Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцэв.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор улируулан томилох асуудлыг зөвшилцөхөөр саналаа Улсын Их Хуралд хүргүүлж байна гэв.
Банзрагчийн Жаргалсайхан 1964 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II дунд сургуулийг, 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн хуулийн салбарыг хуульч мэргэжлээр төгссөн. Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэг дэвтэй.
Б.Жаргалсайхан нь прокурорын байгууллагад нийт 37 жил ажилласан бөгөөд 1988-1996 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор, хяналтын прокурор, туслах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2009-2011 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч даргаар тус тус ажилласан. 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, 2019 оноос Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байгаа гэв.
Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтын тусгай шаардлага болох хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таваас дээш насны, прокуророор ажиллаж байгаа хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн томилно гэсэн тусгай шаардлагыг хангасан тул Б.Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Дараа нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг Байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Ерөнхий прокурорыг томилох тухай Улсын Их Хуралтай зөвшилцөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 75.0 хувь нь дэмжсэнийг онцлов.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, О.Батнайрамдал, С.Эрдэнэболд, Б.Энхбаяр, Х.Баасанжаргал, Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, Ц.Даваасүрэн, Х.Ганхуяг, Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар, Д.Пүрэвдаваа, Ж.Батжаргал, С.Бямбацогт, Х.Баасанжаргал, Ж.Баясгалан, С.Замира, Р.Эрдэнбүрэн, Б.Жаргалан, Н.Номтойбаяр, Б.Батбаатар, Ц.Идэрбат, Ц.Баатархүү, Г.Дамдинням нар асуулт асууж, үг хэлэв.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр прокурорын байгууллагын хариуцлага нэн өндөр болж байгаа. Өнгөрсөн парламентын сүүлийн хагаст авлига, албан тушаалтай холбоотой хэргүүдийн шүүх хурал нээлттэй, ил тод байх хуулийг баталсан. Энэ хүрээнд Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар манлайлж, шүүх хуралдааныг цахимаар шууд дамжуулдаг болсон нь том үр дүн гэдгийг онцлоод прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хариуцлагажуулах, дотоод ардчиллыг дээшлүүлэх, бэхжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч хамтарч ажиллахад ямар байр суурьтай байгаа талаар лавлав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүхийн шинэчлэлтэй холбоотой тодорхой хуулиуд баталсан. Энэ хүрээнд шүүх эрх мэдлийн бүрэлдэхүүн болсон прокурорын шинэчлэлийн асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Тамгын газар Улсын Их Хурал болон бусад байгууллагыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн хэмээн хариулсан.
Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Улсын хэмжээнд жилдээ нийт хэчнээн гомдол, маргааны санал ирдгийн хэдэн нь хэрэг бүртгэл болж, цаашлаад үүнээс хэчнээн хүн яллагдагчаар татагдаж, шүүхээс гэм буруутайд тооцогддог талаар лавлав. Б.Жаргалсайхан прокурор, “Сүүлийн таван жилийн хугацаагаар авч үзэхэд гэмт хэргийн нөхцөл байдал өссөн. Тодруулбал, 2019 онд 1.0 сая орчим зөрчил гарсан бол өнөөдөр 3.3 сая болсон байна. 2024 онд 126000 гэмт хэргийн шинжтэй гомдол ирсэн. Үүнээс 74000 хэрэг бүртгэлтийн хэрэг, 28000 мөрдөн байцаалтын хэрэг байв. Нийтдээ 15969 хэрэг шүүхэд шилжиж, үүнээс 15123 хэрэг шийдэгдсэн, үлдсэн нь хүлээгдэж байна. Прокурор нотлох баримт цуглуулах яллах чиглэлийн хүн биш. 2024 онд 103 хүн цагаадсан нь прокурорын үйл ажиллагаатай холбоотой асуудал биш. Үүнийг нөгөө талаас нь харвал прокурор нь хүнийг цагаатгах нотлох баримт, гэмт хэргийн нотлох баримтыг цуглуулж шүүхэд шилжүүлдэг” хэмээн хариулав.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан энэ удаагийн парламент бүрэн эрхийнхээ хугацаанд хуулийн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийн зөрчлүүдийг арилгахад тууштай ажиллаж, шинэчлэлийг хийх эр зоригтой байхыг онцлоод энэ чиглэлд хамтарч ажиллах эсэхийг Б.Жаргалсайхан прокуророос тодруулав. Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлаас баталсан бүх хуулийг прокурорын байгууллага хэрэгжүүлж ажилладаг. Цаашдаа хуулийг хэрэгжүүлэхийн төлөө итгэл төгс ажиллана" хэмээн хариулав.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж мэргэжлээрээ олон жил ажилласан ийм хүнийг Монгол Улсын ерөнхий прокуророор ажиллуулах нь зөв гэхийн зэрэгцээ улс төрөөс ангид ажиллаж чаддаг нь өнгөрсөн хугацаанд харагдсан тул уг томилгоог дэмжиж байна гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, хуулийн байгууллагад мэргэжлийн чадварлаг сайн хүнийг томилохоос гадна шинэчлэл хийх шаардлагатай байна. Мөн Прокурорын тухай хуулийн 60.3-т тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 гэсэн байхад Төрийн албан тухай хуульд энэ насыг хуулийн 41.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна гэж тусгасан. Хуулийн ийм зөрчлийг арилгахгүй бол УИХ хоёр өөр шийдвэр гаргана. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 02 дугаар дүгнэлтээрээ шүүгчийн тэтгэврийн настай холбоотой маргааныг шийдвэрлэсэн. Хэрэв Улсын Их Хурал 60-аас дээш настай хүнийг хуулийн байгууллагын удирдлагаар томилохоор бол хуулийн зөрчлийг арилгах нь чухал гэж байлаа.
