Тод мэдээ
Охид, эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр Хүмүүнлэгийн дэд кластерийг байгуулах талаар санал солилцлоо
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч ноён Пио Смиттэй албан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч ноён Пио Смитт хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, тогтвортой амжиргаа, тэдний оролцоог хангасан хөгжлийн асуудлаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг өндрөөр үнэлж, "Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулган"-ыг Монгол Улсад амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийллээ.
Харин Шадар сайд С.Амарсайхан 2023-2024 оны зудын гамшгийг даван туулахад НҮБ-ын Хүн амын сангаас үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжид талархаж байгаагаа онцлон тэмдэглэсэн юм.
Талууд цаашид гамшгийн үеийн нийгмийн хамгаалал, жендерт суурилсан хүчирхийлэл, охид эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр Хүмүүнлэгийн дэд кластерийг байгуулах талаар санал солилцлоо.
Мөн гамшгийн үед яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнд олон нийтийг чадавхжуулах, гамшгийн үеийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх чиглэлд үе шаттай сургалтуудыг зохион байгуулж ажиллахаар харилцан тохиролцов гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Тод мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн
Малчид иргэдэд зориулсан мэдээ: 2026 оны нэгдүгээр сарын 1-3-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2025 оны 12-р сарын 31-ний 20 цагаас 2026 оны нэгдүгээр сарын 01-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас, салхи: Ихэнх нутгаар цэлмэг, зөөлөн салхитай.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 35-40 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 29-34 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 12-17 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр 23-28 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, Говь-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 32- 34 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай.. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
2026 оны нэгдүгээр сарын 2-6-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 1-р сарын 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
Тод мэдээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр олгодог.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, тэтгэмжийг 20 хувиар, бусад тэтгэвэр, тэтгэмжийг 8.6 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан.
Нийгмийн халамжийн тухай хуульд “Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тухайн үед мөрдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасныг үндэслэн 2026 оны батлагдсан төсөвт багтаан нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дараах байдлаар олгохоор шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 насанд хүрсэн одой иргэнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг сард 478000 төгрөгөөр, 65 насанд хүрсэн иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох нийгмийн халамжийн бусад тэтгэврийн хэмжээг 432000 төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 330000 төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 484000 төгрөгөөр тогтоолоо.
Тод мэдээ
Инженерийн олон улсын сургууль байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд болов.
Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна.
Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын бүсэд байгуулах Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар- Инженерийн олон улсын сургуулийн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эхний ээлжийн барилгажилтын төсөл болон инженерийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг 2026 эхлүүлнэ.
-
Чөлөөт бүс2021/12/09
Койн худалдан авахдаа гаргадаг 5 алдаа
-
Өнөөдөр2020/03/27
Сөүл, Токиогоос гурван удаагийн тусгай нислэгээр 750 иргэнээ эх орондоо авч ирнэ...
-
Тод мэдээ2021/10/28
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явцын талаар танилцуулав...
-
Чөлөөт бүс2019/08/22
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр баталлаа
