Тод мэдээ
Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх “Цаасгүй засаг” арга хэмжээ хэрэгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 11-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд “Цаасгүй засаг” арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав.
Үүнтэй холбогдуулан албан бичиг солилцооны дундын систем ашиглан баримт бичгийг цахимаарсолилцох нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн захиргааны болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудад, төрийн үйл ажиллагааны шаардлагагүй алхмуудыг багасгах, цахимаар мэдээлэл солилцох талаар хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нарт үүрэг болголоо.
Төрийн бүтээмжийн хорооны ажлын албанаас 2023 оны төсвийн гүйцэтгэлийн талаар шилэн данснаас авсан тоон мэдээлэлд үндэслэн яамдын бичиг хэргийн зардлыг тооцсон судалгаагаар нэг яамны жилийн дундаж зардал 44,1 сая төгрөг буюу 15 яамны бичиг хэргийн нийт зардал 662,3 сая төгрөг, 14 яамны шуудан, холбоо, интернэтийн төлбөрт зарцуулсан нийт зардал 574,2 сая төгрөг, дундаж зардал 41,0 сая төгрөг болсон байна.
Мөн яамдын албан хэрэг хөтлөлтийн шат дамжлагыг тооцож үзэхэд албан бичгийг хянуулж албажуулахад 1-3, шуудангаар Улаанбаатар хот дотроо хүргүүлэхэд 1-2, орон нутагт долоон өдөр зарцуулдаг байна.
Түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн санал, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу 30 хоногт шийдвэрлэж, хариу мэдэгдэх ёстой ч иргэн, хуулийн этгээдийн санал, хүсэлтийг төрийн байгууллага хүлээн аваад нийт 4-5 шат дамжлагыг дамжин, 4-10 өдрийг зарцуулж байж хариуцсан мэргэжилтэнд очиж, шийдвэрлэх ажиллагаа руу шилждэг байна. Энэ нь санал, хүсэлтийг 30 хоногт амжиж шийдвэрлэхгүй, шийдвэрлэлтийн хугацааг сунгах, эсхүл буцаах хүртэл арга хэмжээ авч, ажиллагаа бүрдцаасны хэрэглээг тэр хэмжээгээр нэмэгдүүлж байна.
Тод мэдээ
"Байр түрээслүүлнэ” гэж иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэмэгдэж байна
Их, дээд сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбоотой орон нутгаас Улаанбаатар хотыг зорих оюутан залуусын хөдөлгөөн нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн "байр түрээслүүлнэ” гэх нэрийдлээр иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэмэгдэж байна.
Цахим орчинд нийтлэгдэж буй орон сууц худалдах, байр түрээслүүлэхтэй холбоотой 430 гаруй зарын 30 орчим хувь нь худал мэдээлэл агуулсан, залилах гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдлоо.
Энэ оны эхний 7 сарын байдлаар цахим орчинд "Түрээсийн үйлчилгээ"-тэй холбоотой 143 гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Иймээс иргэд та бүхэн
- Байр түрээсийн төлбөрөө урьдчилж шилжүүлэхгүй байх,
- Түрээсийн гэрээг заавал нотариатаар баталгаажуулах,
- Байрны улсын бүртгэлийн гэрчилгээ болон өмчлөх эрхийн лавлагааг нягтлах шаардлагатайг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
- Хямд үнэтэй яаралтай төлбөр нэхсэн түрээсийн байрнаас болгоомжилж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.
Тод мэдээ
Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор Гашуунсухайт хилийн боомтын “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал”-ын ухаалаг гарцаар Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан нүүрс тээвэрлэх жолоочтой тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, тээврийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах эрчим хүчний нүүрсний үнийг зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд нийцүүлэн өөрчлөх, Гаалийн бүрдүүлэлт хийх, улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих ажлыг цахимжуулахыг даалгалаа.
Манай улсад гадаад худалдаа эрхлэгчийн бүрдүүлж байгаа маягтуудаас гаалийн мэдүүлэгт хамгийн их буюу 116 төрлийн, улсын бүртгэлийн гэрчилгээ хамгийн цөөн буюу найман төрлийн мэдээллийг агуулдаг. Экспортын үйл ажиллагаанд 40 гаруй бичиг баримт бүрдүүлж байгаагаас зарим тохиолдолд дунджаар 6-12 удаа давхардуулан шаардаж байна.
Гадаад худалдаанд тулгарч буй эдгээр хүндрэлүүдийг цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн боловч системийн санхүүжилттэй холбоотойгоор ажил удааширчээ. Иймд санхүүжилтийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, худалдан авах ажиллагааг яаралтай эхлүүлэх үүрэг өглөө.
Хилээр экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээний дээж өгөх, хариу авах үйл ажиллагаа нь голчлон Улаанбаатар хот дахь Гаалийн төв лабораториос хамаарч байгаа нь экспортыг удаашруулах нэг хүчин зүйл болж байна. Тухайлбал, нүүрсний дээжийг гаалийн төв лабораторид өгөөд хариу авах хүртэл дунджаар долоо хоног, хамгийн ихдээ 35 хоног хүртэл зарцуулж байна. Мөн хилийн Гашуунсухайт боомт дахь шинжилгээний лабораторийн барилгын ажил дуусаж, тоног төхөөрөмжүүд бэлэн болж байгаа ч үйл ажиллагаа эхлээгүй байна. Иймд тус тогтоолоор мөн,
- Гаалийн Төв лабораторид шинжлэх нүүрсний дээжийг 48 цагийн дотор магадлан шинжилгээний дүгнэлтийг гаргах боломжийг 2025 оны наймдугаар сард багтаан бүрдүүлэх,
- Гашуунсухайт боомтын гаалийн салбар лабораторийг 2025 онд багтаан ашиглалтад оруулах,
- Бусад боомтын лабораторийг ашиглалтад орох хүртэл хугацаанд хувийн компаниудын лабораторийн мэдээллийг гаалийн мэдээллийн системд 2025 оны гуравдугаар улиралд багтаан холбох ажлуудыг хийж гүйцэтгэхийг Гаалийн ерөнхий газар болон холбогдох бусад байгууллагуудад үүрэг болгов.
Тод мэдээ
Засгийн газрын агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоог 54-өөр цөөлөв
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газраас “Цомхон, чадварлаг, бүтээмжтэй” төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, удирдах, гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангаж чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны шат дамжлагыг цөөлөх, албан хаагчдын ажлын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Агентлагуудын удирдлага, зохион байгуулалтын ерөнхий бүтэц, газар, хэлтсийн тооны харьцаа, нэршил, бүтцийн нэгжид ногдож буй орон тооны мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн тоо, нэршлийг тогтоож, Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Тус тогтоол батлагдсанаар агентлагуудын нийт орон тоо 300-аар, үүнээс газар, хэлтэс, албаны даргын орон тоо 54-өөр буурч, цалин хөлсний зардал жилд 10 орчим тэрбум төгрөгөөр хэмнэгдэх боломжтой болж байна.
-
Тод зураг2020/01/06
Нийтийн тээврийн автобуснуудад суурилуулсан дүрс бичлэгийн камераар баримтжуулан...
-
Тод мэдээ2023/06/21
МИАТ ТӨХК-өөс мэдэгдэл гаргалаа
-
Тод мэдээ2024/05/02
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохо...
-
Өнөөдөр2024/05/22
Тавдугаар сарын 25-нд зам хаах зураглал