Хэн юу хэлэв...
Ё.Баатарбилэг: Энэ бүх зохицуулалт хүүхдийн төлөө, тэдний сурч боловсрох эрхийг орхигдуулахгүй байхын төлөө
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 19-ний өдөр болж, шинэ коронавирусний дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа.
Хорио цээрийн дэглэмийг үргэлжүүлэх болсонтой холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг боловсрол болон бусад салбарт авах зохицуулалт арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Боловсролын салбарт:
1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг хойшлуулж, сунгахгүй. Өөрөөр хэлбэл цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 01-ний өдрөөс, VI-XII ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн амарна.
2. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 3 дугаар улирлаар амрахгүй үргэлжлүүлэн хичээллэнэ. Мөн 4 болон 5 дугаар сарын бүх Бямба гарагуудад хичээллэх зохицуулалт хийнэ.
3. Анги дэвших болон төгсөх шалгалтын 7 хоногийг хичээлийн 7 хоногт шилжүүлж, шалгалтыг хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд багтаан зохион байгуулна.
4. Үлдсэн 2 долоо хоногийн хичээл, сургалтын агуулгыг “Теле хичээл”-ээр зохион байгуулах зохицуулалт хийнэ. Мөн Теле хичээлээр заасан шинэ агуулгыг бататгах 1 долоо хоногийн хичээлийг бэлтгэнэ. Өнөөдрийн байдлаар 500 гаруй цагийн 6700 минутын Теле хичээлийг бэлтгэн, телевизүүд 4 долоо хоногийн турш нэвтрүүлж байна.
5. Сургуулийн өмнөх боловсролд Теле хичээл, хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулагдана.
6. Төрийн өмчийн их, дээд сургуулиуд Боловсролын удирдлага мэдээллийн систем /БУМС/-ээр оюутнуудын цахим хичээлийн сонголт, хичээлийн явц, оролцоог хянаж байна. Хорио, хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг сунгах тохиолдолд хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг сунгахгүй.
7. Элсэлтийн ерөнхий шалгалтыг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их дээд сургуулийн элсэлтийг VI сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна.
Соёл, шинжлэх ухаан, спортын салбарт:
1. Телевиз, радио, интернэтэд суурилсан уран бүтээл, шилдэг контентыг урын сангаараа дамжуулж олон нийтэд хүргэх хөтөлбөрийг боловсруулж, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
2. Улсын хэмжээнд төлөвлөгдсөн спортын тэмцээн, наадам, сургалт, олныг хамарсан үйл ажиллагаа болон нийтийг хамарсан биеийн тамир, спортын аливаа үйл ажиллагаа, сургалт, семинаруудыг бүрэн зогсоосон зөвлөмж чиглэлийг үргэлжлүүлнэ.
3. Үндэсний шигшээ багаас бусад спортын секц, дугуйлан хичээллүүлэхийг хориглох, олимпийн эрх, оноо олгох тэмцээнээс бусад олон улсын тэмцээнд баг тамирчид оролцохгүй байх зохицуулалт үргэлжилнэ.
4. Шинжлэх ухаан, инновацийн салбарт төсөв, санхүүтэй холбоотой хүндрэл үүсэхгүй, өмнө нь хэрэгжүүлж байсан зөвлөмж, чиглэлийн хэрэгжилтийг сайжруулна гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр мөн "4, 5 дугаар сард багш сурагчид аль аль нь ачаалалтай байх болно. Эцэг эхчүүд ойлгож, багш болон хүүхдэдээ дэм тус болоорой. Энэ бүх зохицуулалт хүүхдийн төлөө, тэдний сурч боловсрох эрхийг орхигдуулахгүй байхын төлөө хийж байгааг ойлгохыг хүсье" гэлээ.
Эх сурвалж: БСШУСЯ
Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч Александер Дийркс Дрезден хотноо бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Саксонийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын хэлхээ холбоо нь манай хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, үнэт өв болдог гэдгийг тэмдэглэв.
Энэхүү түүхэн уламжлалыг эдүгээ цагт үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Саксонийн шилдэг их сургуулиудад олон залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж буйг онцоллоо.
Мөн нэгэн зууны тэртээгээс Саксони муж улсыг зорин ирсэн оюутан залуусыг үеийн үед элэгсэг дотноор хүлээн авч ирсэн Саксони муж улсын ард иргэдэд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дрезден хотын хүндэт зочны дэвтэрт хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зурлаа.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
