Үйл явдал
ТББХ: “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Тогтоолын төслийн талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Тэрбээр, Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар тогтоолд “төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх”-аар тус тус заасан.
Гэвч Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлахдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг тусгалгүй орхигдуулсан хэмээлээ.
Сайд Д.Дэлгэрсайхан, ОХУ, БНХАУ болон төмөр замын чиглэлээр идэвхтэй харилцдаг бусад улс орнууд төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хяналт зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хэрэгжүүлэгч агентлаг буюу Төмөр замын газартай байдаг. Манай улс хөрш орнуудтай ижил түвшний байгууллага байхгүй, тус үүргийг “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэг гүйцэтгэсээр ирсэн гэлээ.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж хэрэглэгчийн тоо өссөн бөгөөд 2007 онд хууль батлагдаж байх үед суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нэг байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч 4, тээвэрлэгч 4, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүний эзэмшигч 250 орчим болж нэмэгдэн, төмөр замаар тээвэрлэсэн ачааны хэмжээ 14.8 сая тонн байсан бол 2024 оны байдлаар 42.5 сая тонн болж 2.8 дахин өсчээ. Энэ салбарт нийт 15 мянга орчим хүн 1115 км замыг хариуцан ажиллаж байсан бол ойрын үед хэрэгжихээр шийдвэр гарсан төмөр замуудтай нийлээд сүлжээний нийт урт 4200 км болж 3.7 дахин өссөн байна. Энэ хэрээр ажиллах хүчний тоо 50 мянга болж 3.3 дахин нэмэгдэх тооцоолол гарч байгааг сайд тодотгосон.
Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдах Төмөр замын газар нь өсөн нэмэгдсээр байгаа тээврийн хэрэгцээг хангах, төмөр замын суурь бүтцүүдийн галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон тээвэрлэгч хоорондын харилцааг зохицуулах, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэх, төмөр замын чиглэлийн судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан, технологи, инновацыг нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төмөр замын салбарт мөрдөх дүрэм, журам, стандартыг боловсронгуй болгох, төмөр замын тээврийн үйлчилгээнд оролцогч олон өмчийн хэлбэрийн хуулийн этгээдийн зах зээлийн өрсөлдөөний тэгш байдлыг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг байгуулахдаа Зам, тээврийн сайдын 2025 оны төсөвт багтаан “Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв” улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, Зам, тээврийн яамнаас агентлагийн чиг үүргийг хэрэгжүүлдэг тодорхой тооны орон тоог шилжүүлэх замаар улсын төсөвт дарамт учруулахгүйгээр байгуулахаар төлөвлөсөн байна.
Хэлдэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.
Мөн хуралдаанаар “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт гараагүй бөгөөд УИХ-ын гишүүдээс гаргасан төслийн нэрийг өөрчлөх, зарим заалтыг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Үйл явдал
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Түүхий тос дамжуулах 527 км хоолойн ажил 90 орчим хувьтай, үйлдвэрийн технологийн байгууламжуудын барилга угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалт ид өрнөж байгаа тухай “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулав.
Тухайлбал, үйлдвэрийн хамгийн чухалд тооцогдох эх байгууламжууд болох “Атмосферийн нэрлэгийн цамхаг”-ийг өнгөрсөн тавдугаар сард, “Вакуум нэрлэгийн цамхаг”-уудыг долоодугаар сард тээвэрлэн авчирч, угсарч эхэлжээ.
Түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах 276,430 метр.куб багтаамжтай агуулах сав барьж, 263 км ил, 26 км далд шугам хоолойг гагнаж суурилуулж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гарган, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн.
Газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ ханган, улмаар экспортлогч орон болох нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолтой салшгүй холбоотойг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож байгаа хоёр орны бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийлэв.
Стратегийн чухал ач холбогдолтой энэ үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө төр, засаг бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгийг Ерөнхийлөгч хэллээ.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ “Ерөнхий сайд Нарендра Моди, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын манлайлал дор хэрэгжиж байгаа төслийн явц 60 хувьд хүрсэнд сэтгэл хангалуун байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс эрчим хүчний аюулгүй байдлаа хангаж, бензин, шатахууны хэрэгцээг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх чухал ач холбогдолтой. Миний хувьд төслийн явцтай газар дээр нь байнга ирж танилцдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч ирсэн нь төслийн бүтээн байгуулалт улам эрчимжихэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Газрын тос боловсруулах үйлдвэр бол дэлхийн нефть-химийн аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгчдийн патенттай, орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий үйлдвэр юм.
