Үйл явдал
Ерөнхийлөгч Х.Баттулга "Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зарлиг гаргалаа
Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргалаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 07/05 дугаар зөвлөмжийг үндэслэн ЗАРЛИГ болгох нь:
Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосугай:
1.1. Шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн Аравдугаар зүйлийн 10.1 дэх заалтад заасан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх шийдвэр гаргах.
1.2. Олон улсын хол хориот болон халдварт бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тархаахгүй байх, таслан зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай журамлаж, мөрдүүлэх.
1.3. Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах.
1.4. Дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх.
2. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүргээ ухамсарлан, нийтийн эрх ашгийг эрхэмлэхийг нийт ард иргэдэд уриалсугай” гэжээ.
Үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
“Илгээлт-2100” хөтөлбөр 2021 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд дэлхийн түвшний боловсрол эзэмшсэн, мэдлэг чадвартай, бүтээлч, манлайлагч ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой юм. 2026-2027 оны хичээлийн жилд тус хөтөлбөрийн хүрээнд нийт 1355 суралцагч гадаадын их, дээд сургуульд суралцаж байна. Үүнээс Улаанбаатар хотоос шалгарсан 70 суралцагчаас энэ онд 32 нь гадаадын их, дээд сургуулийг амжилттай төгсөж, эх орондоо ирээд байна. Тэдгээр төгсөгчдийн 18 төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцлоо.

Уулзалтын үеэр төгсөгчид хаана, ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцсан туршлагаа хуваалцаж, эх орондоо ажиллах, мэргэжлээрээ хөгжих хүсэл зорилгоо илэрхийлэв. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудад ажиллах боломж, залуу боловсон хүчнийг дэмжих бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Төгсөгчдийн дунд төрийн болон нийслэлийн харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар мэргэжлээрээ ажиллаж буй залуус байна. Гадаадад эзэмшсэн мэдлэг, ур чадвараа төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь хөтөлбөрийн үр өгөөж бодитоор хэрэгжиж буйн илрэл гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан онцоллоо.
Тэрбээр “Та бүхэн гадаадад суралцах хугацаандаа дэлхийн боловсролын тогтолцоо, ажлын арга барил, шинэ технологи, соёлтой танилцаж, үнэ цэнтэй мэдлэг, туршлага хуримтлуулсан. Одоо түүнийгээ эх орондоо хэрэгжүүлж, бодит үр дүн гаргах чухал үе ирж байна. Ялангуяа Улаанбаатар хотын хөгжилд мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг, олон улсын харилцаа зэрэг олон чиглэлийн чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Иймд нийслэлийн зүгээс та бүхний эзэмшсэн мэдлэг, ур чадварыг хотын салбаруудын хэрэгцээтэй уялдуулж, мэргэжлээрээ ажиллах, өсөн дэвших боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана” гэв.


Үйл явдал
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Үйл явдал
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Дэлхий нийтээр..2024/10/25
Хамтын ажиллагааны талаар санал солилцов
-
Хэн юу хэлэв...2026/05/28
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
-
Үйл явдал2022/10/07
Автобензиний импорт үнийн дүнгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 1.9 дахин өсөв
-
Дэлхий нийтээр..2026/01/27
Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг НИ...
