Тод мэдээ
ОБЕГ: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна
Он гарсаар наймдугаар сарын 09-ний байдлаар нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 43 суманд нийт 98 усны осол бүртгэгдэж, 85 иргэн амь насаа алдсан байна.
Гол, ус, нууранд амь насаа алдсан иргэдийн 71 нь том хүн, 14 нь хүүхэд байгаа юм. Аялал, зугаалгын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд иргэн та бүхэн гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Гол, усны ойролцоо бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь үлдээхгүй байх, согтууруулах ундаа хэрэглсэн бол гол, усанд орохгүй байх, зориулалтын бус хэрэгсэл ашиглахгүй байх, баталгаат гүүр гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Тод мэдээ
Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт судалгааг хийлээ
Мал эмнэлгийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн газартай хамтран 12 суманд бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт судалгааг хийлээ.
Идэвхгүй тандалт судалгаагаар 106 малчин өрхөөс асуумж судалгаа авч, үзлэг хийн бог малын мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн сэжигтэй 41 малчин өрхийн бог малаас цусны дээжийг улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид хүргүүллээ.
Идэвхгүй тандалтыг хийсэнээр мал, амьтны гоц халдварт бог малын мялзан өвчний болзошгүй халдварыг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хорио цээр хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, орон нутгийн төрийн захиргааны байгуулагуудын ажлын уялдааг хангуулахад чиглэгдэх юм гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Тод мэдээ
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил эхэллээ
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Маршал таун”, Ривер гарден” орчимд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Тус хороонд харьяалагдах “Маршал таун”, “Ривер гарден”, “Скай гарден”, “Модунтаун хотхон” орчимд ямар ч улсын сургууль байхгүй. Ийнхүү 960 хүүхдийн сургуулийн суурийг өнөөдөр тавьж байна. Сургуулийн хоёр давхар хүртэлх ажлыг барилгын улирал дуусах хүртэл буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл хийхээр төлөвлөж буй. Харин ирэх онд сургууль ашиглалтад орно” гэв.
Мөн тэрбээр гүйцэтгэгчээр шалгарсан “Гурванбулаг Сод” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, товлосон хугацаанд стандартын дагуу чанартай барилгын ажлаа гүйцэтгэхийг үүрэг болголоо.
Тод мэдээ
Гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна
Гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан урамшууллын тогтолцоонд багшийн өөрийн болон сургуулийн дотоод үнэлгээг оруулан шинэчлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс эхний байдлаар боловсруулсан саналыг яам болон харьяа нэгжүүдийн хурлаар хэлэлцлээ.
Одоогоор хэрэгжиж буй гүйцэтгэлийн үнэлгээнд оролцогчдын тоог цөөлж, багш, суралцагч, үнэлгээний багийн оноо, асуулгыг харгалзан дүгнэдэг байхаар саналд тусгасан байна. Мөн багшийн чадамж, үйл ажиллагаа болон суралцагчийн сурлага, мэдлэг чадварт гарсан ахиц, үр дүнг үнэн зөв дүгнэхийн тулд үнэлгээний даалгаврын цахим системийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Урьдчилсан байдлаар бэлтгэсэн дээрх өөрчлөлтөд олон талын саналыг тусгаж, оновчтой шийдэл гаргахын тулд шаардлагатай төлөөллүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, цаашдын ажлын төлөвлөгөөг сайтар боловсруулахаар болов гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
-
Өнөөдөр2024/06/21
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Тод мэдээ2020/12/11
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
-
Тод мэдээ2024/08/27
Тайландын Пукет арал дээр байрлах амралтын газарт хөрсний гулгалт болжээ
-
Тод мэдээ2019/07/18
МҮОНРТ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар цуврал хэлэлцүүлэг зохион...