Боловсруулах үйлдвэрээс гадна дулааны цахилгаан станц, цахилгаан дамжуулах олон зуун км шугам, дэд станц, агуулах сав резервуарын парк, тээвэр логистикийн дэд бүтэц, ус дамжуулах хоолой, ачих буулгах эстакад зэрэг байгууламжаас бүрдсэн хүнд аж үйлдвэрийн цогцолбор гэж болно.
Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар 4,500 инженер, техникийн ажилтан гурван ээлжээр, 24 цаг тасралтгүй ажиллаж байна.
Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, улсын газрын тосны хэрэгцээний 55 хувийг хангана. Үүнээс гадна 824 мян.тн дизель, 396 мян.тн АИ95 бензин, 80 мян.тн онгоцны түлш, 17 мян.тн зуухны түлш, 27 мян.тн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэх юм.
Үйлдвэр ашиглалтад орсноор 850-900 ажлын байр шинээр бий болно.
Үйл явдал
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна
Төлөөлөгчид парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, хууль тогтоох үйл явц дахь жендэрийн тэгш байдлыг хангах талаар хэлэлцэж, санаа бодол, туршлага, мэдлэгээ хуваалцан, хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулга уулзалтад оролцогсдод мэндчилгээ дэвшүүлснийг Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт олон улсын эмэгтэй парламентчид аа,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
“Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д оролцохоор өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Найман зууны тэртээ Монголын эртний нийслэл Хархорум хотод өрнө, дорнын элч, төлөөлөгчид хуран чуулж, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлэх, шашин хоорондын ойлголцлыг дэмжих, чөлөөт худалдаа, арилжааг өргөжүүлэх талаар хэлэлцэж байсан тухай түүхийн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Үүний нэгэн адил дэлхий дахины энх тайван, аюулгүй байдал, хүний эрх, хөгжил дэвшлийн асуудлыг хэлэлцэн ярилцахаар дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт эмэгтэй парламентчид, зочид, төлөөлөгчид Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өнөөгийн дэлхий ертөнцийн амар амгалан, аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх ёсыг сахиулах, хөгжлийг тэтгэхэд дэлхийн улс орнуудын эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо, манлайлал нэн чухал байна.
Улс орны парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр хүчирхийлэл, хүний эрхийн зөрчил, дайн тулаан, тэмцэл мөргөлдөөн гарах магадлал багасдаг болохыг судлаачид нотолдог.
Мөн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн чадавхыг сайжруулах, нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зэрэг бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэй хууль тогтоогчид илүү их үүрэг гүйцэтгэх учиртай.
Тиймээс хүйсийн тэгш бус байдлаас ангид дэлхий ертөнцийг бий болгох нэгдмэл зорилгын хүрээнд эмэгтэй удирдагчдын манлайлал, түншлэлийг хөгжүүлэхийн төлөө энэ чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.
Эмэгтэйчүүд нь хууль тогтоох, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн бодлого тодорхойлох, төсөв батлах, нөөц хуваарилах, Засгийн газарт хяналт тавих бүхий л түвшинд эрх тэгш оролцож байж, эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах үйл явцад бодит утгаараа нөлөөлөл үзүүлж чадах болно.
Эмэгтэйчүүд шийдвэр гаргах үйл явцад тэгш эрхтэй оролцох үед институцууд илүү хүртээмжтэй, бодлого илүү хариуцлагатай болж, нийгэм илүү уян хатан болдог.
Монгол Улс одоогоос 100 гаруй жилийн тэртээ баталсан анхдугаар Үндсэн хуульдаа эрэгтэй, эмэгтэй хүн эрх тэгш хэмээн үзэж, эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хүлээн зөвшөөрч, сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхдагч улс болсон билээ.
Манай улс энэ түүхэн уламжлалаа улам бүр баяжуулан хөгжүүлж, үндэсний хэмжээнд салбар бүрд, бүх түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлж, бүс нутагтаа манлайлал үзүүлэн ажиллахыг зорьж байна.
Монгол Улсын 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан Улсын Их Хурлын 76 гишүүний гурав нь эмэгтэй байсан бол 2024 оны сонгуулиар парламентын 126 гишүүн дотор 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүдийн 25.4 хувийг эзлэх болсон нь манай улсын түүхэн дээд үзүүлэлт юм.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд дэлхий нийтэд жендэрийн тэгш байдлыг ахиулах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх төлөөлөл болон нөлөөллийг нэмэгдүүлэх үйл хэрэгт улс орнуудын хамтын ажиллагааг дэмжихэд идэвхтэй хувь нэмрээ оруулж ирсэн.
