Тод мэдээ
Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч бүртгүүлжээ
Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Монгол хэл бичгийн шалгалтын дэвтэр дээр хөх цэнхэр өнгийн үзгэн балаар бичнэ. Балаа өөрсдөө авчрахыг анхаарна уу. Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.Үүнд:
10-12 ангийн сурагчид
- Бүртгэлийн хуудас
- Суудлын хуваарь
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ
Өмнөх оны төгсөгчид
- Бүртгэлийн хуудас
- Суудлын хуваарь
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ./
Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг.
Монгол хэл бичгийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут байна. Шалгалтын дүн оноог ажлын 15 хоногийн дараа нийтэд зарлана.
Тод мэдээ
Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагджээ
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага” болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”-т нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзварыг байгуулахаар төлөвлөсөн.
Тус төслийг Нийслэлийн замын хөгжлийн газар хариуцан ажиллаж буй. Уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах хүрээнд тус газраас Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, ХУД-ын 23-р хороо НЗДТГ-ын ард Наадамчдын замд явган хүний гүүрэн гарц, БЗД 42-р хороо Нарт хотхоны зүүн далан дээр гүүрэн байгууламж гэсэн таван байршилд ажлын даалгавар шинэчлэн батлуулаад байна.
Үүнээс Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагдсан бол өөрчлөгдсөн байршил болох Нарт хотхоны зүүн далангийн гүүрэн байгууламжийн загвар зургийг боловсруулан дуусч зөвшилцөх шатандаа явж байна. Наадамчдын замд явган хүний гүүрэн гарцын загвар зураг боловсруулах ажил үргэлжилж байгаа юм. Мөн инженерийн шугам сүлжээний асуудлыг холбогдох байгууллагууд руу техникийн нөхцөл хүссэн албан бичиг болон холбогдох материалуудыг хүргүүлэн хүлээгдэж байна. Нарийвчилсан зураг төслийн ажил 35%-тай үргэлжилж байгаа аж.
Төсөл хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 18.3 хувиар нэмэгдэх судалгаа гарсан. Түүнчлэн автомашины урсгалыг хөнгөвчлөх, нийслэлчүүдийн цагийн хэмнэлт, ажлын бүтээмжид эерэг нөлөө үзүүлж, хотын эдийн засгийн идэвхжлийг бодитойгоор нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой.
Тод мэдээ
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилт хийж байна
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбогдох ажлуудыг хэрэгжүүлж байна.
Тухайлбал, энэ сараас Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өглөөний 8:00-9:00 цаг, оройны 20:00-21:00 цагуудад дрон нисгэж, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдийн яндангаас гарах утааг хянах, агаарын бохирдлын нөхцөл байдлыг хэмжиж байна.
Хяналтын дрон нь нэг ээлжийн нислэгт 3-4 км радиуст хяналт хийх бүрэн боломжтой.
Цаашид хяналт судлах ажлыг өргөжүүлэн агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай уялдуулан хөгжүүлэх юм.


Тод мэдээ
Нийслэлд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн талаар хэлэлцэж, үүрэг чиглэл өглөө
НИТХ-ын 25/111 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын хөгжлийн бодлого бүхий бүтээн байгуулалтын төслүүдийг эрэмбэлэн эхний ээлжинд 16 төслийг шуурхай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр төсөл нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан, дийлэнх төслийн ТЭЗҮ-ийг баталж, мөн зарим төслийн бүтээн байгуулалт эхэлсэн.
Тухайлбал, Хүннү хот төслийн цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн ажлууд өрнөж байна. “Хүннү” /Аэросити/ дэд станц нь тус хотын Засаг захиргааны бүсэд баригдах барилга байгууламж, бүтээн байгуулалтыг цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөгдсөн бөгөөд 110 кВ-ын ЦДАШ, 2*40 МВА чадалтай 110/35/10 кВ-ын "Хүннү" дэд станц, дэд станцын удирдлагын байр,10 кВ-ын хаалттай 3 хуваарилах байгууламж / РП-1, РП-2, РП-3/, 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Нийслэлийн замын хөгжлийн газар хариуцан ажиллаж буй “Олон түвшний уулзвар” төслийн хувьд, Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, Хан-Уул дүүргийн 23-р хороо НЗДТГ-ын ард Наадамчдын замд явган хүний гүүрэн гарц, Баянзүрх дүүргийн 42-р хороо Нарт хотхоны зүүн далан дээр гүүрэн байгууламж гэсэн таван байршилд ажлын даалгавар шинэчлэн батлуулаад байна.
“Лаг шатаах үйлдвэр” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Энэхүү төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж, энэ хүрээнд зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалт татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг хүлээн авсан. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу хэлэлцээ хийхээр бэлтгэж байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Засгийн газрын хуралдаанаар багш, эмч нарыг орон сууцанд хамруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд нийслэлд хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдийг Засгийн газрын бодлого, шийдвэртэй уялдуулах талаар судалж ажиллах шаардлагатай”-г тодотгон, төслүүдийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн холбогдох албаны хүмүүст тодорхой үүрэг чиглэл өглөө.
-
Өнөөдөр2020/11/25
Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Тод индэр2023/02/01
Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжицгээе
-
Өнөөдөр2021/03/09
Өнөөдөр 15391 хүнийг вакцинжуулна
-
Тод мэдээ2021/05/14
Л.Оюун-Эрдэнэ: Сэлэнгэ, Дарханыг Уул уурхайн эдийн засгийг орлохуйц мал, аж ахуй...