Түүнчлэн гишүүд нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ прокурорын байгууллагын дарга бол шударга ёсны манаач тул өмнөх зургаан жил ажилласан шигээ хэн нэгний нөлөөнд авталгүй, улс төрөөс ангид, хараат бусаар ажиллаж, шударга ёсны төлөө хийж буй тэмцлээ үргэлжлүүлэн үр дүнтэй ажиллахыг хүсэв. Мөн хүний эрх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарах, хууль засагладаг ардчилсан шударга төрийг байгуулах шинэчлэлийн төлөө санаачилгатай ажиллахыг захиж байлаа.
Ингээд Улсын Ерөнхий прокуророор Банзрагчийн Жаргалсайханыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 83.5 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Тод мэдээ
Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ
2025 онд олон жил шинэчлээгүй нийслэлийн гол гудамж замын явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж эхэлсэн.
Тодруулбал, энэ онд нийт 15 байршилд 186.701 ам метр талбайг байгалийн чулуун хавтангаар хучихаар төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар 102.710 ам метр талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, явган хүний замын ажлыг гүйцэтгээд байна.
Нийт ажлын гүйцэтгэл 55 хувьтай хэрэгжиж буй. Явган замын засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд 37 албан хаагч өдөр бүр хуваарийн дагуу гүйцэтгэгч компанийн ажлын явцад хяналт тавин ажилласан юм.
Мөн явган хүний замын хуучин хавтганаар гэр хорооллын нарийн гудам, гудамж талбайг тохижуулж байна. Тухайлбал, СХД-ийн 8, 15, 18, 20, 25, 27, 43 дугаар хорооны нарийн гудамжны явган замын нийт 1500 ам метр талбайг хуучин хавтангаар тохижуулаад байгаа.
Энэ онд дараах байршлуудад явган замын ажил гүйцэтгэсэн бөгөөд нийт ажлын явц 50 хувьтай байна.
- Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган хүний замын ажлыг “Бадрах инженеринг” ХХК,
- Төв шуудангийн уулзвараас талбайн хойгуур тойроод Централ таурын уулзвар хүртэл замын хойд талаар “Хэрмээдэй” ХХК
- Саппорогийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх явган хүний замын ажлыг ТАСО ХХК болон МАЗ ХХК-ийн түншлэл,
- Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэлх явган хүний замын ажлыг “Сант-Өндөр” ХХК
- Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх явган хүний замыг “Цагаан толгойн нуур” ХХК
- Маршалын гүүрнээс Централ таурын уулзвар хүртэл замын баруун талаар “Эс Эл Си Ти” ХХК
- Баруун 4 замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн 4 замын уулзвар хүртэл замын хойд талаар “Төрөлхмөрөн” ХХК
- Баруун 4 замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн 4 замын уулзвар хүртэл замын урд талаар “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв”
- Цэцэг төвийн уулзвараас хойгуураа СУИС, МУИС өнгөрөөд МУБИС-ийн уулзвар хүртэл замын хойд талаар “Сант баян бэрх” ХХК
- Цэцэг төвийн уулзвараас хойгуураа СУИС, МУИС өнгөрөөд МУБИС-ийн уулзвар хүртэл замын урд талаар “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв”
- Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэл замын хойд талаар “Люксдаймонд” ХХК
- АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл замын баруун талаар “Чингисийн мэлмий” ХХК
- Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэл замын урд талаар “Эс эм жи ти” ХХК
- АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл замын зүүн талаар “Байгаль-Алтай” ХХК явган замын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллаж байна.
Тод мэдээ
Хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ
Нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр нийт 2475 тонн шахмал түлш болон хагас коксон шахмал түлшийг борлуулж байна.
Үүнээс 1535 тонн нь мидлингэн шахмал түлш байгаа бол 940 тонн нь хагас коксон түлш байгаа юм.
Хагас коксон шахмал түлшийг 25 кг-аар савласан бөгөөд нэг шуудайг 5000 төгрөгөөр борлуулж байна.
Хэрэглэгчдийн зүгээс “Хотула” апп болон “Сайн” карт, Иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан түлшээ авах боломжтой.
Тод мэдээ
Автотээврээр 62.3 сая тонн ачаа тээвэрлэжээ
2025 оны аравдугаар сарын 5-ны байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт ачаа тээвэр 96.8 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар буурсан байна. Тодруулбал:
Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 62.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 хувиар буурсан.
Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 34.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 хувиар өссөн.
Мөн 09.29-10.05-ны өдрийн хооронд Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт өртөөрүү нийт 8 галт тэрэг, 432 вагон, 740 ачаатай чингэлэг буюу 24.8 мянган тонн нүүрс тээвэрлэсэн. Тус төмөр замаар 2025.10.05-ны өдөр хүртэл өссөн дүнгээр нийт 1.6 сая тонн нүүрс тээвэрлээд байна.
Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 7.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 хувиар өссөн байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
-
Тод зураг2020/05/18
БОАЖЯ-ны хамт олонд “Ноён уулаа аврах” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэнна...
-
Тод мэдээ2021/10/04
Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаан боллоо
-
Өнөөдөр2019/11/28
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болно
-
Тод мэдээ2020/07/24
Судалгаа, шинжилгээний ажлыг хөгжлийн бодлогын суурь болгоно