Тухайлбал, 2022 онд Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурал, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, 2025 онд Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.
Монгол Улсын энэ санаачилга, манлайлал нь өнөөдөр дэлхийн улс орнуудын ард түмний төлөөллийн дээд байгууллага болох парламентын түвшинд үргэлжилж байгаа нь онцгой ач холбогдолтой юм.
Монгол Улс нь харилцан хүндэтгэл, яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг тууштай дэмжиж ирсэн орны хувьд цаашид эмэгтэйчүүдийн манлайлал, тэгш оролцоог бэхжүүлэх олон улсын найдвартай түнш, бат бөх гүүр байх болно.
“Шийдвэр гаргах үйл явц дахь төлөөллөөс-нөлөөлөлд” сэдэвт энэ чуулга уулзалтаас гарах санал зөвлөмж, бодлогын баримт бичиг нь эмэгтэйчүүд зөвхөн төлөөлөлтэй байхаас гадна улс үндэстэн, хүн төрөлхтний ирээдүйг тодорхойлох шийдвэрт бодитоор нөлөөлөх боломжийг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Жендерийн эрх тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь хүний эрхийн салшгүй хэсэг, ардчиллын үндсэн шалгуур гэдгийг бүх нийтээрээ гүнээ ухамсарлаж, амар амгалан, эв нэгдэлтэй дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө хамтран ажиллацгаая.
Аливаа улс үндэстний эв найрамдал, хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал байдаг билээ.
Үүний нэгэн адил улс орнуудын эмэгтэй удирдагчид Та бүхний оролцоо манлайлал, ухаалаг бодлого, хамтын ажиллагаа хүн төрөлхтний амар амгалан, даян дэлхийн энх тайван, улс гүрнүүдийн хөгжил дэвшилд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч итгэл төгс байна.
Амьдралын эх, амжилтын үндэс болсон эрхэмсэг бүсгүйчүүд Та бүхэнд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бүхнийг өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсэн ерөөе” гэлээ.
Үйл явдал
Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026 оны ургацын баланс эерэг гарч, 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100, хүнсний ногооны 70 орчим хувийг хангах төлөв гарчээ. Улсын хэмжээнд үр тарианы ургац хураалт 70, төмснийх 90, хүнсний ногооных 70, тэжээлийн таримлынх 50, тосны ургамлын ургац хураалт 30 орчим хувьтай байна.
“Энэ жил газар тариалангийн түүхэнд хамгийн өндөр ургац хураан авах гэж байна. 1988 оны ургацын амжилтыг эвдсэн жил болж байна” гэж Сэлэнгийн тариаланчид Ерөнхий сайд Н.Учралтай уулзах үеэрээ ярьж байлаа.
Мөн “Төр, засгаас анхаарч шатахуун тосоор хангаж, ургацаа хураан авч байна. Засгийн газар 100,000 тонн улаанбуудайн нөөц бүрдүүлж буй нь маш зөв бодлого” гэж Монгол Улсын гавьяат механикжуулагч Б.Ганболд хэлэв.

Газар тариалангийн салбар байгаль цаг уур, түлш шатахуун, эрчим хүч, техник тоног төхөөрөмж, зам тээвэр, ажиллах хүч зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай тул Засгийн газраас онцгойлон анхаарч, бодлогын дэмжлэг үзүүлж байна. Тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтад зориулж Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээл олгож, санхүүгийн дарамтыг бууруулах, тариалангийн гаралтай бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулахад анхаарч ажиллаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд цаашид цаашид;
-Хүнсний улаанбуудайн болон дотоодын ургацаас хураан авч зах зээлд борлуулсан хүнсний ногоонд урамшуулал олгох;
-Атар-IV аяны хүрээнд Засгийн газраас хариуцан төлөх зээлийн хүүгийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх;
-Тэжээлийн таримлын үр үржүүлэх, ган өвчин хортонд тэсвэртэй сортын нөөц бүрдүүлэх;
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тариалан эрхлэгчдэд тариалангийн үйлдвэрлэлийн технологит хугацаанд зөвлөн туслах үйлчилгээ нэвтрүүлэхэд Засгийн газраас дэмжиж ажиллана гэлээ.

Энэ онд тариалан бүхий 880 иргэн, аж ахуйн нэгжид 138.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны долоон банкаар дамжуулан олгожээ.
Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарчээ.

