэрэглэгч ашигладаг бөгөөд энэ жил гадаадад зорчих иргэдэд зориулж олон улсад такси дуудах, төлбөрөө Toki-р төлөх зэрэг олон улсын цогц үйлчилгээнүүдээ нэвтрүүлсэн байна.
Үйл явдал
“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)”-ээр авахаар шийдвэрлэсэн. Нээлттэй санал асуулга 2026 оны аравдугаар сарын 14-ний 09 цагт эхэлсэн, энэ сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэн та И-Монголиа, и-засаг цахим системээр саналаа өгөөрэй.
Нээлттэй санал асуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал ард иргэддээ хандаж, хэлсэн үгтэй танилцана уу.
Үйл явдал
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд Санзайн автозамаас Майхан толгой хүртэл 0.9 км автозам барьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн талбайд ажиллалаа.
Тус чиглэлд хоёр эгнээтэй, хоёр талдаа явган хүний замтай хатуу хучилттай автозам барьж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байна. Зам ашиглалтад орсноор Санзайн авто замаас Майхан толгой хүртэлх хэсгийн авто замын хүртээмж сайжирна. Мөн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдах бөгөөд тоосжилт буурах юм. Замын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна.

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд замын зураг төсөл, төлөвлөлтөд онцгой ач холбогдол өгч, ус зайлуулах хоолой, явган болон дугуйн зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, орц, гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэж ажлыг гүйцэтгэх ёстойг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо.


